Ерөнхий сайдын санаачлагаар баригдаж байсан “Андлалын өргөө” цогцолборыг оюуны өмчийн маргаанаас болж өнгөрсөн сард нураасан. Одоо суурин дээр нь дахин шинэ хөшөө сүндэрлүүлэхээр төсөл дахин хэрэгжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Андлалын өргөө нь андлалын хөшөө болон дахин баригдаж эхэлсэн байна.
Уг хөшөөг Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс хандив цуглуулан барьж байгаа гэнэ. Шинээр босгож буй “Андлалын хөшөө”-г урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд урласан аж.
Харин бүтээн байгуулалтын ажлыг “Боржин суварга” компани гүйцэтгэж буй аж. Хамгийн сүүлийн мэдээллээр барилгын явц 65 хувьтай яваа бичлэг нь олон нийтийн сүлжээнд тархсан юм.
"АНДЛАЛЫН ХӨШӨӨНИЙ ДЭРГЭД ЖУУЛЧНЫ БААЗ БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН"
Шинэ хөшөөний талаар Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Д.Жамбаагаас тодруулахад "Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс хандив хөрөнгө босгон “Андлалын өргөө” цогцолборын суурин дээр шинэ хөшөө барьж буй. Одоо хөшөө бариад дуусч байгаа. Манай сум андлалын нутаг. Тийм учраас түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, ирэх жилээс жуулчны бааз барих төлөвлөгөөтэй байгаа. “Андлалын өргөө” цогцолборыг наймдугаар сард нураасан өдрөөс залгаад л дараагийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Шинэ хөшөөг нь урлаж, сүүлд байрлуулсан. Орон нутгаас бүтээн байгуулалтад чулуу хайргаа нийлүүлж ажилласан” гэв. Харин уран барималч А.Очирболдоос урласан хөшөөнийх нь талаар асуухад мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Андлалын өргөө” цогцолборыг улсаас 1.9 тэрбум төгрөг гаргаж, Хэнтий аймгийн Батноров суманд барьсан ч өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр нураасан билээ.
Цогцолборын загварыг урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг агсан гаргасан байдаг.
Энэ өргөөнд монгол эрчүүд бие биедээ үнэнч нөхөрлөлийн андгай өргөж, хүндэтгэлтэй хандах, үл ойлголцлоо тайлах зан үйл хийхээр төлөвлөөд байсан юм. Бүтээн байгуулалтыг барьсан "Хос санаа" компани нь улсыг хохиролгүй болгож, төсвийн хоёр тэрбум төгрөгийг богино хугацаанд эргүүлэн төлсөн гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлсэн.
Б.БААТАРЫН НАЙРУУЛСАН ЦАХИМ НААДМЫН АЖИЛД ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
Шинэ хөшөөний бүтээн байгуулалтын ажлыг хийж буй “Боржин Суварга” компани 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Баянгол дүүргийн XX хороонд байх уг компани байгалийн боржин чулуугаар төрөл бүрийн уран баримал, хөшөө дурсгал, зам талбай, барилгын хавтан, хашаа, нүүр өнгөлгөө хийдэг. Сийлбэрч, барималч Ж.Түвшинжаргал гэж хүн үүсгэн байгуулсан аж.
Тэрбээр СУИС-ийг зураач, сийлбэрчин мэргэжлээр төгссөн, мэргэжлийн, туршлагатай уран бүтээлч. Чулуугаар бүтээл туурвиад 10-аад жил болж буй. Ж.Түвшинжаргалын бүтээл хүрээгүй аймаг, сум Монголд үгүй. Аглаг бүтээлийн хийд, Хөвсгөлийн хөшөө, дурсгалууд, Цонжин болдогийн Өүлэн эх цогцолбор гээд нэрлээд байвал дуусахгүй тухайгаа 2020 онд news.mn сайтад өгсөн яриандаа онцолж байв.
Тус компани нь 2020 онд “Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатарын найруулсан цахим наадмын ажилд хамтран ажиллажээ.Тодруулбал, "XIII зуун" цогцолборын гадна талд байрлах чулуун баримал, арсланг урласан байна.
Мөн иргэдийн шүүмжлэл дагуулсан Сүхбаатарын талбайн хоёр талд тавьсан шоо хэлбэртэй боржин чулуун хаалтыг хийсэн компани.
Тухайн үед энэ ажлыг хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, шууд худалдан авах гэрээ байгуулсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв.