Вакцины гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнд хүрэв

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

Вакцины гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнд хүрэв

Вакцины гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнд хүрэв

Итали улсад энэ долоо хоногоос Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн эсвэл шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг ажлын байранд нэвтрэх зөвшөөрөл олгох тухай шийдвэр хэрэгжих юм. Тодруулбал төрийн болон хувийн хэвшлийн ажилтнуудаас энэ аравдугаар сарын 15-наас эхлэн "Ногоон паспорт" вакцины гэрчилгээг шаардахаар болжээ.

Үүнтэй холбоотойгоор Ром хотын олон мянган оршин суугч Виа Венето болон бусад томоохон гудамжуудад өргөн хүрээний жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэв. Иргэд анх Бямба гаригт Пяцца Дел Пополо гудамжинд зөвшөөрөлтэй жагсаал зохион байгуулж байсан ч цагдаа нартай мөргөлдөөн үүсгэж, улмаар жагсаал үймээн самуунаар солигджээ.

Хуяг, дуулга өмсч, бамбай, бороохойгоор зэвсэглэсэн цагдаа нар хамгийн түрүүнд жагсагчдыг ерөнхий сайд Марио Драгийн байрлаж буй талбайн хэсэг рүү хүрэхээс сэргийлж байв. Гэвч жагсагчдын нэг хэсэг Ром хотын түүхэн худалдааны гудамжаар дамжин ерөнхий сайдын ажлын байрны орчимд хүрч ирсэн байна. Үүний улмаас цагдаа нар цагдаагийн бүхээгтэй тэрэг, ус шүршигч ашиглах шаардлагатай тулгарчээ.

Харин жагсагчид гар гараасаа чанга атгалцан, Италийн төрийн далбааг мандуулж байсан юм. Тэдний нэг хэсэг нь "Эрх чөлөө" хэмээн хашгиралдаж байсан бол нөгөө хэсэг нь “Бидний ажлын байрнаас гараа тат” гэсэн бичигтэй лоозонг барьжээ. “Rai State TV” жагсаалд доод тал нь 10 мянган хүн оролцсон гэж мэдээлсэн бол зохион байгуулагчдын хэлснээр 100 мянга орчим хүн байсан гэнэ.

Италид ажилтнууд "Ногоон паспорт" үзүүлж байж, ажилдаа орох шаардлагатай болсон нь иргэдийг ийнхүү бухимдуулсан юм. Энэ гэрчилгээг авахын тулд дор хаяж нэг тун вакцин хийлгэсэн байх, сүүлийн зургаан сарын хугацаанд өвдөөд эдгэрснээ баталгаажуулах эсвэл 48 цагийн дотор хийлгэсэн сөрөг шинжилгээний хариутай байх шаардлагатай аж.

Энэхүү журмыг биелүүлээгүй ажилтан болон ажил олгогч нарын аль алинд торгууль оногдуулах юм. Тэр дундаа төсвийн байгууллагын ажилчид “Ногоон паспорт”-гүйгээр таван удаа ажилдаа ирвэл ажлаас нь түдгэлзүүлэх аж.

Гэрчилгээний журам Итали улсад зуны турш хэрэгжиж ирсэн ч музей, театр, биеийн тамирын заал, ресторан, холын зайн галт тэрэг, автобус, дотоодын нислэгээр үйлчлүүлэхэд шаардлагатай байв. Гэвч ерөнхий сайд Драгийн засгийн газар вакцинжуулалтыг нэмэгдүүлэхийн тулд “Ногоон паспорт”-ны журмыг ажлын байранд ч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж