АНУ, Талибаны хооронд анхны яриа хэлэлцээ болов

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

АНУ, Талибаны хооронд анхны яриа хэлэлцээ болов

АНУ, Талибаны хооронд анхны яриа хэлэлцээ болов

АНУ Талибаны засаглалыг улс төрийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй ч эдийн засгийн уналтын ирмэг дээр байгаа Афганистаны нэн ядуу иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Тодруулбал, талуудын анхны шууд яриа хэлэлцээ өнгөрсөн Бямба гаригт Катарын Доха хотноо амжилттай болж өндөрлөв.

Энэ нь өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр АНУ Афганистанаас хамгийн сүүлийн цэргээ татсанаас хойш талуудын хооронд өрнөсөн анхны яриа хэлэлцээ байв. Гэвч АНУ-ын талаас уг яриа хэлэлцээ Талибаны засаглалыг хүлээн зөвшөөрөх урьтал нөхцөл болохгүй гэдгийг онцолжээ. Мөн уулзалтын үр дүнгийн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Харин уулзалтын талаар Талибаны улс төрийн хэвлэлийн төлөөлөгч Сухаил Шахин “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа "Талибанчууд Афганистаны газар нутгийг бусад орны эсрэг дайралт хийх түшиц газар болгохгүй гэдэг амлалтыг өгсөн" гэжээ. Мөн Афганистанд үйл ажиллагаа нь улам бүр идэвхжиж буй Исламын улс бүлэглэлийг таслан зогсоох тухай асуудал уулзалтын чухал сэдэв байв.

Тус бүлэглэл хамгийн сүүлд Баасан гаригт халдлага үйлдсэнээр Исламын шашны Шийт урсгалын 46 шүтлэгтэн амиа алдсан билээ.

Гэвч Талибан энэ асуудлаар Вашингтонтой хамтран ажиллахаас татгалзсан бөгөөд өөрсдөө бие даан шийдвэрлэх бүрэн боломжтой гэжээ. Зэвсэгт бүлэглэлийг илрүүлэн устгах зорилготой “Ардчилсан орнуудыг хамгаалах сан”-гийн ахлах ажилтан Билл Рожжио Талибанчууд Исламын улс бүлэглэлийг устгахад Вашингтоны туслалцаа хэрэггүй гэдэгт санал нэгдсэн байна.

Тэрбээр талибуудад тус бүлэглэлийг устгах хангалттай хэмжээний мэдлэг туршлага, нөөц бололцоо байгааг онцолсон юм. Үүнээс гадна Исламын улс бүлэглэл Пакистан, Иранд аюулгүй орогнох давуу эрх эдэлдэггүй нь сайн тал болж байгаа ч бүлэглэлийг бүрэн устгана гэдэг урт хугацаа шаардсан ажил болохыг Талибанчуудад анхааруулжээ.

Цаашлаад, Талибанчууд Аль-Каида бүлэглэлийг удаан хугацаанд дэмжиж ирсэн нь АНУ талибуудтай терроризмын эсрэг түншийн харилцааг тогтооход хүндрэл учруулж байгааг онцлов. Талибанчууд есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан Аль-Каида бүлэглэлд орогнол олгож байсан нь 2001 онд АНУ-ын цэргүүд Афганистан руу нэвтрэх суурь шалтгаан болж байв.

Рожжио хэлэхдээ "Аль-Каида бүлэглэлийг тууштай дэмжиж ирсэн Талибанчуудыг терроризмын эсрэг түншээ болгох нь АНУ-ын хувьд галзуурсан үйлдэл байх болно” гэсэн юм.

Уулзалтын үеэр АНУ-ын албаны хүмүүс Афганистанаас хараахан гарч амжаагүй байгаа гадны орны иргэдийг хэрхэн шилжүүлэх тухай асуудлыг хамгийн их сонирхсон гэхэд болно. Талибанчууд энэ талаар мэдэгдэхдээ "гадаадын иргэдийг шилжүүлэх асуудалд дэмжлэг үзүүлнэ" гэхээс өөр зүйл хэлээгүй аж.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж