Түүнийг А гэдэг. Нэгэн лицей сургуулийн аравдугаар ангийн сурагч. Тэрбээр "Манай нөгөө ангийн хүүхэд шинэ ирсэн аравдугаар ангийнхнаа 00-д дуудаад дээрэлхдэг. “Шилжилт” гээд кинон дээр гардаг шиг сургуулийн коридороор явж, хүрснийг нь ална шүү гэдэг. Ер нь жаахан дээрэлхүү. Үеийнхнийгээ нэг их дээрэлхдэггүй. Зүгээр зогсч байхад “Яасан хараад байна уу?” гэх мэтээр өддөг. Өсвөрийн сэргийлэгч гээд бүлгэмдээ хандаж хэлдэг. Анхааруулж, арга хэмжээ авдаг" гэлээ.
Сурагч Б: Ангийнхаа бондгор охиныг “Бүдүүнээ” гэж шоолдог. Зарим хөвгүүдээ ч охины нэрээр дууддаг. Охидууд эхэндээ дургүй, хэрэлддэг байсан ч одоо эвлэрсэн дээ. Манай дээд ангийнхан сайн ах, эгч нар шүү. Бид нарыг дээрэлхдэггүй.
Сурагч В: Анх нэг ангид орсноосоо хойш одоог хүртэл гар утасны тоглоомноос нь болж бие биетэйгээ их муудсан даа. Хааяа уйлна, гомдоно. Цахим орчинд жаахан “жок” хийгээд л өнгөрдөг ш дээ.
Нэгэн лицей сургуулийн сурагчидтай уулзахад дээрх зүйлийг ярилаа. Эдгээр сурагчдын сургууль есдүгээр анги төгссөн хүүхдүүдийг элсүүлдэг тул газар газрын хүүхдүүд цуглаж, нэг анги болдог аж. Мөн нэгнийгээ дээрэлхэх, дарамтлах тохиолдол багагүй гардаг аж.
Харин жирийн улсын сургуулийн сурагч охины ажигласнаар хүүхдүүд бие биенийгээ харагдах байдал, биеийн галбир, царай дүр төрх, өнгө үзэмжээр шоолдог аж.
Сурагч Г: Сургуулийн орчин дахь хүчирхийлэл ор мөргүй байхгүй гэж хэлэхгүй. Мэр сэр гарах тохиолдол бий. Манай нэг найзыг зүс царай, гаднах өнгө төрхөөр нь их шоглодог. Нэг удаа бүр зургийг нь дараад олон нийтийн сүлжээгээр тарааж байсан. Тэр хэрэг нь даамжраад найз маань сэтгэл санаагаар унаж, өөртөө итгэх итгэлгүй болж байсан. Нийгмийн ажилтан, менежерийн түвшинд энэ асуудал очиж байсан. Ер нь сургуулийн орчинд хүүхдүүд бие биенийгээ гаднах дүр төрх, өмссөнөөр нь шоглох тохиолдол гардаг. Хэрэв надад ийм зүйл тохиолдвол би найзууддаа хэлнэ. Учир нь өсвөр насны хүүхдүүдийн хувьд найзууд нь ойр дотно гэж би боддог. Харин илүү хүндэрвэл эцэг эх, багшдаа хэлнэ дээ. Хөвгүүдийн хувьд дээд ангийнхан нь доод ангийнхнаа их дээрэлхдэг юм шиг санагдсан. Анги дотроо мөн зөрчил үүснэ. Хөвгүүд нь охидуудаас мөнгө шалж, заналхийлж, хувийн эд зүйлсийг нь барьцаалж мөнгө авдаг.
Хүүхэд чинь сургуульдаа явах дургүй болж, бусдаас өөрийгөө тусгаарлаад байна уу? Эсвэл сургууль, ангиа солихыг хүсч, зан авир нь эвдэрч байна уу? Эндээс л сургуулийн орчин дахь хүчирхийлэл эхэлдэг болохыг эцэг эхчүүд төдийлөн анзаардаггүй.
ЮНЕСКО-оос гаргасан тайланд дурдсанаар дэлхий дахинд нийт сурагчдын 30 хувь нь сургуулийн орчинд дээрэлхүүлснээс үүдэн сурлагын амжилт нь буурч, сургууль завсардаж, мөн бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндээр хохирдог аж.
Өнгөрсөн онд тус байгууллагаас хэвлүүлсэн "Тоо, баримтын цаана: Сургуулийн орчин дахь дарамт, хүчирхийллийг зогсоох нь" тайланд дурдсанаар Монгол Улсын хувьд 12 сарын хугацаанд сургуулийн орчинд дээрэлхүүлсэн, хүчирхийлэлд өртсөн сурагчдын ихэнх нь 14 настай хүүхдүүд байсан бөгөөд, 43.8 хувь нь зодолдсон бол 30 хувь нь бие махбодын халдлагад өртсөн байна.
Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10-р ангийн 11-16 насны 1,236 сурагчийг хамруулан хийсэн судалгааны үр дүнгээс харахад судалгаанд оролцогсдын 37.9 хувь нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан, 40,7 хувь нь бусад хүүхдийг зодуулж дээрэлхүүлж байхыг харсан бөгөөд бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их гарч байна.
ОДООГООС 5, 6 ЖИЛИЙН ӨМНӨ СУРГУУЛИЙН ОРЧИНД ХҮЧИРХИЙЛЭЛ ИХ БАЙСАН
Дээрх асуудалтай холбогдуулан Нийслэлийн 31-р сургуулийн нийгмийн ажилтан П.Эрдэнэчимэгтэй ярилцав. Түүний хэлж буйгаар хохирогч хүүхдүүд сэтгэл зүйн дарамтаа дотроо хадгалах бус эцэг, эх нийгмийн ажилтан, багш нартайгаа ярилцаж, шийдэл олохыг эрэлхийлэх хэрэгтэй гэв.
-Сургуулийн орчин дахь хүчирхийлэл нийгмийн тулгамдсан асуудлын нэг байсан. Одоо энэ байдал өөрчлөгдсөн үү?
-Сургууль дээр хүүхэд хамгаалагдсан байх ёстой. Хүүхэд сургуулийн орчинд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлсэн хүүхэд хамгааллын бодлоготой байх хэрэгтэй. Миний хувьд сургуульдаа 33 жилийн ажиллаж байгаагаас сүүлийн 21 жил яг нийгмийн ажилтнаар ажиллаж байна. Одоогоос тав, зургаан жилийн өмнө сургуулийн орчинд хүчирхийлэл их байсан. Тухайлбал, сургуулийн ойр орчмын атманууд хүүхдүүдээс мөнгөн төгрөг авдаг, мөн шилжиж ирсэн шинэ сурагчийг дээрэлхэх зэрэг асуудлууд гардаг байлаа. Манай сургууль тэр ялгаварлалыг байхгүй болгохын төлөө ажилласан. Багш, суралцагч, эцэг эх, сургуультай хамтран ажилладаг байгууллага, хорооны цагдаа, “school police” бүхэнд энэ асуудал хамаатай.
-Ер нь урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авдаг вэ?
-Ямар нэгэн байдлаар эрх ашиг чинь зөрчигдвөл нийгмийн ажилтандаа хэлж байгаарай гэдэг. Бид хоёрын асуудал энд үлдэнэ гэдгийг сануулдаг. Хүүхдүүддээ энэ талаарх сургалт, сурталчилгааг таниулж, үүнээс үүсэх хор уршгийг нь сурталчилдаг. Цар тахал гээд сүүлийн хоёр жил хичээл орсонгүй. Түүнээс өмнө манай сургуулийн орчинд хүчирхийллийн асуудал гараагүй. Сургуулийн эргүүл сайн ажилласан. Авто замын хөдөлгөөнийг зохицуулахаас гадна бусад үед хөдөлгөөнт эргүүл хийдэг.
Хүүхдүүд шилжиж ирээд шинэ орчинд дасах, ангийнхантайгаа ойлголцохгүй байх асуудал үүсдэг. Мөн бие биедээ нэр хоч өгөх, үерхэл нөхөрлөлийн улмаас муудах зэрэг тохиолдлууд гарч байсан.
-Хүчирхийлэл үйлдсэн сурагчидтай хэрхэн харьцаж, хийсэн үйлдэл нь буруу гэдгийг ойлгуулдаг вэ?
-Найзуудаа дээрэлхдэг сурагчиддаа зан чанарын карт өгч, яагаад ийм үйлдэл хийх болсныг нь тогтоодог. Ингээд хүүхэд маань картаасаа юу ойлгосноо ярьж, ангийнхандаа заадаг. Хүүхэд өөрөө ямар алдаа гаргаснаа ойлгож, ухаарах нь чухал. Ангийнханд нь ч юу болсныг нь хэлдэггүй нууц хэвээр үлдээдэг. Эцэг эхтэй нь хамт уулздаг. Гэр бүлийн хандлага, хүмүүжил, хүрээлэл хүүхдэд нөлөөлдөг.
Хүнийг шийтгэхдээ гол нь биш.
-Хохирсон хүүхдүүд тан дээр орж ирээд нээлттэй, чөлөөтэй асуудлуудаа ярьдаг уу? Эсвэл чимээгүй нуух нь их үү?
-Харьцангуй гайгүй шүү. Хүндэтгэл, шаардлагыг хослуулан ажиллахыг би эрмэлздэг. Нийгмийн ажилтан гэдэг хүн сурагчдыг төлөвшүүлэхээс гадна тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд туслах, амжилттай зорилгодоо хүрэх, эрх ашгийг нь хамгаалахад туслах ёстой. Үе тэнгийн, ангийн багш нарын нөлөөлөл энд чухал үүргийг гүйцэтгэдэг.
-Нийгмийн ажилтнаар ажилласан 21 жилийн хугацаанд тан ямар төрлийн хүчирхийллийн хэлбэрүүд зонхилж байв?
-Сургуулийн орчинд гэвэл багшийн зүгээс сурагчдаа дарамтлах тохиолдол гарч байсан. Шаардлагаа зүй бусаар тавих, дүнгээр ялгаварлан гадуурхах, шударга бус хандах зэрэг. Харин хүүхдүүдийн дунд гэвэл үерхэл, нөхөрлөлийн асуудлаас болж нэгнийхээ нэр хүндэд халддаг, гутаадаг. Өөр нэг хэлбэр нь амьдралын янз бүрийн нөхцөл байдлаас болж бусдыг дээрэмдэх, дарамтлах тохиолдлууд гарч байсан.
Гурван жилийн өмнө ах нь дүүгийнхээ ангийн хүүхдүүдийг дарамталж, гэр орноо цэвэрлүүлдэг, ангийн фонтных нь мөнгийг авдаг зэрэг асуудал үүссэн. Их боломжийн амьдралтай, тийм зүйл хийхээргүй хүү энэ хэргийг үйлдэж, бид цагдаагийн байгууллагатай хамтарч, таслан зогсоож байлаа.
-Хохирогч хүүхдүүдэд ямар зөвлөгөөг өгдөг вэ?
-Нэгдүгээрт, өөртөө итгэлтэй, битгий ай гэдэг. Ганц, хоёр удаа дээрэмдүүлээд хичээлдээ явахгүй гэдэг. Гол нь сайн ярилцаж, асуудал бүхэн шийдэгддэг гэдгийг ойлгуулах. Эрх ашиг нь хохирсон сурагчид ангийн багш, нийгмийн ажилтандаа хандах ёстой. Нийгмийн ажилтнууд ч гэсэн сурагчдынхаа асуудлыг амжилттай шийдвэрлэж, итгэлийг нь олох хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулиуд, харъяа яам нь олон улсын жишгийг дагаж сэтгэлзүйчийн ажлын байр бий болгосон. Анги даасан багш, нийгмийн ажилтан нар хүүхэд нэг бүртээ тулж ажиллаж, тэдний сэтгэлзүйн хямрал, гутралыг мэргэжлийн түвшинд анагааж чадахгүй учир сургуулийн орчинд сэтгэлзүйч байх нь зөв. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй, хурц байдаг учир өөрсдийгөө хянах, удирдах чадвар муутай, болчимгүй үйлдэл хийж болзошгүй. 2017 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн судалгаагаар ЕБС-ийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар боддог, долоон хүүхэд тутмын нэг нь амиа хорлохыг төлөвлөж байсан гэх сэтгэл сэрдийлгэм тоо баримтыг дэлгэж байв.
ЗАРИМДАА БИД АСУУДЛАА ЯРИЛЦАЖ, ГАРЦЫГ ӨӨРСДӨӨ ОЛДОГ
Техник технологи, мэдээллийн эрин үед, хүүхэд залуучууд интернет гэх тив дэлхийг хэрсэн аалзны торноос хүссэн мэдээллээ шүүлтүүргүй хүлээн авах боломж бүрдсэн. Тэдний үзэж, мэдэрч, сонсч буй бүхэн нь эцэг эх, эмээ өвөөгийнх нь үеэс тэс ондоо. Үүнийгээ дагаад сэтгэл зүй, ухаан бодол нь ч тэс ондоо. Логарифм сургуулийн ахлах анги хариуцсан сэтгэлзүйч Б.Доржтой ярилцах үеэр ч тэрбээр “Gen-Z” нь өөрийн сонирхол, хүсэл эрмэлзэлдээ бат зогсдог тул бууж өгөх төдийлөн сонирхолгүй гэлээ.
-Сургуульд сэтгэлзүйч байхын давуу тал нь юу вэ?
-Бага насны хүүхдүүдэд танин мэдэхүйн хөгжил явагдаж байдаг. Энэ үед академик, логик сэтгэлгээн дээр л төвлөрдөг. Гэтэл цаана нь мэдрэмж нь үлдчихдэг. Уурлах, баярлах, гомдохоо ч мэддэггүй. Өсч, бойжиж буй насан дээрээ мэдрэмжүүдийг ойлгож, ялгаж сурах нь цаашдаа эрүүл, аз жаргалтай амьдрахад нь чухал нөлөө үзүүлдэг. Харин өсвөр насан дээр маш олон шинэ мэдрэмжүүдтэй танилцаж байдаг хэдий ч хэнтэй ярилцах вэ гэдгээ мэддэггүй. Магадгүй тухайн сурагчийн эргэн тойронд энэ талаар чөлөөтэй ярилцаж болох багш байвал сайн хэдий ч, багш нарын маань ажлын ачааллаас хамааран энэ нь төдийлөн боломжтой бус. Тэдгээр хүүхдүүдийн харилцаа, мэдрэмжээ илэрхийлэх тал дээр чиглүүлэх нь бидний ажлын нэг хэсэг.
-Сургуулийн орчинд эцэг эх-багш-сурагч гэсэн гурвалсан харилцаа гээд л яриад байдаг. Энэ нь хэр чухал юм бэ?
-Гурвалсан холбоо сайн байж хүүхдийн сурлага, хөдөлмөр, хүмүүжил сайн байдаг. Гэтэл гэрт нь нэг өөр юм ярьдаг, сургууль дээр нь нэг өөр юм заадаг байвал учир дутагдалтай. Мөн хүүхэд маань өөрийн гэсэн хэрэгцээ, хүсэл сонирхолтой. Энэ гурвын уялдаа холбоо хамаарлыг чиглүүлэх нь мөн бидний нэг ажил гэж ойлгож болно. Гурван субъектын ойлгомжгүй байдлын улмаас багшийн ажил үнэгүйдэх, хүүхэд эцэг эхийн харилцаа муудах эрсдэлтэй.
-Хүүхэд нь хичээлдээ дургүй болох, сургуульдаа очихгүй байх, ганцаардах зэрэг тохиолдолд эцэг эх нь ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Хүүхдийн сэтгэлд ямар нэгэн учир шалтгаан, үйл явдал хуралдсан учир тийм үйлдэл гаргаж байгаа. Дотроо бодоод сэтгэл хөдлөл, мэдрэмжээ цуглуулсаар байгаад эцэст нь үйл хөдлөлөөрөө гаргаж байна. Тэр нь магадгүй сургуулийн орчин дахь үл ойлголцол, үерхэл шохоорхол юу ч байж болно. Удаан хугацаанд толгойд нь эргэлдсэний дараа үйлдэл хийх хэмжээнд хүрч байгаа юм. Хүүхдийг шууд ярь гээд яриулах хэрэггүй. Илүү хүлээцтэй байх хэрэгтэй. Эцэг эхчүүд эхлээд өөрсдөө мэдрэмжээ хуваалцаарай. Тэрнээс биш уурлаж, загнавал хүүхэд тань улам л эсэргүүцнэ. “Gen-Z” нь өөрийн сонирхол, хүсэл эрмэлзэлдээ бат зогсдог тул бууж өгөх төдийлөн сонирхолгүй. Өсвөр насны хүүхдүүд хувийн асуудлаас болж уурлаж цухалдах мэдрэмжтэй дөнгөж танилцаж байдаг тул үүнийгээ зөвөөр илэрхийлж чаддаггүй. Үнэхээр асуудал даамжирвал мэргэжлийн хүнд хандаарай.
-Харин асуудалтай нүүр тулгараад буй хүүхдүүд маань хэнд хандах хэрэгтэй вэ?
-Яагаад хүүхэд маань өөрийгөө тусгаарлах болсон бэ гэдэг шалтгаан нь чухал. Түрүүн хэлсэнчлэн олон төрөл зүйлийн шалтгаан бий. Яах аа мэдэхгүй, хэнд хандах учраа олохгүй байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд чамд өөрт хамгийн ойр санагддаг хүнтэйгээ ярилцахаас эхлээрэй. Заримдаа бид өөрсдийн асуудлыг ярьж байх үедээ асуудлынхаа гарцыг өөрсдөө олдог. Найз нөхөд, эцэг эх, аав ээж, багш хэн ч байж болно. Тэдэнтэй ярилцах гэж оролдоорой. Чи юу хиймээр байна хүссэнээ хий. Дуу сонсмоор байвал сонс, кино үзмээр байвал үз, гудамжаар алхмаар байвал алх. Яг юу хүсч байгаагаа өөрөөсөө асуу.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургууль бүрт сэтгэлзүйч ажиллуулах зорилготой байгаа аж. Ер нь ахлах, дунд ангийн сурагчид гэхээсээ илүүтэйгээр нийт монголчуудын дунд сэтгэлзүйч гэдэг мэргэжлийг төдийлөн сайн мэддэггүй. Сэтгэл зүйн эмгэгтэй, "галзуу" хүмүүс очиж, эмчилгээ хийлгэдэг гэх өрөөсгөл ойлголт ч бий. Үнэндээ Монгол шиг стресс, бухимдлын үүр уурхай болсон газрын иргэд улиралдаа ганц ч атугай сэтгэл зүйн зөвлөгөө авбал нийгэм ч эрүүлжиж, нэг ч гэсэн зангирсан хөмсөг тавигдах биз ээ.
Холбоотой мэдээ