Э.Ням-Очир: Шигшээ багт очвол мэдээж сайхан л байна

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Э.Ням-Очир: Шигшээ багт очвол мэдээж сайхан л байна

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Болгарын Бургас хотноо болсон бөхийн чөлөөт барилдааны А зэрэглэлийн олон улсын тэмцээнээс Монголын тамирчид гурван медаль хүртсэний хоёрыг нь бүсгүйчүүд /Ц.Энхжаргал алт, О.Бурмаа мөнгө/, нэгийг нь “Арслан” клубын тамирчин Э.Ням-Очир хүртсэн билээ.
“Данколов”-ын тэмцээнээс медаль хүртсэн тамирчид дараа нь дэлхийн дэвжээнээс медальтай ирдэг бичигдээгүй хууль чөлөөт бөхийнхний дунд байдаг болохоор Э.Ням-Очир шилдгүүдийн “тулаан” өрнөдөг Болгарын гранприд амжилттай оролцсоноороо олны анхаарлыг татаж байгаа залуу тамирчин юм. Түүнтэй ярилцлаа.

-“Данколов”-т аваргын төлөө нутгийн эзэнтэй барилдсан. Энэ барилдаанд шүүгчдийн нөлөө орсон гэж сонссон. Үнэхээр тийм зүйл байсан уу?

-Анатолий Гуяада мэдээж хүчтэй өрсөлдөгч л дөө. Европын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай гээд дэлхийн шилдэг бөхчүүдийн нэг. Бид хоёрын барилдаан гурван үеийн турш өгөө, аваатай тэнцүү байсан. Гуравдугаар үед би сүүлийн оноог авсан боловч шүүгч өгөөгүй. Уг нь яалт ч үгүй оноо байсан юм. Тиймэрхүү зүйл болох нь болсон.

-Тойргийн барилдаануудад хаанахын бөхчүүдтэй таарсан бэ?

-Япон, Азербайжан, Румыны бөхчүүдийг ялсан. Ер нь бол Данколовын тэмцээнд дэлхийн шилдэг олон бөхчүүд ирсэн байсан. Би өөрийгөө санасандаа хүрч барилдсан л гэж бодож байгаа. Шигшээ багаас гарснаас хойш олон тэмцээнд оролцоогүй болохоор туршлага, бэлтгэл сургуулилт дутсан тал байсан л байх. Цаашид хичээнэ л гэж бодож байна.

-Насанд хүрэгчдийн шигшээ багт хэдий хугацаанд байсан бэ. Ямар ч байсан өнгөрсөн жилээс хойш шигшээд харьяалагдахгүй байгаа санагдаж байна?

-2007-2009 оны хугацаанд шигшээ багийн гишүүн байсан. Өнгөрсөн жилээс больж, “Арслан” клубтээ л харьяалагдаж байгаа. Шигшээ баг шинээр байгуулагдахад багтаагүй л дээ.

-“Арслан” клубыг байгуулсан, нэг ёсондоо та нарыг гаргаж ирсэн Б.Баттулга багш гадаад ажиллахаар явсан. Багштайгаа холбоотой байгаа юу. Шигшээ багт харьяалагдаагүй нөхцөлд гадаадад тэмцээнд оролцоход хэцүү шүү дээ?

-Багштай холбоотой байгаа. Байнга л зөвлөгөө өгч байдаг. Б.Баттулга багшийг явснаас хойш манай Ж.Чулуунбат /Шигшээ багийн 120 кг-ын тамирчин/ клубын үйл ажиллагааг хариуцаж байгаа. Яахав ээ, болж л байна. Хан-Уул дүүргийн Спортын ордонд бэлтгэлээ хийж байгаа. Хан-Уул дүүргийн Биеийн тамирын арга зүйч А.Энхтөр ах их тус болдог. А.Энхтөр ахдаа маш их баярлаж явдгаа хэлэхийг хүсч байна. Саяын тэмцээнд Б.Баяраа багшийн удирдлагад оролцсон. Гадаад руу тэмцээнд явах тухайд хэцүү байдаг нь үнэн. Нөгөө л зардал мөнгөний асуудлаас болоод. Сая гэхэд л “Данколов”-т явахад Б.Наранбаатар, Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган ах нар өөрсдийн байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагын шугамаар хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа ярилцаж байж миний зардлын асуудлыг шийдэж, тийшээ явуулсан. Тэд нар туслаагүй бол би “Данколов”-ын медальгүй л байх байсан. Ер нь их сонин, хэчнээн би өөрөө тэмцээнд түрүүлэх ёстой гэж бодоод барилдаж байгаа ч хүмүүсийн надад тусалсныг, намайг дэмжиж байгааг илүү их бодоод, заавал амжилт гаргах ёстой шүү гэж дайрдаг юм билээ. Сая явахдаа Красноярск, Бургас гээд хоёр хотод тэмцээнд оролцож, гадны тамирчидтай 10 гаруй хоног хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн. Формондоо ороод, сайхан л болж байна.

-Залуучуудын шигшээ багийн сонгон шалгаруулалтыг саяхан зарласан байна лээ. Таныг энэ удаа шигшээ багт багтаах болов уу. Юу гэж бодож байна?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Багш нар, дарга нар шийдэх байх. Шигшээ багтаа очвол мэдээж сайхан л байна.

-Буриад руу тэмцээнд явах уу?

-Явна. Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн энэ сарын 26-28-нд болно. Түүний дараа улсын аваргын сорил байгаа. Зургаан сард улсын аваргад оролцоно. Өнгөрсөн жил улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл авсан болохоор энэ жил илүү их бэлтгэл хийж, сайн барилдахыг хичээж байгаа.

-Их сургуулиа төгсчихсөн үү?

-Тэгсэн. ШУТИС-ийн япон, англи хэлний ангийг 2007 онд төгссөн.

-Мэргэжлээрээ ажиллах боломж гарч байна уу?

-Өө үгүй, үгүй. Уг нь ажилламаар л санагддаг юм. Гэхдээ ойрын хэдэн жилдээ спортоороо явдаг юм билүү гэж бодоод, бэлтгэлээ хийгээд л явж байна. Зав зайгаар нь хэлээ сайжруулж, ном, сурах бичиг шагайна аа.

Блиц:

Овог, нэр: Энхсайханы Ням-Очир:
Төрсөн он: 1985.03.10
Төрсөн газар: Улаанбаатар хот
Өндөр: 170 см
Жин: 66 кг
Барилддаг жин: 60 кг
Амжилт: Ази тивийн аваргын хүрэл /2007 он/, Яшар Догугийн нэрэмжит олон улсын гранпри тэмцээний хүрэл, Данколовын нэрэмжит ОУ-ын гранпри тэмцээний мөнгөн медальт.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж