Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна | News.MN

Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна

Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна

Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэхэд оролцсон БҮЛЭГ ПРОКУРОРУУД, НОТАРИАТЧДИЙН ХЭРЭГ хаана ГАЦЧИХАВ нэртэй нийтлэлийн талаар МУИС-ийн багш Дамбадаржаагийн Янжинхорлоотой ярилцав.


– Таныг бусдын үл хөдлөх хөрөнгийг хууль бус хуурамч гарын үсэг бүрдүүлж дээрэмдсэн. Прокурорын шинэ сүлжээний толгойлогч, хонгилын гэмт хэрэгтэн гэж бичих боллоо. Мөн энэ хэрэг таны ойрын хамаатны хооронд үүссэн өс хонзон мэтээр фэйсбүүк орчинд бичсэн байсан. Энэ талаар тайлбар өгөөч?

– Энэ сэдвээр би хоёр дахь удаагаа ярихад нэг зүйлийг хэлэх хэрэгтэй болов уу. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд Д.Янжинхорлоо гэж хүнд холбогдох  ямар ч эрүүгийн гэмт хэрэг байхгүй. Эрүүгийн хэрэг Д.Янжинхорлоо гэж хүнд хэзээ ч үүсгээгүй. Хэвлэлд намайг бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлчихлаа гэж нэр хүнд рүү халдаж хэлэх хэлэхгүйгээр доромжлоод удлаа. Хуульд найдаж салбартаа итгэж үнэн зөвийг нь олох гээд явж байна. Янжинхорлоогийн хонгилын гэмт хэрэг, прокурорын сүлжээ гэгдээд буй асуудал нь үнэн хэрэгтээ зохиомол үлгэр. Хадам дүү нар намайг гурван хүүхэдтэй минь төрсөн гэрээс нь гудамжинд хөөж гаргах гэсэн сонирхлоо биелүүлэх гэж хүний санаанд багтамгүй зүйлс хийж байгаа. Бусдын хөрөнгө булаачихлаа гээд байгаа нь миний нөхөр талийгаач С.Цахиурын нэр дээрх бидний 14 жил амьдарсан гал голомт маань юм. Нөхөр минь нас барсны дараа хууль ёсны дагуу хүүхдүүд болон надад өвлөгдөн ирсэн. Өвлүүлэх үйл ажиллагаанд миний оролцоо огт байгаагүй. Цахим орчинд хүнийг гутаан доромжлох хандлага маш хүчтэй явагддаг юм байна. Хэвлэл мэдээлэл сошиал орчинг мөнгөтэй хүмүүс өөрийнхөө талд маш аймшигтайгаар ашиглаж санаснаа биелүүлдэг юм байна. Иргэдийг худал мэдээллээр төөрөлдүүлж улмаар гэмгүй хүнийг хараалгаж, зүхүүлж байгаа нь даанч муухай. Миний хүүхдүүд фэйсбүүк хэрэглэж үзэж суугаа шүү дээ. Хүүхдүүддээ сэтгэл амар байгаарай. Дөрвүүлээ эрүүл энх байхад болно оо гэж захидаг. Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэвчиж тэмцсээр 4 жил тойрч байна. Нөхрийн дүү нар ахыгаа өнгөрсний дараагаас гэр орныг минь булаана гэж шүүхэд хандах болсон. Ингэхдээ 3 жилийн турш төрсөн эцгээсээ хүлээн авах байсан өв хөрөнгийг үр хүүхдүүдэд минь шилжих асуудалд хаалт тавьж байгаа. Үнэндээ ахынхаа өнгөрөхтэй зэрэгцэж бидний байрны гэрчилгээг хулгайлж нуусан юм билээ. Хань маань нас барсны дараа дүү нар нь энэ барилгыг бүхэлд нь авахын тулд шүүхэд хандах болсон. Гал голомтоо асааж олон жил амьдарсан гэрээсээ бид чинь хөөгдөхөөр хаана очих вэ дээ. Нөхөр маань байхдаа бизнесээ удирдаж дүү нараа дагуулж ажиллаж байлаа.

– Та нөхрийнхөө талаар ярихгүй юу. Яагаад дүү нар нь ахынхаа нэр дээр байгаа хөрөнгийг ар гэрт нь өвлүүлэхийг хүсэхгүй байна вэ?

