Урагшгүй сайд нарын хоосон амлалт амиар төлөгдсөөр

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

Урагшгүй сайд нарын хоосон амлалт амиар төлөгдсөөр

Урагшгүй сайд нарын хоосон амлалт амиар төлөгдсөөр

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт үргэлжилсэн хэвээр.. Уг нь хоёр жилийн өмнө ашиглалтад оруулна гэж амлаж байсан уг замын ажил дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Тодруулбал, төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшлоод байгаа билээ. Энэ тухай Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэхдээ ирэх оны намар бүтээн байгуулалт дуусна гэсэн. Ёстой л Монголын маргааш дуусдаггүйн үлгэр Дарханы зам дээр нүүрлэж байна. 

Жил бүр Дарханы замыг мөдхөн нээх юм шиг ярьдаг ч бодит байдал дээр тоос шороо боссон там шиг замаар иргэд зорчиж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор. 

Дарханы замын бүтээн байгуулалт эхлэхээс өмнө 2017 оны эхний долоон сард  ослын шинжтэй  53 хэрэг бүртгэгдэж байв. Энэ тоо 2018 оны мөн үед 75 болж 41.5 хувиар нэмэгдсэн нь замын ажилтай холбоотой болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байлаа. Мөн 300 гаруй иргэн 200 сая төгрөгийн хохирол амссан гэх мэдээлэл ч бий.

Ослоор бэртсэн болон амь насаа алдсан иргэдийн статистик:

  • 2019 онд 25 иргэн амь насаа алдсан бол 79 хүн бэртжээ.
  • 2020 онд гурван хүн нас барж 25 хүн гэмтсэн байна. 
  • 2021 оны эхний хагас жилийн байдлаар 20 гаруй хүн зам дээр амиа алдаж, 40 гаруй нь гэмтжээ.

Хамгийн сүүлд гэхэд, Дарханы замд “Тоёота Приус-20” маркийн автомашин “Ниссан Санни” маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас нэг хүн амиа алдсан ноцтой осол өнгөрсөн сарын 26-нд гарсан. Энэ мэт ослууд цөөнгүй гардаг нь ч өдгөө ердийн үзэгдэл мэт болж иргэд ч дөжирсөн бололтой. Цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд жолооч нарыг хурдаа тохируулахыг, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж сэрэмжлүүлдэг. Нэг талаар жолооч нарын хариуцлага, сонор сэрэмж чухал ч нөгөө талаар там шиг болсон автозам, тоосжилтоос болж иргэд амиа алдаж байгаа нь худлаа биш.

Цөөхөн хүн амтай мөртлөө жилд 100 шахам иргэнээ бид зам дээр алдсаар. Үүний буруутан жолооч нар болоод дуусдаг. Гэтэл цаг тухайд нь замын бүтээн байгуулалтаа хийж чадаагүй төрийн хариуцлагагүй бодлогоос болж  өчнөөн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч буйн хохирлын талаар хэн ч хөнддөггүй. 

Энэ бүхэнд салбарын сайд нь бүүхэл гүйцэтгэгч компаниудын нэг нь ч хариуцлага хүлээж уучлал гуйсан нь үгүй. Хэчнээн гэр бүл энэ зам дээр хагацал, зовлон амссаныг хэлэхэд бэрх.

 Улаанбаатар-Дархан чиглэлийн  замыг  дөрвөн эгнээ болгон өргөтгөж,  204.11 км урт байхаар төлөвлөөд буй. Үүний 137 км авто замыг энэ оны долдугаар сард нээсэн билээ. Эл бүтээн байгуулалт нь нийт таван багц ажил хийгдэхээс хоёр, дөрөвдүгээр замын ажил одоо ч дуусаагүй асуудалтай хэвээр байна. Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр аравдугаар сарын сүүл хүртэл замын бүтээн байгуулалт үргэлжлэх  нь. Гэвч ирэх оны намар нь Дарханы зам тоос боссон хэвээрээ, салбарын сайд нь дахин “зун бороо хур ихтэй байлаа" гэж өөрсдийнхөө хариуцлагагүйн үйлдлийг тэнгэр хангайд тохоод явж байх вий. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж