“Оюутолгой”-н гүний уурхай ирэх онд ч ашиглалтад орохгүй юу?

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н гүний уурхай ирэх онд ч ашиглалтад орохгүй юу?

“Оюутолгой”-н гүний уурхай ирэх онд ч ашиглалтад орохгүй юу?

“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэж, уурхай ашиглалтад орох хугацаа бараг хоёр жилээр хойшилсон. Энэ асуудлаар хөндлөнгийн шалгалт хийсэн тухай шинжээчдийн дүгнэлт өнгөрсөн наймдугаар сард гарсан билээ. Уг дүгнэлтээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал 1.45 тэрбум ам.доллар буюу дөрвөн тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй байна гэж үзсэн байдаг.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж “Оюутолгой”-н гүний уурхай ашиглалтад орох хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшилж болзошгүй байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт “Financial Times”-аас зохион байгуулдаг уул уурхайн салбарынхны томоохон уулзалтад оролцох үеэрээ “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жек Стаусхолм “Оюутолгой”-н гүний уурхайн үйл ажиллагаа төлөвлөсөн ёсоор ирэх оны аравдугаар сард эхэлнэ гэж баттай хэлэхэд хэцүү" гэж мэдэгджээ.

Тэрбээр “Монголд халдварын тархалт өндөр байгаа нь “Оюутолгой”-н гүний уурхайн олборлолтын ажил эхлэхэд тодорхойгүй байдал үүсгэж байна. Одоогийн нөхцөлд зэсийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй. Харин хөнгөн цагааныг дахин боловсруулах чиглэлээр судалгаа хийж байна” гэж мэдэгджээ.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр Монгол Улсын Засгийн газраас “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болдод захидал илгээсэн байна. Тодруулбал, “Оюутолгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар захидалдаа “Financial Times”-ийн мэдээлснээр төсөлтэй холбоотой үр дүнтэй яриа хэлэлцээ хийгдээгүй, мөн өдий хүртэл бодитой ахиц гарахгүй байгааг дурдаад,

"Монгол Улсын Засгийн газрын тэвчээр алдрахад ойрхон байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд ирүүлсэн “Rio Tinto”-гийн хариу тайлбарт сэтгэл дундуур байна" гэжээ.

Тус захидалд "Уурхайн зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилсны үр дагаврыг Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд хүлээх ёсгүй" хэмээн онцолсон байна. Мөн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил цар тахлаас өмнө бүрэн дуусах боломжтой байсныг дурдаад, "Зардал яагаад хэтэрсэн талаар “Rio Tinto”-гоос баримт нотолгоотой тайлбар ирүүлэхгүй бол хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тусгасан шалтгаануудыг зардал хэтрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс гэж үзнэ" гэжээ. Улмаар "Цаашид хөрөнгө оруулагч тал мэдээллийн ил тод байдлыг хангаснаар Монгол Улсад чухал ач холбогдолтой энэхүү төслийг үргэлжлүүлэх боломжтой болно" гэсэн байна.

“Rio Tinto” компани өмнө нь “Оюутолгой” төслийн гүний уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд хөрсний чулуулаг болон монгол ажилтнуудтай холбоотой зардал өндөр байсан” гэсэн хариу тайлбар Засгийн газарт өгсөн билээ.

Монгол Улсын Засгийн газар бүтээн байгуулалтын зардал ихээр нэмэгдсэн ТЭЗҮ-ийг хүлээн зөвшөөрөхгүйгээ албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс 2015 онд батлагдсан санхүүжилтийн төлөвлөгөө, ТЭЗҮ-ийнхээ хүрээнд олборлолтоо эхлүүлэх ёстой. Цаг алдах тусам хохирол улам нэмэгдэх тул гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа билээ.

“Оюутолгой” ХХК Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланд тухайн ордын нөөц 8 орчим хувиар буурсан, төслийн зардал яагаад нэмэгдсэн талаар тодорхой тайлбар өгөхгүй байсаар байв.

Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч талтай 2020 оны дөрөвдүгээр сараас яриа хэлэлцээ эхлүүлсэн. Засгийн газрын Ажлын хэсгийг 2021 оны нэгдүгээр сарыг хүртэл тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байв. Тэрбээр "Оюутолгой төсөлд тулгамдаад буй олон асуудал гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж, хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж буйтай холбоотой" гэж мэдэгдсэн.

Монгол Улсад уг төслөөс ирэх үр өгөөж их хэмжээгээр буурсан, гадаадын хэвлэл мэдээллээр эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарч байгаа зэргээс шалтгаалж 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж хөндлөнгийн шалгалт хийлгэх саналыг "Рио Тинто" компанид албан ёсоор хүргүүлсэн билээ.

"Оюутолгой" төслийн менежментийг хэрэгжүүлснийхээ төлөө жил бүр 200 гаруй сая ам.долларыг төлбөр болгон авдаг "Рио Тинто" компани хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулах шийдвэрийг эрс эсэргүүцсэн. Засгийн газрын төлөөллүүд анх удаа “Туркойс Хилл” компанитай хамтран ТУЗ-ийн тогтоолыг дийлэнх олонхийн саналаар батлуулсан байдаг.

"Оюутолгой"-н гүний уурхай ашиглалтад орвол олборлолт эрс нэмэгдэж, дэлхийд тэргүүлэх уурхайнуудын нэг болох билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж