Замын-Үүд суманд үүссэн нөхцөл байдал улам хүндэрсэн талаар улс хоорондын ачаа тээврийн жолооч нар өнөөдөр/2021.10.11/ мэдээлэл хийлээ.
Замын-Үүд сумын иргэн н.Эрдэнэбилэг:
-Би Замын-Үүдийн ард иргэдийг төлөөлж байна. Манай сумаар нүүрс тээвэрлэлт хийх гэж байна. Үүнийг бид эсэргүүцэж, Л.Халтар сайдад уламжилж байна. Замын-Үүд сум өмнөд хилийн ганц нүүр царай. Нүүрс тээвэрлэлт хийвэл хоёр дахь Цагаан хад болно. Бид эрүүл цэвэр орчинд амьдрах ёстой. Нүүрсэн хар болмооргүй байна. Зориулалтын боомтоор нүүрс тээвэрлэлтээ хийвэл яасан юм бэ. Бид энэ шийдвэрийг эсэргүүцэж байна.
Тээвэрчдийн төлөөлөл:
-Засгийн газраас нөхцөл байдал дээр удаа дараа ажиллаж, өдөрт 100 тээврийн хэрэгсэл гарч байсан. Гэтэл өнөөдөр буцаад урьдын нөхцөл байдалдаа очлоо. Өдөрт 25 машин л орж байна. Нүүрс тээврийн гэх нэрийдлээр 40-50 машин явж байна. Өдөрт 25 машин явж байна гэдэг нь Эрээний ачаа бараа бөөгнөрөх гол шалтгаан. Үнийн хөөрөгдөл ачаа тээврийн гацаатай холбоотой. Эрээний талаас хориг тавьж байна гэсэн. Бидний туршлагаас харахад 200-250 машин хүлээн авах талбай Эрээнд бий. Ард иргэд бухимдаад ирэхээр жолоочид үнээ нэмээд байна гэдэг. Бид бүхэн гэрээний дагуу ажиллаж байгаа. Улиралд ганцхан машин орж гарч байна. Үнэхээр болохгүй байгаа юм бол Эрээнээс Өвөрмонгол жолоочдыг ажиллуулаач гэж байгаа юм. Цар тахлыг далимдуулж дарга, сайдын нэр бариад компаниуд орж ирж, нүүрсний асуудлаа шийдэж байна. Иргэдийн ач бараа, импортын бараа гацаад байна.
Эрээнд Монголын 30 гаруй жолооч байна. Тэд л Монголын импортын барааг оруулж ирдэг.
Сая Хятадын хил рүү 70 жолооч оруулсан боловч шинжилгээний хариу нь эерэг гараад буцаж ирсэн. Дахиж жолооч нэмж авахгүй гэсэн. Замын-Үүдээс 20 гаруй км-ын зайтай Шаргын овоонд биднийг тусгаарладаг. Дундын дамжлага маш дарамттай байна. Оочер дараалал, эвдрэл, хулгай тэнд гарч байна. Төрийн байгууллагуудын шийдвэр хөрсөн дээрээ буухгүй. Шаргын овоонд нөхцөл байдал хүнд, хоол хүнс асуудалтай. Бид үнийн хөөрөгдлийг буулгъя гэж байгаа. 100 жолооч л оруулчих. Өмнөговийн машин хулхи Дорноговийн дугаар аваад баригдлаа. Хятад эзэнтэй компаниуд нүүрс тээвэрлэлт гэх нэрийдлээр импортын тээвэр хийж байна. Бид туйлдаа хүрлээ. Жолооч нар хоёр хилийн хугацаанд хилийн наана цаана байлаа. Машин цөөрөөд байна. Улиралд ганц олдож буй тээвэр хийх боломжоороо мөнгө олж байна. Өдөрт 100 машин тээвэрлэх боломжоор хангаад өгөөч гэж л гуйж байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж байна гэдэг ч ямар ч хариу байдаггүй. Нүүрсний машин л дараалалгүй орж байна. Ажлын хэсэг цахимаар л ажлаа хийж, хөрсөн дээр буусан бол бид энд суухгүй байсан. Эрээн хотод цар тахлын дэглэмийг сайн баримталж байгаа. Монголын шинжилгээний лаборатори найдваргүй шинжилгээ хийж байна гэж бодож байна. Нэгэнт манайхаас жолооч дахин орох боломжгүй болсон учир Эрээний Өвөрмонгол жолооч нарыг энд оруулаач гэж байгаа юм. Харин бид эндээс машин тэргээр хангана. Засгийн газартай хийсэн гэрээний дагуу л бид төлбөрөө авдаг.
Алтан шар зам ТББ-ын гишүүн н.Ганбаатар:
-Эрээн рүү тээвэр хийдэг жолооч нарыг Шаргын овоонд тусгаарлаж байгаа. Улаанбаатар, Сайншанд, Шаргын овоо гээд газруудад шинжилгээ өгч байна. Ямар ч орчин нөхцөлгүй, мөнгө саасан, хэсэг бүлэг хүмүүсийн бизнес болсон Шаргын овоог татан буулгах хэрэгтэй. Зориулалтын буудалдаа байрлаад машин тэргээ аваад тээвэр хийдэг болгож өгөөч гэж хүсч байна.
Холбоотой мэдээ