– Миний хань 1985-1991 онд тухайн үед ЗХУ-д Архитектурын дээд сургууль төгссөн. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн, маш гоё зурдаг хүн байсан. Ажилласан салбартаа нэр хүндтэй, нямбай, жинхэнэ удирдагч хүн байсан. Бүтээн бий болгосон зүйл арвин хүн. Айлын том хүү. Хань маань анхлан 1992 онд хувиараа эрхлэх аж ахуй байгуулж уйгагүй ажилласан. Дүү нарынх нь одоо булаацалдаад байгаа барилгын газар олголтоос эхлээд ерөнхий төлөвлөлт, зориулалт, санхүү зэрэг бүхий л зүйлийг нь босгосон. Үүнээс гадна хоёр барилга байдаг нь мөн төлөвлөлт, хөрөнгө эх үүсвэр нь миний нөхрийнх. Гэвч бүгд дүү нарынх болжээ. Одоо ахынхаа гал голомт, үр хүүхдэдээ хуулийн дагуу үлдээсэн гэр орон руу цадахаа мэдэхгүй дайрч байна. Нөхөр маань ЗХУ-д суралцаж байх үед ганзагын наймаа хийж компанийнхаа хөрөнгөө бий болгосон. Компани байгуулж улмаар хоёр дүүгээ оюутны ширээнээс нь шууд захиралд залчихсан хүн нь миний хань өөрөө л дөө. Нөхрийн найз нөхөд гээд бүгд мэднэ ээ. Дүү нараа чирч бүгдийн хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгө хуйтай болгож өөд татсан хүн гэдгийг хэн ч хэлнэ. Нөхөр маань хүнд өвчнөөр өнгөрсөн ч ухаан саруул нас барахынхаа өмнө ажилчдадаа цалингаа тавьж гарынхаа үсгийг зурж ажлаа хийсээр байгаад өөд болсон. Булаацалдаад байгаа барилгын зураг төсөл, барьсан хөрөнгө миний нөхрийнх. Барилга нийт 6 гэрчилгээтэй бидэнд 2 гэрчилгээ хуулийн дагуу өвлөгдсөн. 6-р давхар нь манай 14 жил амьдарсан гэр нөгөө гэрчилгээ нь нөхөр бид хоёрын ажлын өрөө юм. 4 гэрчилгээ нь нөхрийн хоёр дүүгийн нэр дээр байдаг. Тэд нар ахынхаа гэнэтийн үхлээр завшиж хоцорсон улс л даа.

Хэвлэлээр бичээд байгаа шиг бүхэлдээ Д.Янжинхорлоо 1-6 давхар барилгыг өөрийн болгосон хулгайч луйварчин гэж гүтгэж худал мэдээлэл тараадаг. Бусад хөрөнгөө манай хүн нэр шилжүүлж цэгцэлж амжилгүй нас барсан. Яагаад гэр оронд минь шунаж буйг ойлгохгүй байна. Би яах аргагүй ахынх нь хууль ёсны эхнэр мөн. Энэ гэрлэлт бид хоёрын хоёулангийнх нь анхны гэрлэлт, бид хоёр бусдын адил хайр сэтгэлээр холбогдож өдий гурван үрийн зулай үнэрлэж үхэн үхтлээ хамтдаа амьдарсан. Тэдэнд энэ барилгыг бүхэлд нь авчихвал л гэсэн шунал байгаа. Энэ санаархлаа биелүүлэх гэж намайг бүх шатанд хуйвалдсан, хууль хяналтын салбарынхныг ашиглалаа гэдэг би ямар ч ангийн найз, хуулийн салбарын хүнээр түргэн шуурхай шийдүүлж байгаагүй. Энэ асуудалтай 4 жил тойрч байна. Би хуульч хүн ш дээ тийм учраас хуульдаа итгэж тэвчиж байна.

– Танай нөхөр дүү нартайгаа ямар харилцаатай байсан бэ. Өвчтэй байхдаа дүү нартайгаа уулзаж амжсан уу. Өөрийнхөө хөрөнгөө өвлүүлэх асуудлаа ярьж байв уу?

– Ах нь юу гэнэ түүнийг хийдэг. Үг дуугүй л энгийн л харилцаатай байсан. Миний хань мөнгө хатуу, газар олголт хүнд хэцүү цагт толгойгоороо бүхнийг бүтээж  ирсэн хүн. Хоёр дүүгээ идэж барахгүй их хөрөнгөтэй болгосон. Тэр их ачийг тэд мартсан. Би нөхрөө маш удаан асарсан. Тэр үед дүү нараас нь хүний урамд нэг нь ирээд асарч байгаагүй ээ. Ах дээрээ ирэхээр хөрөнгө мөнгөний талаар дурдах вий гэж айж 2 минут ч болохгүй, харчхаад л гарчихдаг байсан. Яриа үүсгэхгүй тэгсгээд л гараад явчихдаг. Ахыгаа өнгөрөхийг хоног тоолон хүлээсэн тийм л хүн чанаргүй хүмүүс. Тухайн үед энэ барилгаа хүүхдүүддээ үлдээж байгаагаа дүү нараа зогсоогоод хэлж байсан. Би та хоёрт өөр хоёр ч үйлчилгээний төв өгсөн гэдгээ хэлж байсан. Гэсэн ч ахынхаа сүүлийн хүслийг биелүүлээгүй иймдээ тулаад явж байна. Хуулийн дагуу үр хүүхдэд нь үлдэх зүйлд ингэж шунаж байгаа нь дэндүү хүний ёсгүй үйлдэл. Ахыгаа ямар ч оролцоогүй хүн, хөрөнгөө өвлүүлэхдээ комд орж эрүүл саруул ухаангүй байсан гэж ярьдаг. Гэвч нөхөр маань миний оролцоогүй нотариатын үйлчилгээгээр гэр бүлдээ өөрийнхөө нэр дээрх хөрөнгөө гарын үсгээ зурж өвлүүлсэн.

– Та болон таны хүүхдүүд хэвлэл мэдээлэлд нийтлэгдсэн мэдээллээс болж хүнд байдалд байгаа гэсэн. Таны талаар мэдээлэл тавьсан нэр бүхий сайтууд мэдээллээ нягтлах зорилгоор тантай холбогдож байв уу?

– Тэр сайтууд нэг нь ч холбогдож асууж нягтлаагүй. Харин би news.mn дээр очиж үнэн учраа хэлтэл нэг эмэгтэй саяхан ажлаа авсан гээд дорвитой хариу өгөөгүй. Ээжийг нь бусдын хөрөнгийг хулгайлсан, багш байж бүх оюутантайгаа унтаад хэвтээд явдаг гээд элдвээр цоллож бичсэнийг үзээд хүүхдэд ямар байх вэ? Сурагч найз нөхөд яаж гадуурхах болоо гэж айдаг. Гэр орноо алдчихгүй юмсан, өөрийнхөө болон ханийнхаа нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна. Дүү нар нь үхээд өгсөн ахынхаа ажиллаж байсан албан тушаал, хийсэн бүтээснийг баллуурдаж ахыгаа гүтгэж доромжилсон мэдээлэл нийтлээд эхэлсэн. Би гарсан нийтлэлүүдийг цуглуулж шалгуулж үнэн мөнөөр нь шийдүүлнэ.  Түүнчлэн надаас болж гэм зэмгүй ажлаа хийсэн олон төрийн албан хаагчид гүтгүүлж хохирсон. Нөхрийн дүү нар 10 гаруй өмгөөлөгчтэй гэтэл би юугаа зарж хэнээр өмгөөлүүлэх вэ гэж бодож сууна. Прокурор энэ эрүүгийн хэрэг биш ээ хэрэг үүсгэх боломжгүй, гэр бүлийн хоорондын хөрөнгө хуваах маргаан гэж удаа дараа хаах тогтоолоо гаргадаг. Гэтэл хөрөнгө мөнгө ихтэй хүмүүс сошиал, сайтуудыг худалдан авч, хүмүүсийн нэр төрд эрээ цээргүй халдаж, нэг анги учраас үйлчилсэн гэх мэт зүйл нийтлүүлсэн.

– Хавар бас хэсэг хуульчдын зургийг тавиад л нэг хэсэг сэвж байгаад, УЕП-ын хаасан хэргийг дахин шалгуулахаар боллоо гэсэн мэдээлэл явсан. Энэ ямар учиртай болоод ингээд дахин дахин тавиад байдаг юм бэ? Хараад байхад улс төрчид биш байх юм.

– Би түрүүн хэлсэн дээ, нөхрийн маань барьж байгуулсан юмыг нас барсных нь дараа өөрийн болгох санаа өвөрлөж, үр хүүхдээс нь булааж авахаар Оюунцэцэг гэгч дүү нь, 2009 оны гэрээ хэлцэл ярьж эхэлсэн. Олон удаагийн нотариатын гэрээ хэлцлээр шилжээд эцэст нь, хөрөнгө оруулагч, С.Цахиур агсан өөрийн нэр дээр ажлын байрныхаа гэрчилгээг авчхаад байхад, энэ олон жилийн хойно, гол нь өмчлөгч С.Цахиурыг нас барсных нь дараа арван хэдэн жилийн хойно, гэрээ хэлцэл биш, гарын үсэг би өөрөөр зурдаг гэх мэт зүйл ярьж эхэлсэн байдаг. Уг нь Цагдаагийн байгууллага ийм илтэд олон жилийн өмнөх, тэгээд олон тооны нотариатын гэрээ хэлцэлтэй, тэгээд ахыгаа амьд сэрүүн байж байхад дүү нь ахын өмч гэдгийг сайтар мэдэж байсан, тэр нь лавлагаа авч байсан баримттай юмыг хүлээн авч шалгаад байдаггүй, иргэний маргаан шүүхээр шийдүүл л гэдэг. Гэтэл үнэн худлыг нь мэдэхгүй юм, Даваанямын Отгонжаргал гэнэ үү цагдаагийн нэгэн дарга илтэд иргэний журмаар явах өргөдлийг, эрүү болго гэж улсын мөрдөнгөөс даалгавар өгч өөрийн туслах байсан хүнд цохож шалгуулж эхэлсэн гэдэг. Одоо яаж ч эрүүгийн хэрэг болгох гээд, эхнэр хүүхдүүд бидний хувьд С.Цахиур агсны гэр бүл, ар гэр нь байсандаа л буруутдаггүй юм бол орон гэр, ажлын байраа өвлөж авсан биднийг буруутгах ямар нэг үндэслэл байдаггүй. С.Цахиур агсны маань гарын үсгийг шинжлээд өвийн бүхий л бичиг баримт дахь гарын үсэг нь өөрийнх нь мөн байна гэж гардаг. Харин ажлаа зохих ёсоор хийгээд, зөв шударгаар төрд зүтгэж байгаа албан хаагчдаас ямар нэг өө сэв хайгаад гарахгүй болохоор нь, тэр ч байтугай тухай тухайн хуулийн байгууллагадаа шударга ёсны шинэчлэлийг тууштай хийж эхлэхээр нь санаатайгаар, нэр төрийг нь харлуулах гэж эгэл нэгэн эмэгтэй миний гэр бүлийн амьдралаас үүдэлтэй байдаг л нэгэн хөрөнгийн маргааныг улс төржүүлэх гэж байн байн гаргадаг болж.

Илтэд гэм буруутай хүмүүс өөрсдөө гэм буруугаа цайруулах гэж төрийн албан хаагчдыг, хуульчдыг бөөнөөр нь харлуулах нийтэд нь гүтгэх бүр ингэж байгаад санаагаа гүйцэлдүүлдэг. Үүндээ мөнгө хөөсөн хэвлэл сайтыг ашигладаг жишиг тогтож байгаад санаа зовж байна. Хүмүүс нэг үеэ бодоход сошиал хуурамч мэдээлэлд цензуртай ханддаг болсон. Хэт их сэвээд улайм цайм гүтгээд байгаа нийтлэл, мэдээллүүд харагдах байдлаасаа эхлээд л дэндүү мэдээжийн байдаг болсон. Ийм нөхцөлд надад ямар нэг айх гудайх зүйл огтхон ч үгүй. Харин ч өөрийн жишээн дээр оюутнууддаа бодлого болгон бодуулж, хүний нэр төрийг гутаадаг арга хэрэгсэл, үе шат, түүнээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухайд бид бодол санаагаа уралдуулдаг болсон.

Нэг үеэ бодоход хүүхдүүд өсч том болж, наад цаадахыг ойлгохтойгоо болсон. Миний бодоход, улс төрчид л ийм бохир хэвлэл мэдээллийг бохир улс төрдөө ашигладаг байсан арга одоо хуулийн салбарт, хууль бус шийдвэр гаргуулах арга хэрэгсэл болтлоо дэвшсэн байгаа ийм нөхцөлд, хийх зүйл маш их байгааг харуулж байна.

– Таны талаар судлах явцдаа мөнгө хөрөнгөтэй, нөлөө ихтэй хүмүүст үйлчилсэн хуулиудыг хүчингүй болгуулахаар тэмцэж явдаг хүн болохыг олж мэдсэн.  

– Тийм ээ, би зээлдэгчийн барьцаа хөрөнгө, газар, үл хөдлөхийг өөрийн нэрлэсэн хэт хямд үнээр ББСБ-ууд, мөнгө хүүлэгч нар шууд хурааж авах тухай удаа дараагийн хуулиудыг эсэргүүцэж, цэцээр хүчингүй болгуулж, иргэдийн барьцаа хөрөнгийг хамгаалж ирсэн. Үүгээрээ ч би банк, ББСБ, мөнгө хүүлэгч нарт адлуулж ирсэн. Мөн хууль бусаар бусдын барааны тэмдгийг ашиглаж, оюуны өмчийн хулгайгаар үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Үндэсний Их Сургуулийн эсрэг МУИС-ийн багш нарыг төлөөлж шүүх дэх, багш ажилчдынхаа орон сууцны газрыг нь шүүхдэлцэж олж өгөх гээд “нохойд барьдаг мод шиг” л шударга ёсны төлөө дуугарч ирсэн байдаг. Би энэ түүхэндээ бол харамсдаггүй. Харин ч бахархдаг. Ер нь хуулийн салбарт шинэчлэлийг яг хаанаас, юунаас эхлэх ёстой вэ гэдэг дээр тодорхой байр суурьтай болтлоо л энэ салбарт ажиллаж байна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж