Сурвалжлага: “Өөр амьдрал”-ын өөр өнцөг

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: “Өөр амьдрал”-ын өөр өнцөг

Хоёр ертөнц зэрэгцэн оршино. Баянзүрх дүүрэгт “Чимээгүй хот”-той хаяа залган буусан олон айлуудын нэгээр орлоо. Гэрийн эзнийг нь Н.Батдорж /нэрийг нь өөрчлөв/ гэнэ.  Хашаанд нь их хэмжээний архи, пивоны шил, хуванцар сав хаа сайгүй хөглөрөх нь харагдав. Олон том шуудай байгаагаас үзвэл дээрх шил, хуванцар савыг түүж, тушааж амьдралаа залгуулдаг бололтой. Гэрийн булан бүрмөнөөх л овоолоостой  хувцас, архины шил байх бөгөөд хамт архидсан хоёр нь хэдийнээ "тас" явжээ. Гэрийн эзэн нэлээд халамцуухан сууж байлаа.

Олон жилийн өмнө эхнэрээ өвчний улмаас  алдсанаас хойш архинд орж, ах дүү нартаа хаягдаж, түүний амьдрал өдрөөс өдөрт уруудаж эхэлсэн. Ажилд оръё гэхээр 50 настай түүнийг хөгшин гэж  голдог. Дээр нь архины хамааралтай, танил, талгүй бол ажилд авахгүй. Тиймээс Н.Батдорж хоногийн хоолоо олж идэхийн тулд Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгээс архи, пиво, ундаа, лаазны сав түүж амьдардаг болжээ. Шил, лааз түүж тушаагаад өдөртөө 10-20 мянган төгрөг олдог. Тэр мөнгөөрөө архи аваад уучихдаг бололтой. 

Н.Батдоржийнхоос гараад Цагаандавааны төвлөрсөн хогийн цэг дээр очлоо. Хогийн машины ирэхтэй зэрэгцээд тэдний ажил эхэлнэ. Хүссэнээ ялгаж аваад "алга" болно.  Зарим нь "олзондоо" баярлаж, зарим нь уурлана. Дараагийн хог ачсан машин ирэхийг хүлээх зуураа архиа ууцгаана. Агсам согтуу тавьж харагдана. Хүн харвал хөөж тууж, хараар зүхэл урсгана. 

Хогийн цэгний хажууханд хоёр эр, нэг эмэгтэйн хамт дугуй, цаас түлээд дулаацаж байв. Хоёр нь гэр бүлийн хүмүүс аж.  Хажууд нь лааз, шил чихсэн том шуудай тавьжээ. “Энэ 10 кг хүрэх болов уу” гэж мөнөөх эр эхнэрээсээ асуух нь сонсогдоно. Гэр бүлийн хоёр ингэж амьдраад есөн жил болжээ.

Ундаа, усны хуванцар сав нэг килограммыг /кг/ нь 300 төгрөгөөр тушаадаг бөгөөд “Өдрийн орлого сайн байвал ганц кг мах авна" гэж эхнэр н.Туяа /нэрийг нь өөрчлөв/ ярив. 

Тэд хоёр хүүхэдтэй.  Гэвч хаягийн бүртгэлгүй тул хүүхдийн мөнгө авдаггүй. Хөл хорионы хугацаанд хүүхдүүд нь гэртээ хоол ундгүй хонох  нь олон байж. Харин цэцэрлэг, сургууль орсон учраас хүүхдүүд нь  хоолтой золгосонд баярлаж буйгаа  хэлж байлаа.   Ээж аавыгаа дагаж, хичээлээ тараад  хогийн цэг дээр хамгийн багадаа л 40-50 хүүхэд цугладаг байна.

Ц.Болд  55 настай. Хог түүхээс залхаад өөр ажил хийхээр сурагласан ч олдоогүй аж. 

Хөгшин настай эхийгээ асарч, хоолыг нь залгуулахын тулд хог түүх болжээ.  “Ингэж амьдарч байгаа нь миний буруу ч эхийгээ  амьдад нь зовоохгүй гэсэндээ хог түүдгээ нуудаг” гэв.

"УУЛЫН МОД УРТТАЙ БОГИНОТОЙ. ОЛОН ХҮН САЙНТАЙ МУУТАЙ"  ГЭГЧЭЭР ЯНЗ БҮРИЙН Л ХҮМҮҮС ЭНД БИЙ

Хогийн цэгт ирэх машинуудыг зохицуулах хот тохижилтын газрын ажилтан “Би энд 10 гаруй жил ажиллаж байна. Бүр ганган хувцастай бүсгүйчүүд өглөө таксигаар хүргүүлж ирээд нүдний шил, амны хаалт зүүж өдөржин хог түүж, 40-50 мянган төгрөг олчхоод орой хот руу буцдаг. Зарим эрэгтэйчүүд машинаа хогийн цэгээс хол тавьж,  хувцасаа сольж өмсөөд энд ажилладаг. Найман жил хог түүж хоёр ч хүүхдээ их дээд сургууль төгсгөсөн хүн бий.  Гэтэл нийгэм энд ажилладаг хүмүүсийг архичин, гэмт хэрэгтэн гэж буруу боддог. "Уулын мод урттай богинотой. Олон хүн сайнтай муутай"  гэгчээр янз бүрийн л хүмүүс энд бий.  Энд 80 настай эмээгээс авхуулаад 16 настай хүүхдүүд ч байгаа. Ер нь өдөр болгон шинэ хүмүүс харагдах болсон” гэдгийг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сард "Иргэн баян бол улс баян гэдэг үг бий. Судалгаанаас харахад сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын ядуурлын түвшин харьцангуй хурдтай буурсан хэдий ч хүн амын 1/3 нь ядуу хэвээр байна. Тиймээс ядуурлыг бууруулахад онцгой анхаарч, ойрын 10 жилийн дотор нэн ядууралгүй орон болох зорилтыг тавьж хамтдаа ажиллана. Энэ бол төр засгаас хийх ёстой ажил” хэмээн мэдэгдсэн. Гэвч  түүний энэхүү мэдэгдэл нь бодит амьдрал дээр биелэлээ олох эсэх нь эргэлзээ дагуулсаар.  

Гэр хороололд, уулын энгэрт алслагдан амьдарч байгаа иргэдийн амьдрал иймэрхүү дүр зурагтай байна. Өнөөдөр Монголд гурван хүний тутмын нэг нь ядуу амьдарч байгаа жинхэнэ дүр зургийг захын дүүргүүдийн гэр хорооллоос харж болохоор.  Тэд өөрсдийгөө хотын захад амьдардаг шигээ төрийн бодлогын гадна үлдэж, төрдөө мартагдсан  гэж бодож суугаа нь даанч гунигтай.

 Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж