Оюу толгойн 34 хувийг худалдах үндэслэл, боломжийг ашиглах тухай доктор Ph.D, дэд профессор Маньбадарын Довуучийн нийтлэлийг хүргэе.
"Оюу толгой” бол Монгол Улсын эрдэс баялгийн арвин нөөцтэй, стратегийн тэргүүлэх ач холбогдол бүхий томоохон орд газар тул улс төр, сонгуулийн маргаан мэтгэлцээний нэг сэдэв болсоор ирсэн. Ийм учраас миний бие өөрийн саналыг хуваалцаж, тус төслийг хэрхэн үр ашигтай болгох, манай улс ашиг хүртэх боломжит хувилбарыг эрж хайх, тодорхой төлөвлөгөө гаргаж, санал дэвшүүлэхийг зорилоо.
Олон жил яригдаж, маргалдаж, мэтгэлцсэний үр дүнд төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд, харин 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулсан. Маргааны гол сэдэв бол эхэндээ тус ордод төрийн эзэмшлийн хувийг өндөр байлгах тухай асуудал байсан бөгөөд эцсийн үр дүнд 34 хувь байхаар тогтсон билээ.
Эзэмшлийн хувь хэмжээ нь анхны хөрөнгө оруулалтын зардлыг тэр хувь хэмжээгээр хариуцах ба түүнд үндэслэн ашиг хүртэх гэсэн агуулгатай байдаг. Иймд манай улсын Засгийн газар төслийн анхны хөрөнгө оруулалтын зардлын 34 хувийг хариуцах буюу санхүүжүүлэх үүрэг хүлээж, харин ногдол ашиг хуваарилах тохиолдолд түүний 34 хувийг хүртэнэ гэсэн утгатай гэрээ юм. Гэрээг байгуулах үед төрийн эзэмшлийн хувийг 34 хувиас буулгахгүй өндөр байлгаж чадсан, төслийн бүтээн байгуулалт 10 гаруй жил үргэлжилнэ, Монголын ард түмэн тун удахгүй 34 хувийн ногдол ашиг хүртэнэ хэмээн мэдэгдэж байсан. Гэвч анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 4,2 тэрбум ам.доллар байснаас эрс нэмэгдэхийн хэрээр ногдол ашиг хүртэх хугацаа анх тооцсоноор 2021 он, дараа нь 2034 он, одоо бүр 2050 он гэж яригдаж эхэлсэн. Ийнхүү анхны хөрөнгө оруулалтын зардал эрс өсөх, ногдол ашиг хүртэх хугацаа хойшлогдох тусам манай улсын хувьд мөнгөн урсгалын эрсдэл нэмэгдэж байна гэсэн үг.
Төрийн эзэмшлийн хувь өндөр байх нь тийм ч чухал биш юм. Учир нь бизнесийн ашиг тусыг зөвхөн ногдол ашиг бус, бусад хэлбэрээр хүртэх боломжтой. Хэдийгээр ногдол ашиг хуваарилахад эзэмшлийн хувь өндөр байх нь илүү их ашиг хүртэх боломжийг олгох хэдий ч анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх үүрэг нэмэгдэнэ.
“Оюу толгой” төслөөс Монголын тал ашиг хүртэх бус харин ч өр төлбөрт унаад байгаа. Үүний үндсэн шалтгаан бол анхны хөрөнгө оруулалтын зардлын 34 хувийг манай талаас 100 хувь зээлээр санхүүжүүлж байгаатай шууд холбоотой. Цаашид хөрөнгө оруулалтын зардал өсөх тусам зээл, хүүний төлбөр өсч, өрийн хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй. Хэрвээ манай тал нэг хувь эзэмшиж байсан бол 4,2 тэрбум ам.долларын нэг хувь буюу 42 сая ам.доллар, 10 тэрбум ам.доллар болж өслөө гэхэд 100 сая ам.доллар болно. Энэ хэмжээний зардлыг бол ямар ч Засгийн газар өрийн дарамтгүйгээр гаргах боломжтой. Гэвч харамсалтай нь 34 хувийн эзэмшил, түүнтэй холбоотой хүлээх хариуцлага, эрсдэлийг орхигдуулсан гэхэд болно. Иймд тус ордын төрийн эзэмшлийн хувийг зайлшгүй бууруулах буюу худалдах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж, түүний үндсэн шалтгаан, үндэслэлийг нэрлэж байна.
- Хөрөнгө оруулалтын гэрээ анхнаасаа ашиггүй нөхцөлөөр байгуулагдсан бөгөөд харин ч дордуулсан хэмээн үзэж байгаа. Тус гэрээг сайжруулах нь нөгөө талын ашиг буурах тул тийм ч хялбар шийдэгдэхгүй асуудал юм. Харин эзэмшлийн хувийг худалдсанаар илүү давуу талыг олж авах боломжтой. 34 хувь худалдахад ашиггүй гэрээ хүчингүй болно гэсэн үг.
- Засгийн газар 34 хувь эзэмших гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлж чадахгүй зээл авч байгаа нь хуримтлагдсан өр, хүүний төлбөр эрс нэмэгдсэн. Өрийн хэмжээ цаашдаа ч өсөх хандлагатай.
- Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өндөр байгаа тааламжтай цаг хугацааг ашиглан, гэрээнд өөрчлөлт оруулах, эзэмшлийн хувийг бууруулах шаардлагатай.
- Монголын талын хөрөнгө оруулалтын зардлаас үүдэлтэй өр төлбөр жилээс жилд хуримтлагдан өсч байгаа. Иймд 34 хувийг худалдан борлуулах замаар өрийг тэглэж, өрийн дарамтаас бүрэн чөлөөлөгдөх боломжийг ашиглах
- Оюу толгойн 34 хувийг худалдах замаар Засгийн газрын гадаад болон дотоодын бондын өр, бусад өрийг төлөх санхүүжилтийн эх үүсвэр болгон ашиглах. Өөрөөр хэлбэл хүлээгдэж буй өрийг төлөхөд бэлэн байх нөөц бүрдэнэ.
- Ногдол ашиг хүртэхгүй байх мөнгөн урсгалын эрсдэл нэгэнт хүлээж байгаа тул түүнийг бууруулах, харин татвар болон бусад хэлбэрээр авах ашиг тусыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн.
- Ногдол ашгийн бодлого нь тодорхойгүй тул эрсдэл ихтэй. Харин хувьцаагаа зарснаар ногдол ашиг авахгүй ч гэсэн ногдол ашгийн татвар 10 хувь авах боломжтой.
- Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшлээ гээд Монгол тал өөрт ашигтай шийдвэрийг гаргуулж чадахгүй байгаа. Тодруулж хэлбэл гэрээний нөхцөлөө сайжруулж чадаагүй манай талын хүсэлтийг хүлээж авдаггүй.
- Ордын алтны нөөц нь зэсийн баяжмал нэрээр экспортод гарах эрсдэл өндөр байгаа зэрэг үндэслэлийг дурьдаж болно.
Оюу толгой төслийн 34 хувийг бууруулах нь зүйтэй гэсэн байр суурь, саналаа илэрхийлж, байгаа бөгөөд энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжит хувилбаруудыг толилуулж байна.
Нэгдүгээрт, 34 хувийг бүхэлд нь багцаар худалдах,
Энэ тохиолдолд Монголын тал хувь эзэмшихгүй болно гэсэн үг. Төсөлд оролцох оролцоо, бизнесийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломжгүй ч гэлээ хуулийн дагуу татвар, хураамж, шимтгэлээ авдагаараа авна.
Давуу тал:
- Анхны хөрөнгө оруулалтын зардал өсөх эрсдэлээс хамгаалагдана
- Өрийн хэмжээ тэглэгдэнэ
- Анхны хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх шаардлага гарахгүй
- Валютын нэмэлт нөөц бүрдүүлэх боломж гарна
Сул тал:
- Эзэмшлийн хувь байхгүй болно
- Ногдол ашиг хүртэх боломжгүй болно
- Бизнесийн шийдвэр гаргалтад оролцоо байхгүй болно.
Хоёдугаарт, Хувьцааны 33 хувийг худалдах
Энэ тохиолдолд манай эзэмшил нэг хувь болж буурах хэдий боловч, санхүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж, төсөлд оролцогчоор хэвээр үлдэх боломжтой.
Давуу тал:
- Дахин хөрөнгө оруулалтын эрсдэл буурна
- Анхны хөрөнгө оруулалтын зардлыг бүрэн хариуцах боломжтой
- Өрийн дарамт байхгүй болж, цаашид өр хуримтлагдахгүй
- Валютын нэмэлт нөөц бүрдүүлэх
- Эзэмшлийн хувь бага ч гэлээ төсөлд оролцогчоор хэвээр үлдэнэ.
Сул тал:
- Эзэмшлийн хувь хэмжээ эрс буурна.
- Хүлээгдэж буй ногдол ашгийн хэмжээ багасна.
- Бизнесийн шийдвэр гаргахад оролцоо буурна.
Гуравдугаарт, Хувьцааны 29 хувийг худалдах хувилбар
Манай улсын компанийн тухай хуулинд томоохон хувьцаа эзэмшигчийг хувьцааны таван хувь буюу түүнээс дээш хувийг эзэмшиж буй этгээдийг хэлнэ хэмээн заасан байдаг. Цаашид компанийн тухай хуулиар зохицуулагдах тул том хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх ашигтай хувилбар байж болно.
Давуу тал:
- Дахин хөрөнгө оруулалтын эрсдэл харьцангуй буурна
- Томоохон хувьцаа эзэмшигч хэвээр үлдэнэ.
- Өрийг тэглэх боломжтойн дээр цаашид өрийн дарамтыг эрс бууруулна.
- Анхны хөрөнгө оруулалтын санхүүжилтийн үүрэг буурна
- Төлөх ногдол ашгийн 5%-ийг хүртэх боломжтой.
Сул тал:
- Эзэмшлийн хувь хэмжээ эрс буурна
- Бизнесийн шийдвэр гаргахад нөлөө буурна
- ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх квот буурна.
Эдгээр гурван хувилбараар 34 хувийг зарах тохиолдолд ямар ч тохиолдолд Монголын талд ашигтай хэмээн үзэж болох юм. Хувьцааны багцыг олон болгож санал дэвшүүлж бас болно. Жишээ нь 29 хувийн багцыг 10 хувь, 10 хувь, есөн хувь гэх мэтчилэн гурав хувааж болно. Олон багц болгох тусам төслийн оролцогчид нэмэгдэж, тэр хэрээр компанийн удирдлагад тавих хяналт, шахалт, шаардлага, нөлөөлөл хүчтэй болно. "Рио Тинто" компанид шахалт үзүүлэх хэмжээний томоохон оролцогч тус төсөлд дутагдаад байгаа.
Монголын тал хувьцаагаа ямар үнээр зарах, 34 хувь чухам ямар үнээр үнэлэгдэх вэ? гэсэн асуудал зүй ёсоор тавигдана. Хувьцаагаа үнэлэхэд ордын техник эдийн засгийн үндэслэл, батлагдсан нөөцөд тулгуурлах юм. Хамгийн энгийн байдлаар үнэлэх юм бол ордын ашигт малтмалын нөөцийг дэлхийн зах зээлийн үнээр тооцоолсон цэвэр орлогын 34 хувь, нэмэх нь 34 хувьд ногдох хүлээгдэж буй ногдол ашгийн өнөөгийн үнэ цэнэ, хасах нь хуримтлагдсан өр төлбөр хэмээн тооцож болно.
Цар тахал үргэлжилж байгаа, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа үед Оюу толгойн 34 хувийг худалдах замаар түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Мэдээж хэрэг энэ Засгийн газар Оюу толгойн 34 хувь, ард түмний баялгийг зарж идэх гэлээ гээд эсэргүйцэх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл стратегийн шинж чанартай томоохон шийдвэр тул түүнийг царцаах, улс төрийн мэдэгдэл, магадгүй үүлэн чөлөөний нар лугаа адил гарч ирээд жагсаал цуглаан хийх, өлсгөлөн зарлаж ч магадгүй юм. Гэсэн хэдий ч Засгийн газар миний санал болгоод байгаа төлөвлөгөөг зайлшгүй хэрэгжүүлэх нь одоо болон ирээдүйд чухал нөлөөтэй юм.
Монгол Улсын эдийн засагт 34 хувийн ногдол ашиг ойрын хугацаанд нэн шаардлагатай байгаа. Гэтэл ногдол ашгийн хугацаа хойшлогдсоны дээр хэдэн оноос ямар хэмжээний ногдол ашиг хүртэх нь тодорхой бус болсон. Ийм нөхцөлд өр зээл тавин байж, хувьцаа эзэмших, 34 хувьтай зууралдаад байх ямар ч шаардлага байхгүй юм. Өөрөөр хэлбэл үр ашиггүй гэрээгээр эзэмшиж буй 34 хувийг удаан хугацаагаар эзэмших тусам буурай хөгжилтэй орнуудын гашуун бөгөөд эмгэнэлтэй үнэн түүхийг бид мэдсээр байгаад давтахад хүрнэ. Гадаад худалдаа, хил гаалийн үйл ажиллагаа хязгаарлагдсан, гадаад өрийн хэмжээ эрс өсч, түүний дарамт нэмэгдсэн өнөөгийн нөхцөлд түүнийг хөнгөвчлөх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломжит хувилбар байх төдийгүй хөрөнгө оруулалт хийх асар их боломжийг нээж өгнө.
Оюу толгой төсөл бол эцэс төгсгөлгүй маргаан, улс төр, сонгуулийн сэдэв, эсрэг тэсрэг байр суурь, улс төрийн ашиг хонжоо олох талбар, сүржин мэдэгдэл, бие биенээ үгүйсгэсэн байдал, баялагт шунах сэтгэлгээ, ойлгомжгүй байдал үргэлжилсээр байгаа. Харин одоо эдгээрт цэг тавих, ажил хэрэгч байдлаар хамтарч ажиллах, эвлэлдэн нэгдэх, санал санаачилга гаргах, үр ашиггүй гэрээнээс татгалзах шаардлагатай цаг үетэй тулаад байна.
М.Довууч
Холбоотой мэдээ