Монгол Улсад цар тахлын улмаас нас баралт нэмэгдэж, төрөлт буурчээ. Улсын хэмжээнд нэг жилд дунджаар 17-18 мянган хүн нас бардаг гэх тоон статистик бий. Энэ оны есдүгээр сарыг хүртэлх хугацааны нас баралтын дүнг өнгөрсөн 2020 оныхтой харьцуулахад 15.8 хувиар өссөн байна. Үүнд цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
2021 оны эхний есөн сарын хугацаанд 1900 орчим хүнээр нас баралт нэмэгдсэн гэсэн үг.
Үндэсний статистик хорооны Нийгмийн статистикийн газрын дарга А.АМАРБАЛ:
-Манай хорооноос нас баралтыг хоёр чиглэлээр хянадаг. Нэг нь Эрүүл мэндийн яамны тоон үзүүлэлт, нөгөөх нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдэж буй нийт нас баралтын статистик. Гол эх сурвалж нь Эрүүл мэндийн яам байдаг. Цар тахлын эхэн үед салбар яамны ээлжит мэдээллээр өдрийн дундаж нас баралт 4-5 байсан бол сүүлдээ 10-18 хүн нас барж байна. Ердийн үед Монгол Улсад өдөрт 48-50 хүн нас бардаг. Нас баралт 15.8 хувиар өсөхөөр өдөрт бүртгэгдэж буй нас баралт долоон хүнээр нэмэгдсэн гэсэн үг. Энэ бол бага тоо биш.
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр цар тахлын улмаас нас барсан иргэдийн тоо 1363-д хүрээд буй.
Халдварын тархалт нэмэгдэж, мутацид орсон хувилбараар өвчлөх тохиолдлын тоо өсч байна. Харамсалтай нь Covid-19-өөр өвдөж, эндсэн иргэдийн дийлэнх нь суурь, хавсарсан өвчтэй гэдэг шалтгаанаар нас баралт байгааг албаныхан мэдээлж буй.
Нас баралт 13894 болж, өмнөх оны мөн үеэс 1856 буюу 15.8 хувиар өсчээ. 1000 хүнд ногдох төрөлт 16.2 хувь, нас баралт 4.1 хувь, ердийн төрөлт 12.1 хувь байна. Тодруулбал, 1000 хүнд ногдох нас баралт өмнөх оны мөн үеэс 0.5 нэгжээр өсчээ. Улаанбаатар, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.1-0.3 нэгжээр өссөн бол Баянхонгор, Хөвсгөл аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-1 нэгжээр бага гарчээ.
УЛСЫН ХЭМЖЭЭНД ТӨРӨЛТ 4.5 ХУВИАР БУУРЧЭЭ
Улсын хэмжээнд 2021 оны эхний есөн сарын байдлаар 54.515 эх амаржиж, 54.896 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2541 буюу 4.5 хувиар, төрсөн хүүхэд 2594 буюу 4.5 хувиар тус тус буурчээ.
Тодруулбал, 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс нэг нэгжээр буурсан байна. Улаанбаатарт болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Увс, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.3-0.6 нэгжээр дээгүүр, бусад аймагт 0.1-6.9 нэгжээр доогуур үзүүлэлттэй гарчээ.
Холбоотой мэдээ