Иран улс 120 гаруй кг 20 хувь баяжуулсан уран үйлдвэрлэсэн талаар тус улсын цөмийн албаны дарга Мохаммад Эслами мэдээлэв. Энэ нь НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагаас өнгөрсөн сард анхааруулж байснаас хамаагүй өндөр үзүүлэлт байв.
Эслами Бямба гаригийн орой төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа “2015 онд дэлхийн гүрнүүдтэй байгуулсан цөмийн хэлэлцээрийн дагуу Иран улс судалгааны реакторт ашиглах зориулалтаар 20 хувь баяжуулсан уран үйлдвэрлэх эрхтэй” гэжээ.
Гэвч тус цөмийн хэлэлцээрээр Иран улсыг судалгааны реакторын үйл ажиллагаанд зориулж 3.67 хувиас дээш хэмжээний уран баяжуулахыг хориглосон байдаг аж. Мөн 90 хувиас дээш баяжуулсан ураныг цөмийн зэвсэгт ашиглах боломжтой үздэг байна.
Олон улсын атомын энергийн агентлаг Ираны 20 хувь хүртэл цэвэршүүлсэн баяжуулсан уран 62.8 килограм нь гурван сарын өмнө 252 ам.долларын үнэ хүрч байсан талаар есдүгээр сард мэдээлж байв. Тэгвэл тэсрэх бөмбөг бүтээхэд доод тал 170 кг баяжуулсан уран шаардлагатай байдгийг эрдэмтэд тооцоолжээ.
“Хамтарсан үйл ажиллагааны цогц төлөвлөгөө” нэртэй цөмийн хэлэлцээр нь Тегеранийг цөмийн хөтөлбөрөө хязгаарласны хариуд тус улсад эдийн засгийн таатай боломж олгох харилцан тохиролцоон дээр суурилсан гэрээ юм. Ираны дэлхийн гүрнүүдтэй байгуулсан уг гэрээнээс АНУ 2018 онд гарсан ч Их Британи, Франц, Герман, Хятад, Орос улс гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа билээ.
Ийнхүү гэрээний нөхцлийг санаатайгаар зөрчиж, улмаар үүнийгээ дэлхий дахинд мэдэгдэж буй Ираны үйлдлийг Европийн орнуудад шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж үзэж байна. Учир нь АНУ-ын тавьсан хориг арга хэмжээний улмаас бий болоод буй алдагдлыг нөхөхийн тулд Иранд эдийн засгийн шинэ хөшүүрэг хэрэгтэй байгаа юм.
Ерөнхийлөгч Жо Байден энэхүү гэрээнд дахин нэгдэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн ч талуудын оролдлого өнгөрсөн зургадугаар сараас хойш зогсонги байдалд оржээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