Хятад Тайвань арал руу байлдааны онгоц хөөргөх ажиллагаагаа зогсоосон боловч арлыг Хятадын эх газартай "тайван замаар" нэгтгэх нь Бээжингийн ашиг сонирхолд нийцэж байгааг Бямба гаригт мэдэгдэв. Тодруулбал, Хятадын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын танхимд болсон албан ёсны арга хэмжээний үеэр энэ мэдэгдлийг хийжээ.
Арга хэмжээний зорилго нь Хятадын эрх мэдэл, нөлөө нэмэгдэхийн хэрээр эрх баригч Коммунист нам цаашид улс орныг хэрхэн удирдан чиглүүлэх тухай асуудлыг хэлэлцэх байв.
Ши Жиньпин ёслолын танхимд цугласан улстөрч, цэргийн албан хаагч болон бусад албаны хүмүүст хандан "Үндэстнийг нэгтгэх ажлыг хийх ёстой, хийх ч болно" гэж хэлжээ. Мөн энх тайвнаар эвлэлдэн нэгдэх нь Хятад үндэстэн, тэр дундаа элэг нэгтэн Тайванийн нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгааг яриандаа онцлов.
Энэ нь Хятадын ардын чөлөөлөх армиас Тайвань руу хамгийн олон тоогоор цэргийн нисэх онгоц илгээснээс хэд хоногийн дараа хийж буй мэдэгдэл юм. Тодруулбал, аравдугаар сарын 1-нээс эхлэн эх газраас Тайвань руу сөнөөгч, бөмбөгдөгч, агаараас сэрэмжлүүлэх нисэх онгоцоос бүрдсэн нийт 149 онгоц дөрвөн өдрийн турш хөөргөсөн билээ.
Дашрамд, Бямба гаригт Бээжин хотноо болсон ёслол нь Хятадын цэргүүд Чин улсын эзэн хааныг түлхэн унагааж Сун Ятсений удирдлага дор БНХУ байгуулсны 110 жилийн ойд зориулсан арга хэмжээ юм. Тодруулбал, БНХАУ 1949 онд байгуулагдсан бол БНХУ 1911 онд байгуулагдаж байв.
Тайвань арал мөн аравдугаар сарын 10-ны энэ өдрийг Үндэсний баярын өдөр болгон тэмдэглэдэг. Учир нь Тайвань, Хятад хоёр энэ түүхэн үйл явдлаас 38 жилийн хойно буюу 1949 онд "өрх тусгаарлажээ". Ийнхүү өнөөдөр Хятадад нэг намын тогтолцоо дангаар ноёрхож, Тайваньд олон намын тогтолцоо хэрэгжиж байгаа энэ үед Ши Жиньпин нэгдмэл ирээдүйн талаарх хүсэл эрмэлзлэлийг хөндсөн болно.
ЭХ СУРВАЛЖ: USA TODAY
Холбоотой мэдээ