УИХ-ын 18, 28 дугаар тойрогт буюу Хэнтий, Сонгинохайрханд явагдсан нөхөн сонгуулийн ирц бүрдсэнгүй. Иймээс ирц бүрдээгүй хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Гээд нэмэлт санал хураалт явуулсан ч МАН ялах нь гарцаагүй үнэн болжээ.
Одоогоор нэр дэвшигчдээс авсан саналаараа нэгд бичигдэж байгаа Э.Батшугар эрийн сайндаа ялалт байгуулсангүй, эцгийн наймаа, эрх баригчдын мөнгө, авлигын хүчинд арай ахиухан санал авав. Мөнөөх л иргэдийнхээ регистрийн дугаараар наймаалцдаг, таваг хоолоор таягтай хөгшдийг худалдаж авдаг хар технологио эрх баригчид хангалттай ашигласан. МАН хар сүлжээгээр Э.Батшугар ялсан болохоос түүнд итгэсэн саналаа өгсөн сонгогч тун цөөхөн дөө.
Харамсалтай нь, Монголын улс төрийн тулх багана гэгдэж явсан Ардчилсан нам гуравдугаарт, өмнө нь ХҮН бичигджээ.
Цувж явсан бараас цуглаж суугаа шаазгай дээр гэж үг бий. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Женко ардчилсан намд элссэн С.Ганбаатар, Н.Алтанхуягийг оруулаад парламентад 13 суудалтай болсон Ардчилсан нам ХҮН-ын ганц төлөөлөл болох Т.Доржхандаас ч долоон дор сонгуульд оролцов. Үндсэндээ, сүүлийн хоёр ч удаагийн сонгуулийн үр дүнгээс харахад ХҮН-д хүч тэнхээ суух боломж байна.
Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбатыг нийт сонгогчдын 250 мянга нь дэмжсэн байдаг. Тэгвэл өчигдөр болж өнгөрсөн СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшсэн Б.Найдалаа 5500 хүний санал авчээ.
Нөхөн сонгуулийн талаар УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандын өнөөдөр /2021.10.11/ өгсөн мэдээлэл нь “Нийт иргэдийн 40 хүрэхгүй хувь саналаа өгсөн байна. Сонгуулийн ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт авах нөхцөл байдал үүсээд байна. Эрх баригчид машин, машинаар нь иргэдээ зөөж, дүүрэг хороодын бүх ажилтан албан хаагч, төрийн өмчийн компанийг ажиллуулсан мэдээлэл ирж байна. Маш олон хүн зөөгөөд ч ирц хүрсэнгүй. Ийм байдлаар яваад байвал ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унах цаг үед амьдарч байна” гэх үг.
ХҮН-аас “Сонгуулийн холимог системийг яаралтай Үндсэн хуульд тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулдаг болох ёстой. Энэ ажил руугаа хамтдаа орцгооё. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаагаа явуулах боломжийг нь хангацгаая. Хамтдаа хийцгээе. Сум, дүүрэг, баг, хороог улс төрөөс хол байлгаж, иргэдээс шууд сонгодог байхаар зохицуулалтыг ажил хэрэг болгоё. Эдгээр асуудалд хамтарч ажиллахыг нийт улс төрийн хүчнээс уриалж байна. Мөн дангаараа ноёрхох бодлогоо хорихыг МАН-ын удирдлагаас шаардаж байгаа”-г бусад намууд дэмжих ёстой юм. Үгүй бол МАН-ын захиалгын дагуу л сонгууль явагддаг болох нь байна.
Мэдээж, унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр АН-ын саналыг ХҮН хуваасан гэх шүүмжлэл улс төрийн хүрээнээс сонсогдож байна Үнэндээ ХҮН санал хуваасан биш АН өөрөө нэр дэвшигчээ тултал нь дэмжиж ажилласангүй. Бүлэг нь хүртэл бүлх залгисан байдалтай л сонгуульд оролцлоо.
Д.Энхбатад, Б.Найдалаад саналаа өгсөн дэмжигчид бол цэвэр улс төрд шинэ сонголт хийхийг хүсэгчид гэж дүгнэж болно. Өөрөөр хэлбэл, ХҮН-ын санал бол жинхэнэ цэвэр органик дэмжлэг байлаа. Тэгэхээр ХҮН хэрэвзээ энэ эрчээрээ явж чадах юм бол ирэх 2024 онд ганц суудлаа олон болгох боломжтой. Эндээс харвал ардчиллыг хамгаалах үүрэг АН-д биш ХҮН-д иржээ
Б.БАТ
Холбоотой мэдээ