Катар-2022: Месси, Роналдо, Неймар нарын сүүлийн тэмцээн үү?

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

Катар-2022: Месси, Роналдо, Неймар нарын сүүлийн тэмцээн үү?

Катар-2022: Месси, Роналдо, Неймар нарын сүүлийн тэмцээн үү?

Ирэх оны өвөл болох "Катар-2022" ДАШТ дэлхийн хөлбөмбөгт өөрчлөлт авчрах дамжиггүй. Зохион байгуулалтаасаа л эхлээд шинэ систем, өнгө төрхийг нэвтрүүлж буй энэ тэмцээн нь өнөө цагийн супер оддын сүүлийн олон улсын тэмцээн байх гэнэ.

Саяхан Бразилын шигшээн од Неймар “DAZN”-д өгсөн ярилцлагадаа “Ирэх ДАШТ миний сүүлийнх байх гэж бодож байна. Надад дахиад хөлбөмбөгтэй зууралдах оюуны хүч үлдсэн эсэхийг мэдэхгүй юм. Тиймээс сайн байхын тулд, эх оронтойгоо хамт хожихын төлөө бүхнийг хийж, багынхаа мөрөөдлийг биелүүлэх болно. Үүнийг хийж чадна гэж найдаж байна” гэжээ.

Залуугаасаа тодорсон Неймарыг Бразилын домгуудын адилаар эх орноо ахлан дэлхийн аваргад түрүүлнэ хэмээн олон хүн итгэж байгаа. Өдгөө 29 настай тэрбээр хамгийн анх 2014 онд эх орондоо болсон дэлхийн аваргад оролцож байв. Тэмцээний гол фаворит, талбайн эздийн хувьд хагас шигшээд хүчирхэг Германы багт 7:1 гэсэн харьцаатай хожигдож, улмаар хүрлийн төлөө Нидерландад дахин хожигдсон түүхтэй. Харин 2018 онд Орост болсон дэлхийн аваргын шөвгийн наймд Бельгид хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн.

Бразилын шигшээ хамгийн сүүлд 2002 оны Япон-Солонгост болсон дэлхийн аваргад түрүүлж байсан билээ. Тэд нийт таван удаа дэлхийд ноёлсон амжилтаараа бүх улсуудын тэргүүлдэг.

Тэгвэл Неймараас гадна орчин цагийн хөлбөмбөгийн хоёр ноён оргилын нэг Роналдо ч 2022 оны дэлхийн аваргыг шигшээ багийн түвшин дэх сүүлийн тэмцээн гэдгийг зарласан.

Өнгөрсөн жил Роналдо “2022 оны дэлхийн аварга миний Португалын шигшээн өмсгөлтэй оролцох сүүлийн тэмцээн” хэмээн ярьж байв. 36 настай түүний хувьд шигшээ багийнхаа хамтаар гайхалтай замналыг туулсан. 2016 оны Европын аваргад түрүүлснээс гадна 2019 онд анхдугаар УЕФА Үндэстнүүдийн лигийн аварга болж байсан билээ. Нас нь хэдий 40 рүү дөхөж яваа ч түүний биологийн нас 23 гэдгийг 2018 онд тогтоож байжээ. Тэрбээр өдөрт зургаан удаа дэглэмийн дагуу хоол иддэгээс гадна биеийнх нь ердөө долоон хувь өөх гэнэ. Энэ улирал форм ч сайтай байгаа. Манчестер Юнайтедад эргэн ирсэн Роналдо одоогоор нийт зургаан тоглолтод таван гоол оруулаад байна.

Харин Месси ирээдүйнхээ талаар нухацтай бодож байна. Өнгөрсөн зун Барселонагаас явж Парист ирсэн тэрбээр ирэх жил 35 нас хүрнэ. Энэ жил Аргентины шигшээ багийнхаа хамтаар тивийнхээ аваргад түрүүлж, шүүмжлэгчдийн амыг хаасан Месси дэлхийн аваргад түрүүлэх туйлын зорилготой. Түүнд алтан дагинаас бусад бүхий л цом, шагналууд бий.

Саяхан түүний талаар Барселонагийн ерөнхийлөгч Хоан Лапорта дараах зүйлсийн ярьжээ. Тэрбээр “Би Мессиг эцсийн өмчид бодлоо өөрчилж, “Би үнэгүй тоглъё” гэж хэлэх байх гэж бодсон” гэв. Харин Месси үүнийх нь хариуд өнгөрөгч Баасан гаригт “France Football” сонинд өгсөн ярилцлагадаа “Би Копа Америкагийн дараа, дасгалжуулагчийн өгсөн нэмэлт амралтын өдрүүдээ дуусгаад шинэ улиралдаа бэлдэх гэж Барселонад очсон. Би шинэ гэрээ байгуулж, бэлтгэлээ эхлүүлэх бодолтой байсан. Бүх зүйл бэлэн, би л гарын үсгээ зурах дутуу гэж бодож байсан. Гэвч намайг ирэхэд энэ бүхэн боломжгүйг хэлж, шинэ баг хайх хэрэгтэй болсон. Учир нь Барселонад миний гэрээг сунгах боломж байгаагүй. Тэгээд төлөвлөгөө өөрчлөгдсөн. Гаргахад хүнд шийдвэр байсан” гэжээ.

Ерөнхийдөө дээрх топ хөлбөмбөгчдөөс гадна Бельги, Хорватын алтан үеийн хөлбөмбөгчдийн сүүлийн дэлхийн аварга ч байх биз ээ. Дэлхийн хөлбөмбөгт 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үеийн шинэ залуу шилдэг хөлбөмбөгчид хүч түрэн орж ирж байна.

"Катар-2022" ДАШТ-ий эрх олгох урьдчилсан шатны тоглолтууд ид үргэлжилж байгаа. Сонирхолтой нь, Катарын зуны аагим халуун цаг агаараас шалтгаалан ирэх дэлхийн аваргын тоглолтууд өвөл буюу арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж