
Нартай, бороотой зуны хэмнэл дээр хурц содон өнгө нэмсэн үйл явдал бол Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь огцруулахаас үүдэлтэй дажин юм. Хоёр даргын суудлаас үүдэж, төрийн институциуд ч хөдөлгөөнд орсон. Ерөнхийлөгч, УИХ, Улсын ерөнхий прокурор, тэр ч атугай Тагнуулын ерөнхий газрын хооронд хөл, толгой нь мэдэгдэхгүй бужигнаан үргэлжилсээр намрын эхэн сартай золгож байна. Дарга нь ажилтнаа чагнаж, ажилтан нь даргаа дээд газарт ховлосон гэх эмх замбараагүй эл байдлын уршгаар хуулийнхны нэр хүнд шалдаа бууж, Ерөнхийлөгчийн зүгээс хууль, шүүхийн байгууллагад нэн яаралтай шинэчлэл хийх цаг ирээд байна. Төрийн сүлд дор шударга, үнэнийг дэнсэлдэг шүүхийнхний хуудуутай үйлдлийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч хаацайлаад өнгөрлөө. Гэвч энэ бүхэнд төрийн эрх барих дээд байгууллага, бас хууль тогтоогчид ямар хариулт өгөх нь ирэх саруудад тодорхой болох биз. Хуурамч диплом өвөртөлж, төрийн нэрийг барьсан хуурамч шүүгчдээ өмөөрдөг ерөнхий шүүгчтэй байсаар байх уу гэдгийг ч тэд мэргэн ухаанаар шийдэх нь гарцаагүй. Ямартай ч АТГ-ын удирдлагуудын асуудал сандал, ширээний явдлаас хальж, улс төрийн хүчнүүд, улстөрчдийн дунд хямрал өдүүлсээр байгаа. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо өнгөрсөн даваа гарагт хуралдах байсан ч “Ирц хүрээгүй“ гэсэн шалтгаанаар хуралдаагүй. Мөн спикер Д.Дэмбэрэл Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нарын шаардлага, албан бичигт тоймтой хариу өгөх ёстой ч бас л таг чиг. Энэхүү үйл явдал “Унтамхай“ зуныг ч сэрээж, намар цагийг улс төрийн халуухан орчин дор өнгөрүүлэх нь.
Энэ зуур ахмад настан, хүүхэд багачууд, эмзэг бүлгийнхэнд эхний ээлжинд очих ёстой байсан “Хүний хөгжлийн сан”-ийн амсуурга төдий 10 мянга төгрөг нь алга болчихсон сурагтай. Төрийн нэртэй хишиг хүртэх сонирхолтой ахмадууд банкны үүдийг өдөр бүр сахиж, “Хэзээ 10 мянгаа өгөх вэ” гэдэг асуултаар теллер нарыг нь сандаргаж байна. Тэд хариуд нь “Мөнгө нь орж ирээгүй байгаа” гэх үгээр амыг нь таглаж, арга ядсан өвөө, эмээ нар хэнээс хариулт авахаа мэдэхгүй мунгинах ажээ. Ийн улс төрийн намуудын амлалтын үнэ цэнэ 10 мянган төгрөг дээр өнхөрч ойчвол харамсалтай л хэрэг баймаар. Гэхдээ “Хүний хөгжлийн сан”-д санхүүжилт дутсан ч МАХН-ын байр урагштай гэгч нь урагшилж байгаа гэж чигтэйхэн. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Манай байрны гүйцэтгэл 70 хувьтай байгаа. Ирэх он гуравдугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийнэ” гэж мэдэгдэв. Болоо ч үгүй “Шинэ байртай болж. Түүнийгээ “Ардчиллын ордон-Ард түмний өргөө” хэмээн нэрийднэ” хэмээгээд Ардчилсан намынханд хандан “Манай байранд атаархаж байхаар өөрсдийнхөө байрыг эхлүүлбэл дээр дээ” гээд авсан. Үүнд нь бухимдсан Ардчилсан намынхан ч “МАХН Хятадаас санхүүжилт авсан. Үүнийгээ тайлбарла” гэх тулган шаардалт хийхийг зорьсон нь өнгөрөгч долоо хоногийн улс төрд хачир нэмэв.
Ийнхүү Монголын улс төр чимээ шуугиан багатай зун цагийг өнгөрүүлж байна. УИХ-ын гишүүд орон нутгийн наадам, овоо тахилгын баярт хүндэт зочны үүрэг гүйцэтгэж, ирэх намрын улс төрийн талаар өөр зуураа мессеж шидэлцэж суугаа. Харин иргэд нь “10 мянган төгрөг хаа байна” хэмээн хайж эрсээр л. Гэхдээ энэ дунд “Унтамхай” зуны онц гойд нэг хачир байгаа нь Таксин Чинаватра байлаа.
Тайландын Ерөнхий сайд асан түүнийг улс орных нь шинэ удирдагчид “Бослого удирдсан, санхүүжүүлсэн, авлига авсан” хэмээн буруутгаж буй. Нутагтаа байсан бол улс төрийн ялтан болох нь тодорхой байсан түүнийг Монголоос бусад орон хүлээж авахгүй байсан эсэх нь эргэлзээтэй. Наад зах нь гэхэд Их Британийн төр орогнол олгохгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Харин Монголд түүнийг Ардчилсан намын нөхөд хүлээн авч, өнөөдрийг хүртэл орогнуулсаар байгаа нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болов. Бид түүнийг оргодол босуул хэмээн тодорхойлоход хэцүү ч Азийн ардчилалд үнэтэй хүн гэдгээр нь харахад буруудахгүй. Улс төрийн нөлөө бүхий эрхмүүд “White house”-ийг зүглэж, монгол эрсийг хамгаалалтад гаргаснаас нь харвал Таксин Чинаватраг хамгаалах шаардлага манайханд байгаа бололтой. Үүнээс өөрөөр мэдээлэл дэлгэхээс татгалзаж буй улс төрийн нөхөд Тайландын төрд ямар хариу өгөх нь тодорхойгүй байна. Нам жим улс төрийн цаана намжмал бус үйл явдал нуугдаж байдгийн жишээ энэ биз ээ.
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн өөр нэгэн сонирхолтой үйл явдал гэвэл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах Ажэй Чиббер Монгол Улсад айлчилж, Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг шалгасан. Тэрбээр монголчуудад сайн ч дүн тавьсангүй. Бас муу ч гэсэнгүй. Гэхдээ зээл, тусламж авахын сацуу олон улсын томоохон шалгуурыг хэзээ нэгэн цагт давах ёстой гэдгийг сануулаад буцлаа.
Г.ОТГОНЖАРГАЛ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин