Тэрбум мод улс төрийн шоу юу, эдийн засаг, экологийн төсөл үү!

Хуучирсан мэдээ: 2021.10.11-нд нийтлэгдсэн

НЭГ СЭДЭВ 8 ЭХ СУРВАЛЖ

Тэрбум мод улс төрийн шоу юу, эдийн засаг, экологийн төсөл үү!

“Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байгаа”. Энэ бол Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс зарласан бодлого. Товчхондоо, дэлхий дахины өмнө Монгол Улс 10 жилийн хугацаанд тэрбум мод тарьж, ургуулахаа амалчихлаа гэсэн үг.

Үүнээс өмнө Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж “Мод тарих үндэсний өдөр”-тэй болсон. Монголчууд хавар намартаа мод тарьдаг уламжлал тогтоод 11 жил болж байна. Энэ хугацаанд 13 сая мод тарьжээ.

Мод бол байгаль дэлхийн уушги юм. Тэр тусмаа Зүүн Азийнхны толгойны өвчин болсон Монголын шар шороон шуургатай дайтах гол тактик бол мод тарих. Гээд гоё том бодлогыг маш сайн төсөл болгож хувиргахгүй бол ухсан нүх, үхсэн модтой үлдэнэ. Товчхондоо, мод тарих амархан ч тарьснаа ургуулж, арчлах бүр хэцүү. Учир нь өнгөрсөн хугацаанд тарьсан модноос хэд нь яг ургаж чадсан бэ гэдэгт хариулах хүн, харчих статистик алга.

Тэрбум мод тарих Ерөнхийлөгчийн амлалттай зэрэгцээд төр, хувийн хэвшилгүй мод тарьж, уралдацгаах болов. Тэрчлэн хот дүүргүүд сая саяар нь мод тарихаа пиардаад эхлэж. Ерөнхийлөгч хэлэхдээ уулын модыг ухаж авчраад тарихгүй болохоо тодотгосон. Гэтэл уулын мод ухаж авчраад тарьж байгаа зураг хөрөг ч сошиалд мэр, сэр харагдаж байна.

Монгол Улсын газар нутгийн 76.9 хувьд цөлжилт нүүрлэж байгааг эрдэмтэд, байгаль орчны мэргэжилтнүүд сануулах болсон. Тиймээс тэрбум мод тарих нь цагаа олсон санаачилга мөн. Гэхдээ тарьсан модоо ургуулж, арчлах том төсөл хэрэгжүүлэх ёстой. "Тэрбум мод" бодлогыг  хэт хэлбэр, шоу болгоод явбал эдийн засаг, экологид тус биш ус болно. Бодлогоо маш сайн төсөл, төслөө ажил хэрэг болгох хэрэгтэй болохоос энд тэнд хаа дуртай газраа нүх ухаад “мөнгө булаад” явж болохгүй юм.

Ингээд энэ удаагийн “НЭГ СЭДЭВ НАЙМАН ЭХ СУРВАЛЖ”-аа Ерөнхийлөгчийн НҮБ-ын индэр дээрээс амласан “Тэрбум мод” бодлого тойрон бэлтгэлээ.

ЭХ СУРВАЛЖ 1

Я.СОДБААТАР: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ, ИРГЭДИЙН АМЬДРАЛД АСАР ИХ ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛНЭ
GGR54020

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай “Тэрбум мод тарих” асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ассамблейн индер дээрээс 2030 он гэхэд тэрбум мод тарина гэдгээ зарласан. Ямар судалгаа, үндэслэл дээр суурилж тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлсэн юм бэ. Бидэнд 10 жилийн дотор тэрбум мод тарих боломж бий юу?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамбелейн хурал дээр монголчууд ирэх 10 жилд тэрбумаар тоологдох мод тарьж, хүн төрлөхтөний уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг мод тарина гэж амласан. Бид мэргэжлийн байгууллага, судлаачид, эрдэмтэдтэй маш удаан ярилцаж, судалсан. Монгол Улсын цаг уур, байгаль орчны нөхцөл байдал үүнээс ч илүү амлах шаардлага бол байгаа. Өнөөгийн эдийн засгийн чадавх, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж тэрбум мод гэж тооцсон. Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол Улс хамгийн их цөлжилт, цаг уурын өөрчлөлтөд өртсөн таван орны нэг. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж бидэнд олон хүчин зүйл тулгарч байгаа. Сүүлийн 80 жилийн хугацаанд дулааны хэм 2,25 градусаар  нэмэгдсэн бол хур тунадас найман хувиар багассан, нийт нутгийн 76,9 хувь буюу 120 сая га газар цөлжилттэй байна гэсэн судалгаа бий.  Хүчтэй болон нэн хүчтэй цөлжилттэй нийт газар нутгийн 23 хувь байгаа юм. 2030 он хүртэл төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичигт ойн сангийн талбайг есөн хувьд хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Есөн хувьд хүргэх зорилтын хүрээнд 700 орчим га газрыг ойжуулж, нөхөн сэргээж, моджуулах ёстой. Байгаль орчны чиглэлд  олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч хөрөнгө оруулалт бага, зохион байгуулалт маш муу учраас энэ чиглэл рүү Ерөнхийлөгч манлайлж оролцоод явна. Энэ хүрээнд Монголын хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 33,9 хувь бууруулах боломжтой гэсэн судалгааг гаргасан байдаг. Уур амьгаслын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийт анхаарлаа хандуулж байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч Монгол Улсын цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дугарч, дэлхийн анхаарлын төвд оруулж байгаа юм. Мод тарих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сая гэнэт НҮБ-ын хурал дээр хэлсэн зүйл биш. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөснөөс хойш БНХАУ, БНСУ-ын төрийн тэргүүнүүд, Владивостокийн чуулган дээр ч энэ асуудлыг хөндөж тавьсан. Зүүн хойд азийн орнуудын салхины хагалбар нь Монгол Улсад байна. Тиймээс манайд босч байгаа шар шороо салхины урсгалаар Бээжин, Япон, Солонгосыг нэрвэж байна. Усны хагалбар нь мөн бидэнд байдаг бөгөөд бүх ус гадагшаа урсгалтай. Усны ундрага манайд байгаа учраас түүнийг хамгаалах бол бусад улс орны усны хангамж багасах нөхцөл үүсч байгаа юм. Тиймээс салхи, усны хагалбар болж байгаа энэ цэгээ та нар анхаарч, хамтарч ажиллах, дэмжлэг хүсч олон улсын тавцанд бодит нөхцөл байдлаа танилцуулсан. Бид энэ улсын эзэн нь учраас санаачлагыг гаргахгүй бол бидний өмнөөс өөр хүн санаа тавихгүй, анхаарахгүй.

-Мод тарих хөдөлгөөн, мод тарихыг хүн бүр дэмжиж байх шиг байна. Гол нь мод тариад хэн арчлах, яаж ургуулах вэ. Мод тариад ургуулах маш их хугацаа, арчилгаа шаардана. Энэ чиглэлд ямар бодлогын шийдвэр гаргаж, ажиллах вэ?

-Дотоодын нийт бүтээгдэхүүний нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулна. Мөн асуудал хариуцсан ойн салбарын бодлого, үйл ажиллагааг зохицуулах төрийн захиргааны ойн агентлагийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс байгуулна. Түүнийг дагаад төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурласан ойн усны аж ахуй нэгжүүдийг байгуулна. Монгол хүн бүр, байгууллага, аж ахуй нэгж бүр мод тарих үйлсэд оролцох ёстой. Тэдний оролцоог хангаж, бүх нийтийн үйлс болгож байж мод тарих ажил үр дүнд хүрнэ. Нэг үеэ бодвол мод тарьдаг, ургуулдаг, үрсэлгээ хийдэг иргэн, аж ахуй нэгжүүд маш их байдаг. Бид тэднийг маш сайн дэмжиж, хамтарч ажиллах зорилго тавиад явж байна. Цаашлаад дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, баяр ёслол, буяны ажил хийхдээ мод тарьдаг соёлуудыг ч бид бий болгох ёстой. Нөгөө талдаа нэгдсэн бодлого үйл ажиллагааг бий болгож, төрийн захиргааны агентлагийг нь байгуулахаар ирэх оны төсөвт зардлыг нь суулгасан байгаа. Үүнийг дагаад бид ойн сангийн цахим системтэй болох ёстой. Монголд нэг нас, гурван наст гээд олон ургамлын хэд нь ургадаг, хангай, говь, төвийн бүсд ямар мод сайн ургадаг, аль нь ургахгүй байгаа гээд энэ чиглэлийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг хийж эхлэх гэж байна. Бидний хийж  эхлүүлсэн ажил ямар үр дүн өгөхөөс шалтгаалж олон улсын байгууллага, улс орнууд мөнгөн дэмжлэг үзүүлэх боломжтой.

-Мод ургуулах, арчилгааны нэг чухал зүйл бол усалгаа. Бусад улс орнууд мод үржүүлэх,  тарих,усалгааг шийдэх шинэ техник, технологиудыг маш их ашигладаг. Технологийн чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?

-Мод тарих ажлыг хийхэд бид нийт таван чиглэлд төлөвлөгөө гаргасан. Нэгт, үрсэлгээ. Улсын хэмжээнд нэг жилд 9,2 сая орчим үрсэлгээг бэлтгэдэг. Бид 10 жилд тэрбум мод тарина гэвэл ойролцоогоор 100 сая орчим үрсэлгээ хэрэгтэй.  Үүнийг хаанаас бэлдэх, импортоор авахгүй, дотоодоосоо бэлтгэх ёстой. Хоёрт, усалгааны систем, усны судалгааг хэрхэн явуулах. Аль бүс нутагт усны эх үүсвэр байгаа зэргийг судал, ямар технологи ашиглан усаа багаар, үр дүнтэй  усалгааны систем ашиглах. Гуравт, бордоо, арчилгааг хэрхэн хийх. Үйлдвэрлэлүүдийг дэмжих.  Дөрөвт, төв суурин газар модоо ургуулж, хамгаалах хашаажуулах ажил эхлүүлэх. Мод тарьдаг, байгаль орчинд ээлтэй маш олон технологиуд шинээр бий болсон. Инновацийн судалгааны бүтэн хөтөлбөр боловсруулна. Хамгийн сүүлд нь бид энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэх вэ. Энэ чиглэлийн 1000 орчим мэргэжилтэн бий. Энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг аль сургуульд бэлтгэх, ажлын байраар хэрхэн хангах, шаардлагатай бол батлан хамгаалах салбарыг дайчлах нөхцөл ч үүсч болзошгүй. Энэ  бүх зүйл эргээд Монголын эдийн засагт, иргэдийн амьдралд асар их эерэг нөлөөлөл үзүүлнэ. Ийм хэмжээний хөрөнгийг байгаль дэлхий рүүгээ хийж чадвал эргээд цөлжилт, ган зуд болох давтамж холдох, түүнийг дагаад иргэдийн амьдрал сайжирна. Маш олон бизнесийн үйл ажиллагаа сэргэнэ.

-Санаачлагаа гаргасан учраас бид тодорхой төсөв, хөрөнгийг төсөв дээр суулгаад явах нь. Цаашид бусад улс орнууд, донор байгууллагуудаас санхүүгийн тусламж авах гээд тэрбум мод тарих эдийн засгийн зардал, үр өгөөжийг нь яаж тооцсон юм бэ?

-Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувийг энэ ажилд зарцуулаад явна. Мөн гадна, дотны донор, олон улсын байгууллага, хөрш орнуудтай ярилцаад энэ бол зөвхөн Монгол Улсын асуудал биш бүс нутгийн асуудал гэдэг талаас нь ойлгуулаад явбал бид хөрөнгө мөнгө татах боломж бий. Түүнээс гадна иргэдийн санал, санаачлагаар хөрөнгө багатайгаар хийх ажил маш их байна. Одоо ч 10, 100 мянгаар нь мод тарьсан иргэд, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, иргэдийн нэгдэл бий. Уул уурхайн компаниуд ч энэ чиглэлээр  нийгмийн хариуцлагын хүрээнд оролцох боломжтой гэдгээ илэрхийлсэн. Ганцхан төсөв дээрээ ачаалал өгөхөөс илүү нийтээрээ, улсаараа хөдөлбөл нөөц боломжуудаа шавхаад ажиллахад боломжууд маш их бий. Мэдээж, улс, орон нутгийн төсөвт тодорхой төсөв суулгах ёстой. Аймаг, сумд өөрсдөө цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ойн төгөл  бий болгох чиглэлд тодорхой төсөв гаргах ёстой гэж бодож байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд зөвхөн мод тарих ажилд 2,1 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Бараадууз “Мод тарихдаа эхлээд тархиндаа тарих ёстой” гэж хэлсэн. Монгол хүн бүр тархиндаа 10 тэрбум мод тарьчихвал байгаль дээр, хөрсөн дээр мод тарих ажил бодитой болно. Тиймээс манай, танай гэлтгүй монголчууд нэг ч гэсэн зүйл дээр нэгдэх байх аа гэж найдаж байна.

Ш.ЧИМЭГ

ЭХ СУРВАЛЖ 2

С.ГЭРЭЛБААТАР: ХЭНТИЙН НУРУУНЫ УУЛС, СЭЛЭНГЭ АЙМАГ ЭЛСЭН ЦӨЛ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР
21.10.08 Цөлжилт МУИС-Профессор-1

Монгол оронд сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэй явагдаж, эдийн засаг, экологийн том “дайсан” болж хувирч магадгүйг эрдэмтэд судлаачид сануулдаг. Энэ талаар МУИС-ийн багш доктор дэд профессор С.Гэрэлбаатарын байр суурийг хүргэж байна.

-Монгол Улс маш богино хугацаанд цөлжилтөд нэрвэгдэж байна. Бид ойн эко системийг тогтвортой гэж хардаг ч хэзээд устаж үгүй болох эрсдэлтэй. Ойн сан зурган дээр ногоорч харагдаж байгаа шигээ биш болсон. Устаж үгүй болох, хээр тал цөлжих аюул нүүрлэсэн. Гэвч сансрын зурагт харагдаж буй ногоон бүсийн эко систем алдагдаж байгааг хэн ч анзаардаггүй. Ногоон байдлаар нь л харж төсөөлөөд байгаа юм. Цөлжилтийг бид хээр тал, говийн бүстэй л  холбож эндүүрч байх зуур малын бэлчээрээс ойн сан доройтож, мод хомсдож хөрсийг доройтуулж байна. Ойн сан хөгширсөн ч шинээр дахин ургах мод, ургамалгүй болсон учраас тал хээр болох магадлалтай. Учир нь, малчид ойн бүс нутгийг малын бэлчээр болгож, өвлийн улиралд ойд л өвс ургамал ихтэй гэж ойлгодгоос болж мал сүрэг ойн санг талхалж байна. Нялх ногоогүй болж, зулзаган мод дахин амьдрахгүй чадваргүй үхдэгээс мод хомсдож, ой ургаж өсч ургах бүх замыг хаагаад байгаа юм. Яг л Японтой адил хүн амын тэнцвэр алдагдаж насжилт өндөр болсон гэсэн үг. Гэтэл  элсэрхэг эмзэг бүтцэд бий болсон ой бол маш том элсэн цөл, нүүдэл болох аюултай. Ойн сангийн судалгаагаар, Дорнод аймгийн Баян-Уулаас Дадал сум, Сэлэнгэ аймгийн ойн сангийн дийлэнх нь элсний хурдастай буюу элсэрхэг хөрстэй. Хэрэв энэ бүс нутгийн ойн сан үгүй болсон тохиолдолд Монгол орон зүүн хойд талаасаа цөлжилтөд нэрвэгдэх эрсдэлтэй. Ялангуяа Хэнтийн нурууны уулс, Сэлэнгэ аймаг элсэн цөл болох магадлал өндөр. Тухайлбал, маш зузаан элсний хурдас дээр тогтсон Сэлэнгэ аймгийн Тужийн нарсийн ойн сангийн 70 гаруй хувь нь устаж үгүй болсон. Хэрэв бид Тужийн нарсыг эрт ойжуулаагүй бол Монгол орон хойноосоо цөлжиж эхлэх байсан. Товчхондоо, ойн сангийн систем алдагдаж, модгүй болбол хээр талын цөлжилтөөс ч илүү том аюул нүүрлэнэ. Цөлжилтийн ерөнхий дүр зургийг харвал, Монгол орны баруун хойд зүгээс зонхилсон хүчтэй салхины нөлөөгөөр элсний нүүдэл үржил шимтэй хөрсийг булшилж амьгүй ертөнц болгон хувиргаж байна. ШУА-ын газарзүй био экологийн хүрээлэнгийн цөлжилтийн салбараас гаргасан мэдээллээр, Монгол орны нийт газар нутгийн 76 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд орсон. Шалтгаан нь, бэлчээрийн даац хэтэрсэн, уул уурхайн олборлолт, дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Мэдээж монгол орны цөлжилтийн хамгийн том шалтгаан нь  малын тоо толгой, бэлчээрийн даац хэтэрсэн асуудал. Ургамал ногоог мал сүрэг зэрлэг зулгаах адил сүйтгэж байгаа нь газар нутгийг талхалж, үржил шимгүй болгож байгаа юм. Мөн уул уурхайн олборлолтоос үүдэн  газрын доройтолд хүрсэн. Яагаад гэвэл газрын хөрсийг үгүй хийж, хөрсний гүн дэх маш их эрдэс минериалыг гадаргууд ил гаргаснаар салхиар зөөгдөх, улмаар их хэмжээний газар нутагт тархах замаар хөрсний үржил шимийг алдагдуулж ургамал ургах нөхцөлгүй болгож байна. Хөрсний эвдрэл доройтол бол тухайн нөхцөлд цэгэн байдлаар үүсгэгдэж эх нутгийг бүрхэх циклийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарал агаарын температурын өсөлттэй холбоотойгоор хөрсний чийг маш их алдагдах болсон. Хөрсний чийг нь газрын элэгдэл, зөөгдөлийг хязгаарлах гол хүчин зүйлс. Тиймээс хөрсний өнгөн чийг алдагдаж хуурайших болсон. Мөн  салхи ч бас цөлжилт газар нутагт тархаж хүрээгээ тэлэх гол хүчин зүйл болж байгаа юм. Элсний ширхэг нүүдэллэсээр газар нутагт тархсаар цөлжилт гамшгийн хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Ухаалаг менежмент байхгүй бол бид хүсссэн хүсээгүй зөвхөн хээр талаа цөл болгох бус ой цөлжих эрсдэлтэй.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ 3

Р.ГАНБАТ: 4.3 ИХ НАЯД ГЭДЭГ УРЬДЧИЛЖ ГАРГАСАН ТООЦООЛОЛ
101A9079

Тэрбум мод санаачлагыг бодит ажил болгох салбарын яамны нэг ажил юм. Тиймээс бодлогын төсөл болгож боломж хэр байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбатаас тодрууллаа.

-Монгол оронд нэг тэрбум модыг тарьж ургуулах боломжтой юу?

-Тэрбум мод тарих зорилт нь хэрэгжих боломжтой. Бүтэхгүй зүйл биш. Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйлс бий. Юун түрүүнд ойжуулалт хийх тухайн бүс нутагт дасан зохицсон модлог ургамлын зүйлийг тарьж, ургуулах , орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлэх мод үржүүлгийг газрыг байгуулах замаар тухайн орчинд ургах чадвар бүхий үр, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх асуудал зайлшгүй чухал.

Үндэсний томоохон төрийн өмчит үйлдвэрийн газрууд тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдээд эхэллээ. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр гэхэд жилд 10 сая, арван жилд 100 сая мод, “Эрдэнэс-Тавантолгой” ХК  ашигласан нэг тонн нүүрс тутамд нэг мод тарихаа илэрхийлсэн.  21 аймаг,  нийслэлийн хэмжээнд албан байгууллага, иргэд нэгдээд мод тарих юм бол 10 жилийн хугацаанд тэрбум мод тарих боломжтой. Тэрбум мод тарих зорилт бол тодорхой суурь судалгаа, хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин, урьд өмнө хуримтлагдсан туршлага гэх мэт олон зүйлс дээр суурилна.  Мөн бодитой тооцоолол хийж, хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, үүнийхээ хэрэгжилтийг  эргэн хянаж, мониторинг судалгаа хийх замаар хэрэгжүүлбэл боломжтой зүйл.

-Тэрбум модыг 4.3 их наяд төгрөгөөр тарина гэж салбарын сайп Н.Уртнасан хэлсэн. Тэгэхээр нэг га талбайг ойжуулах ажилд 92.8  сая төгрөг зарцуулах юм байна. Энэхүү мөнгийг улсын төсвөөс гаргах уу. Аль эсхүл олон улсын байгууллагын хандив тусламжаар хэрэгжүүлэх үү?

-Аль, алиныг нь ашиглана. Төсөв  дангаараа даахгүй шүү дээ.  4.3 их наяд гэдэг  урьдчилж гаргасан тооцоолол. Говийн бүс рүү усалгааны систем татахад хэцүү.  Сэлэнгэ, Орхон зэрэг томоохон гол  мөрнөөс ус татах асуудал яригдвал өртөг нь нэмэгдэнэ.

-Мод тарих амархан. Харин модыг 20-25 жилийн турш арчилж хамгаалах нь өнөөгийн орхигдсон асуудал болчхоод байна.  Хүний нөөц, боловсон хүчин хангалт хэр байна вэ?

-Ойн чиглэлийн боловсон хүчин бэлтгэдэг таван  их, дээд сургууль бий. Бидний гаргасан судалгаагаар 2000 гаруй боловсон хүчин мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн судалгаа байдаг.

Мөн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна. Ойн чиглэлийн боловсон хүчний бодлого алдагдсан  учраас энэ чиглэлийг сонирхож суралцах залуус цөөрсөн. Учир нь ойн салбарт хандах хөрөнгө оруулалтын хэмжээ бага. Үүнийгээ дагаад   ажлын байр хомсдож эхэлсэн. Тэрбум мод тарих Ерөнхийлөгчийн зарлига гарсантай холбоотойгоор ойн тухай хуульд  өөрчлөлт оруулно.

Бодлого, хөтөлбөрүүдээ өөрчилж, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх мастер төлөвлөгөө гаргана. Мод тарьж ургуулахад  арван жил багадна. Арван жилийн хугацаанд мод, сөөгийн онцлогоос шалтгаалаад өсөлт нь харилцан адилгүй байдаг. Тиймээс эхний 3-4 жилд бэлтгэл ажлуудаа хангана. Боловсон хүчин, мод үржүүлгийн аж ахуйн нэгжийн техник тоног төхөөрөмжийг бэхжүүлж чадавхжуулна. Улсын хэмжээнд 200 гаруй мод үржүүлгийн газар байдаг. Ирэх жилээс модны үр нөөц, тарьц суулгацын нөөцөө бүрдүүлэх ажил хийгдэнэ.  Модны үрээ бэлдэх, тарилт хийх ажлыг ирэх жилээс хийж эхэлнэ гэж тооцвол 3-4 жилийн дараа ойжуулалт, нөхөн сэргээлтэд нийлүүлэгдэнэ. Говийн бүсэд хамгаалалтын ойн зурвас байгуулах, нөхөн сэргээлт хийхэд харьцангуй өндөр буюу 70-80 см мод шаардлагатай байдаг.

-Албан бус судалгаанаас харахад, өнгөрсөн хугацаанд тарьсан модны 50 хүрэхгүй хувь нь үхсэн гэжээ. Тарьсан модоо арчлахгүй үхүүлээд байхаар тэрбум мод тарих нь “мянгуужингийн үлгэр” болно ч  гэж хардах хүмүүс цөөнгүй байна.

-Жилд тарьсан модны үзүүлэлтийг гаргахдаа га талбайгаар тооцдог.  Түүнээс биш нийслэлийн ногоон байгууламжид  тарьж байгаа  мод шиг тоолох боломжгүй. Ер нь сүүлийн таван жилийн хугацаанд  дунджаар   5000 гаруй  га талбайд  ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн. Энэхүү нөхөн сэргээсэн талбайг 100 хувь гэж тооцвол 70-аас дээш хувьтай байвал мод хэвийн ургаж байна гэж үздэг. Ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн талбай  хангалтгүй ургасан бол нөхөн тарилт хийдэг. Ургалт хангалтгүй байх нь олон шалтгаантай.  Байгаль цаг уурын хүчин зүйлс, арчилгаа нөлөөлнө. Чийг хур тунадасны хэмжээ бага байгаа нь хамгийн их нөлөөлж байна. Хоёрдугаарт, төсөв мөнгөтэй холбоотой. Эхний жилийн тарилтын мөнгийг  өгдөг ч 2-3 дахь жилийн арчилгааны зардал төсөвт тусгадаггүй. Ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил нэг га талбайн норматив зардал нь 695 мянган төгрөг. Гэвч энэ мөнгө нь нөхөн сэргээлт хийхэд шаардагдах тарьц суулгацын зардалд хүрдэггүй. Тиймээс ойжуулалт, нөхөн сэргээлтийн болон арчилгааны төсөв зардлын хэмжээг нэмэгдүүлэх,  хөрөнгө оруулалтын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай.  Ингэснээр зөвхөн мод тариад орхих бус арчилгааны арга хэмжээ  давхар хийгдэнэ гэсэн үг.

-Тухайлбал говь болон хангайн бүсэд ямар төрлийн модыг хэдий хэр хэмжээгээр тарих төлөвлөгөөг гаргасан уу?

-Одоогоор нарийн төлөвлөгөө гараагүй байна.Хэдий хэр хэмжээний мод тарих вэ гэдэг нь тухайн газар орны нөхцөл, түүнд хэрэглэж буй суулгацын төрлөөс хамаарна. Говь хээрийн бүсэд хамгийн багадаа нэг га талбайд 800-аас дээш мод, ой хээрийн бүсэд 2500-аас дээш тарьц, суулгац тарьж ургуулах нь зөв гэж судлаачид үздэг. Ер нь тухайн орчинд нь ургадаг дасан зохицсон мод тарих нь хамгийн чухал. Говийн бүсэд заг, хайлаас, улиас сухай, ойт хээрийн  бүсэд ихэвчлэн шилмүүст, навчит мод тарих нь зүйтэй.

Э.СОСОРБУРАМ

ЭХ СУРВАЛЖ 4

МОДЫГ УСАЛЖ, АРЧЛАХГҮЙ БОЛ ДЭЭД ТАЛ НЬ ЗУРГААН САР Л АМЬДАРДАГ
Нийслэл, цаг агаар, мод, цэцэг, навч, талбай (12 of 22)

Мод тарих ажилд бүх нийтээр идэвхтэй оролцож, жил бүр албан байгууллага, хамт олноор уриалан мод тарьдаг. Эдгээр тарьсан модны хэчнээн нь үхэж, хэчнээн нь ургасан бэ гэх судалгаа алга. Мод тарихаас илүү арчилж ургуулах нь маш их зардал мөнгө, ажил болдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэрбум мод ургуулахын тулд арчилгааны зардал, мэргэжлийн боловсон хүчин гээд маш их төлөвлөлт судалгаа, шинжилгээ хэрэгтэй болно.

2020 оноос нэг га талбайн ойжуулалтын зардлыг 2-5 дахин  өсгөсөн. Ингэснээр тарьсан ой модоо дор хаяж 3-5 жилд арчилж ургуулах зардлыг оруулан тооцдог болжээ. Улаанбаатар хотод ногоон байгууламж бүхий 130 гаруй гудамж бий. Тэдгээрийн тохижилт арчилгаанд жилд 5-7 тэрбум төгрөг төсөвлөж, Хот тохижилтын газар болон дүүрэг хувийн хэвшлийн 132 аж ахуй нэгжтэй төр, хувийн хэвшлийн зарчмаар хуваарилан өгдөг байна. Нийт төсвийн 50 гаруй хувийг Хот тохижилтын газар зарцуулдаг аж. Тухайн төсвийг нийслэлийн ногоон байгууламжид ажилладаг 400 гаруй хүнд цалин, тээвэр, шатахуун, ногоон байгууламжид зарцуулж байгаа бараа материалд олгодог байна.

ТҮК-иас хавар, намрын улиралд тодорхой давтамжтайгаар арчилгааг хийдэг. Гэхдээ нарийвчилсан арчилгааны заавар, зөвлөмж гэж байдаггүй. Усалгааг бол тогтмол хийдэг байна. Алслагдсан дүүргүүдийн хувьд мөн ТҮК арчилгааг хариуцдаг бөгөөд аж ахуй нэгж, хувь хүний тарьсан модыг биш зөвхөн төвийн хэсгийн нийслэлээс тариалсан модыг л усалж, арчилдаг гэсэн юм. Тэгэхээр хээр талд бүх нийтээр тариалсан модыг арчилж, торддог албан байгууллага байхгүй гэсэн үг

Улаанбаатар хотын нэг хүнд 1.3 ам метр цэцэрлэгжсэн талбай ногддог. Жил бүр тарьж буй модны статистик болон түүнд зарцуулагдах төсвийг харвал нийслэл ногоон хот болсон баймаар. Гэвч тарьсан моддыг хэн арчлах болон төсөв санхүүг хэрхэн зарцуулах талаар хариуцсан байгууллагуудад тодорхой ойлголт огт байхгүй байгаа юм. Мод тарихад хөрсийг урьдчилан бэлдэх хэрэгтэй байдаг аж. Тиймээс нийслэлийн байгаль орчны газар болон захирагчийн ажлын албанаас боломжит байршлыг тусгаж өгдөг байна. Хэрэв урьдчилан тооцоологүй газарт тариалж, усалж, арчлахгүй бол тухайн мод төрлөөсөө үл хамаарч дээд тал нь зургаан сар л байдаг байна.

Нийслэлийн байгаль орчны газраас тарьсан модны арчилгааг хэн хариуцаж, хэрхэн хийдэг талаар тодруулахад дүүрэгт тарьсан модыг тухайн дүүргийн тохижилт үйлчилгээний компани хариуцна. Нийслэлээс тендер зарлаж ойжуулалтын ажлыг хийж байгаа бол тухайн гүйцэтгэгч компани арчилгааг гурван жил хариуцахаар тусгасан байна. Нийслэлийн тухайд хариуцсан 48 гудамжны 50.3 га газрын мод арчилгааг хариуцдаг. Харин үлдсэн ногоон байгууламжийн арчилгааг дүүрэг тус бүр хийдэг гэсэн үг.

Харин орон нутагт тусгайлсан нэгж байдаг бөгөөд усалгаа арчилгаа, ойжуулалтын ажлыг тухайн бүс нутгийн харьяа газар хариуцдаг байна. Байгаль орчны газраас өгсөн мэдээллээр ойн бүсэд мод тарих нь олон талын ашигтай бөгөөд үр дүнтэй. Учир нь монгол орны ой бүс цэвдэг дээр оршдог учраас 40 хүртэлх метрийн гүнээс ус ундарч, хөрс нь үргэлж чийглэг байдаг тул мод ургах таатай орчин бүрддэг байна. Харин нийслэл суурин газар учир уулын мод, зулзаган мод суулгасан ч усалж тордохгүй бол ургахгүй үхдэг байна. Хэчнээн га талбайд мод тарьсан ч хэн тэрхүү бүс нутаг, байршлыг хариуцаж модыг арчлах нь зайлшгүй анхаарах асуудал. Одоогоор тэрбум модны арчилгааг нарийвчлан гаргаагүй байгаа бөгөөд эхний ээлжид бүх нийтээр мод тарих уриалгаа хэрэгжүүлж, дараа нь үхүүлэхгүйгээр усалж арчлана гэдэг тайлбарыг захирагчийн ажлын албанаас өгсөн юм. Тиймээс төсвийн дийлэнх хувийг арчилгаанд зарцуулах хэрэгтэй аж. Одоогийн байдлаар тэрбум модны төсвийн ихэнх хувийг мод тарих, уриалга контент бэлтгэхэд төсөвлөсөн байна.

С.УНДАРМАА

ЭХ СУРВАЛЖ 5

БАЙР СУУРЬ: МЕГА ТӨСӨЛД СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР ХАНДАЖ БОЛОХГҮЙ
1-173858-453802790

Тэрбум мод санаачилгын хүрээнд салбарын эрдэмтэн судлаачдын байр суурийг хүргэж байна.

Хүрээлэн буй орчин судлалын доктор М.Тунгалаг:

-Тэрбум мод тарина гэдэг бол асар том тоо. Нийт ойд ургаж байгаа моднуудаас хамгийн нас биед хүрсэн, таван метрээс дээш мод нэг га талбайд 560 орчим ургаж байгаа гэж үзвэл Монгол орны сэрүүн бүсийн ойд нийт нас биед хүрсэн таван тэрбум гаруй мод ургаж байгаа. Зулзаган модтой нийлбэл 27 орчим тэрбум болж байна. Энд заган ойг оруулаагүй. Тэрбум мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа нь маш том мега төсөл. Үнийн дүнг нь харсан ч гэсэн 3.3 их наяд төгрөг зарцуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө манлайлж байгаа нь маш их ач холбогдолтой. Том төслүүд сонгуулийн цикль дунд уначихаад байдаг. Нэг том улстөрч нь манлайлж санаачлага гаргахаар дараагийн жил нь өөр намын улстөрч гарч ирээд зогсоочихдог. Одоогийн Ерөнхийлөгч зургаан жилээр сонгогдсон учраас энэ том төслийг санаачилж байгаа нь сайшаалтай. Мега төслийн хувьд заяа яавал амжилтад хүрч, яавал унадаг вэ гэдэг талаар бэлэн дэлхий даяар шинжлэх ухааны үндэслэлтэй онол болж, бүх зүйл нь тодорхой болсон. Яг тэр дагуу л явах хэрэгтэй.

Ингэснээр том төслийг амьдруулж чадна. Хамгийн гол нь манлайлагч гарч ирсэн нь сайн. Манай ойн салбарынхан тэрбум мод тарихад бэлэн биш байгаа. Социализмын үеэс хойш энэ салбар хүний нөөцийн хувьд тасарсан. Хуучин нийгмийн үед энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, залуусыг их дэмжиж байсан.Гэтэл одоо материаллаг баазын хувьд ч тасарчихсан. Өмнө нь бодлогоор Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ, Хэнтий аймагттом том баазуудыг байгуулж байсан. Гэхдээ өнөө цагт бидний хийх ёстой ажил мөн учраас ард нь гарч таарна. Энэ төсөл хэрэгжиж, шууд эдийн засгийн эргэлтэд орж, ашиг тусаа өгөхгүй. Тийм учраас бусад мега төслүүдээс ялгаатай. Бид өнөөдөр хойч үе, ирээдүйдээ үлдээх томоохон өв хөрөнгөө бэлдэж байгаа гэсэн үг. Жишээлбэл, цахилгаан станц байгуулбал шууд ашиг, үр өгөөжөө өгнө шүү дээ.

Мега төсөлд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Том төслүүд зогсдог нэг шалтгаан бол энэ. Ингэснээр маш их хөрөнгө үрж, салхинд хийсгэдэг. Ажил хийхээсээ илүүтэй “Бид чадна. Бид бэлэн” гэж буруу төлөвлөлт хийх вий. Үүнд их анхаарах хэрэгтэй. Байгаль орчны цогц мэдлэг мэдээлэл хэрэгтэй. Бүс нутгийн хувьд хамтарч ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн тамгын газраас одоо шууд техник, технологи болон цэргүүдийг дайчлан мод тарина гэж мэдээлэх буруу. Харин төслийг санаачлагчийн хувьд ингэж хэлж болно. Төслийн стратегиа дор хаяж 1-2 жил хийж байж, зарлах ёстой. Салбарын бүх мэргэжилтнүүдэд нээлттэй байх ёстой. Том төслүүд нээлттэй бус байснаар зогсох тохиолдол гардаг. Яагаад гэвэл ард түмний итгэлийг нэгтгэж, хөдөлгөөнд оруулж байгаа учраас нээлттэй байх шаардлагатай. Өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед зарлиг гаргаж, хавар намрын улиралд бүх нийтээрээ мод тарьдаг болсон. Энэ ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж буй.

Улаанбаатар хотын ерөнхий дендрологич, биологийн ухааны доктор, профессор, Б.Чимид:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан энэ санаачлага бол маш чухал. Бидний амьдарч буй дэлхий нэг градусаар дулаарсан. Хэрвээ хүний биеийн халуун нэг хэмээр дулаарсан бол өвдөж байна гэсэн үг. Дэлхий өвдсөн үед ногоон ургамал тарьж эмчилдэг. Төв Азийн өндөрлөг бүс нутагт оршдог Монгол орон цөлжиж эхэлбэл дэлхий сөнөнө. Төв Азид хүн үүссэн гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Монгол орны нийт нутгийн 76 хувь цөлжөөд байна. Монголын ой мод мөнх цэвдэг дээр байдаг. Гэтэл тэр мөнх цэвдэг нь дэлхийн дулаарлын улмаас хайлж, томоохон гол мөрний усны хагалбар ширгэнэ. Дэлхийн хэмжээний том асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс хөндсөн юм. Зарим иргэд “Монголд нэг тэрбум мод тарих уу” гэж шоглож байна. Ирэх 2030 он хүртэл есөн жилийн хангалттай хугацаа бий.

Дэлхийн цаг уурын дулаарал, эрс тэс уур амьсгалын эсрэг ганц арга хэмжээ бол ой мод. Монгол улсын хэмжээнд 1200 ойн инженер байдаг. Эдгээр мэргэжилтнүүдээ бүрэн ашиглах хэрэгтэй. Нэг га ойг 150-200 сая төгрөгөөр улс худалдаж авах ёстой. Ганцхан нас бие гүйцсэн 50 настай шинэс модны экологийн үнэлгээ 197 сая төгрөг байдаг. Гэтэл  бид нэг га ойг 10-хан сая төгрөгөөр худалдаж авч болохгүй шүү дээ.

Миний бие Улаанбаатар хотыг сүүлийн таван жил ойжуулсан. Ойд шигүү ургасан модыг сийрэгжүүлэлтийн аргаар авч, хотын төвд суулгадаг юм. Шигүү ургасан ой модыг сийрэгжүүлэх ёстой байдаг. Огтлох ёстой модыг сийрэгжүүлж авч, хотод суулгасныг иргэд буруугаар ойлгох байна. Мөн уул уурхай, замын бүтээн байгуулалт, төмөр замын бүтээн байгуулалт хийх нэрийдлээр орон нутагт ойн модыг шууд тайрч буй. Тэр моддыг яагаад хотод суулгаж болохгүй гэж. Үүнийг бодож үзэх хэрэгтэй.

С.ЦЭЭСҮРЭН

ЭХ СУРВАЛЖ 6

“Модыг нялх хүүхэд шиг 3 жил арчилж байж орчиндоо дасан ургадаг"

Ерөнхийлөгчийн санаачлагын хүрээнд уулнаас мод авчирч тарихгүй болохоо амалсан. Тиймээс мод үржүүлгийн компани Монголд хэр олон байдаг, мөн нэг суулгац үрслүүлэхэд хэчнээн хөрөнгө мөнгө зарцуулдаг талаар “UBT Gardenкомпанийн ерөнхий инженер Н.Баяржавхлангаас тодрууллаа.

-Ерөнхийлөгч 10 жилийн дотор тэрбум  мод тарина гэлээ. Гэхдээ уулнаас мод авчирч тарихгүй болохоо амалсан. Ингэхэд Монголд модүржүүлгийн компаниуд хэр олон байдаг вэ?

-БОАЖЯамнаас ойн мэргэжлийн байгууллагийн гэрчилгээ олгодог. Одоогийн байдлаар Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй 39 ААН үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр хувиараа мод тарьдаг иргэд, хоршоо нөхөрлөл бас байгаа.  

-Ер нь нэг тэрбум мод тарих боломж бололцоо, хүчин чадал бий юу?

-Үүнийг шинжлэх ухаанд суурилсан маш сайн төлөвлөгөө, төлөвлөлт, судалгаа хийж байж хэрэгжих боломжтой. Тэрнээс биш сэтгэлийн хөөрлөөр энд тэнд очоод мод тарьж байгаа нэртэй нүх ухаад суулгац тариад орхих асуудал биш юм.

Хамгийн түрүүнд услагаа, хашаа хамгаалалтыг шийдэж байж мод тарина. Мөн мод ургуулах гэдэг чинь сэтгэл их шаарддаг. Нялх хүүхэд арчилж өсгөдөг шиг дор хаяж 3 жил арчилж байж орчиндоо дасан ургадаг.  Хаана ямар газар ямар зориулалтаар тарихаас хамаарч модны төрлөө сонгох хэрэгтэй.

-Танай компанийн хувьд нэг жилд хичнээн суулгаж үржүүлдэг вэ?

-Манай компани жилд ойролцоогоор 500 мянга орчим мод тарьдаг. Бид ажиллаж байгаа хугацаандаа жилд дунджаар 300-600 мянган мод ойжуулалт болон тарилтын ажилд зориулан борлуулалтанд гаргаж байна. 2021 оны хавраас эхлэн үрийн тарилт хийх талбайгаа нэмэгдүүлэн тарилт хийсэн. Манайх нийт хүчин чадлаараа үрийн тарилт хийх талбайгаа нэмэгдүүлэн ажиллавал жилд 8-10 сая хүртэл тарьц суулгац ургуулах боломжтой.

-Нэг суулгац үржүүлэхэд хэчнээн хэмжээний зардал гардаг вэ?

-Модны төрөл зүйлээсээ шалтгаалан зардал өөр өөр байна. Үрээр тарилт хийгээд 2-3 жил арчлан ургуулах зардал ойролцоогоор 2000-3000 төгрөг байна.

-Үржүүлгийн суулгацуудаа хаанаас оруулж ирдэг вэ?

-Бид хотын ногоон бүс болон Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгуудын ойн сангаас  8-10 сар хүртэл модны үрээ түүж, тарилтанд бэлтгэн тариалдаг.

-Үржүүлгийн чиглэлийн мэргэжилтэн, хүний нөөц Монголд хангалттай бий юу?

-Монгол Улсын хэмжээнд ШУТИС, МУИС, ХААИС зэрэг 3 сургуульд ой зүйч, ой судлаач, ойн инженер гэсэн мэргэжилээр оюутан элсүүлэн төгсгөж байгаа. Мөн МСҮТөвд ойжуулагчаар сургадаг.  Үүнээс төгсөөд мэргэжилээрээ ажиллаж байгаа нь 30-40 хувь орчим байх. Тэрбум мод Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд боловсон хүчний хангалтгүй байгаа. Нэмж бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна.

-Байгууллага, иргэд, цэцэрлэг сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан шат шатны экологийн боловсролыг дэмжих сургалт хийх хэрэгтэй.

-Импортын суулгац оруулж ирэхэд хүндрэл бэрхшээл юу байна?.

-Гадны мод манай уур амьсгал орчин нөхцөлд дасан зохицох нөхцөл маш бага байдаг. Гаднаас орж ирж байгаа модны үндэс, хөрс шороонд нь янз бүрийн хортон шавж орж ирэх аюултай. Энэ мэт байдлаа бодолцох нь зөв болов уу.

Б.МӨНГӨНТАМИР

ЭХ СУРВАЛЖ 7

SPEAK OUT: ТЭРБУМ МОД ҮРГҮЙ ЗАРДАЛ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ
3F5F0DFE-190D-4807-8921-51041C68F35D

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ тэрбум мод тарьж ургуулах хөдөлгөөн эхлүүлэхээ мэдэгдсэн. Хэдийгээр цагаа олсон мэдэгдэл ч түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийн тооцоо судалгаа байхгүй байгаад эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна.

Эдийн засагч Б.Лхагважав: ХАГАС, БҮТЭН САЙНЫ СУББОТНИК БОЛООД ДУУСЧ МЭДНЭ

-Эдийн засгийн өгөөж ярих эрт, одоо зарлиг л гарсан байна. Манай улс мод тарина гэж мэргэжлийн байгууллагуудаас холдуулаад, сайн дурын ажил болгоод, мэргэжлийн бус улсууд хавар, намар субботник хийгээд, баахан зарлага гардаг юм. Социализмын үед ч тийм байсан, одоо ч тийм байгаа юм. Тэрбум мод тарих гэж байгаа бол мэргэжлийн ойн байгууллагууд, мод үржүүлгийн газруудад санхүүжилтийг нь өгөөд, алсын төлөвлөгөөг нь гаргуулаад ажиллавал үр дүнтэй ажил болно гэж бодож байна. Түүнээс байгууллага байгууллагыг хүчээр шахаад, нөгөөх нь дарга харахаараа мод тарьж байна гээд жүжиглээд байвал дэмий зарлага болоод л дуусна.

-Сайн туршлагууд бий биз?

-Бий бий. Өвөрмонголын таван том цөлийн нэгийг 50 хувь ойжуулсан Хятадын туршлагатай том бизнесмен байдаг. Тэр хүн намайг танхимын ерөнхийлөгч байхад манай танхимаар дамжуулаад, 2018 онд хэдэн га газарт өөрөө хөрөнгө гаргаж, ойг яаж бий болгодог, мод тарьдаг аргыг зааж өгье, туршлагаа судлуулъя гэж байсан. Одоо дараагийн ерөнхийлөгч олж аваа болов уу гэж найдаж байна. Өмнөговь аймгийн урдхан талд байдаг муж л даа. Тэр хүн тэндээс 1971 онд давс авч байсан юм билээ. Давсны үйлдвэрийн дарга байсан хүн тухайн үедээ 40 км замаар явж давсаа хүргэж өгөхөд маш хүнд байж. 1971 оноос хойш бараг 50 жил мод тариад, тэр мужийн 51 хувийг ойжуулсан байна. Түүнээс гадна нарны энерги, 10 га газарт тариа ногоо, жимс жимсгэнэ тариад, мужаа хангадаг бизнесийн маш том эдийн засгийн эх үүсвэр болчихсон байгаа юм. Мөн Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад модны том аж ахуй байна. Манай тариан талбай шиг том томоор нь ойг тариад, ойжуулах процесс явагдаад, тариан талбай гэдэг шиг ойн талбай болгочихсон байна лээ.

-Таны ярианаас тэрбум мод тарихаасаа өмнө туршлага судлах хэрэгтэй гэж ойлголоо?

-Тийм ээ. Эхлээд бид тэрбумаасаа өмнө Хятад болон ӨАБНУ-аас туршлага судлах хэрэгтэй. Хоёрт, яг тухайн газар нутагт ургаж буй ургамал, амьтныг байлгах нь биологийн талаас маш чухал. Манай ойн чиглэлийн улсууд гаднын мод, янз бүрийн ургамлыг авчирч тарих сонирхолгүй байдаг юм билээ. Ойжуулалтын чиглэлийн эрдэмтэд ч үүнийг хэлдэг. Тэгэхээр наана нь судалгаа хийж, мэргэжлийн байгууллагад хөрөнгө оруулаад сэргээвэл болно. Социализмын үед Ойн яам байсан. Тэрбум мод тарихаасаа илүү одоо бидэнд байгаа ойгоо дахин сэргээх, цэвэрлэх, ойг ойжуулах, ойтой ажилладаг улсуудаа бэлтгэхэд хүчээ зарцуулах хэрэгтэй. Би Булганы Тэшиг сумын хүргэн. Тэшигийн 80 хувь нь ой. 2005 онд очиход Тэшигийн хөгшчүүл Монголын Ойн тухай ерөнхий хуулийг хэрэглэсэн чинь Тэшигт байдаг, ойгоор амьдардаг ард түмний амьдралыг сүйтгэсэн гэж хэлж байсан.

-Яагаад тэр вэ?

-Тэндээс мод авбал шоронд орно. С.Оюун сайдыг байхад гарч байсан хууль байх. Түүнээс хойш модоо ашиглаж чадахаа байсан юм билээ. Мод тойрсон хөгшин моддыг авч байж залуу мод үрждэг. Тэнд олон жил суурьшсан нутгийн иргэд, буриадууд ямар модыг нь авах вэ гэдгийг мэддэг байж. Дараа нь авсан модоо жил гаруй хатааж байж модон эдлэл хийдэг. Гэтэл тэр том шинжлэх ухаан, тэр том аж ахуй манай Ойн хуулиар байхгүй болчихсон юм билээ. Дээр нь ойгоо мэдэх, модон эдлэл хийх хөгшчүүл нь өнгөрчихсөн учраас уламжлалт нэг аж ахуй тасарчихсан юм байна лээ.

-Хамгийн гол нь таниас “Тэрбум мод тарьснаар Монголын эдийн засагт ямар өгөөж өгөх вэ” гэдгийг л тодруулах гээд байгаа юм?

-Ой гэдэг цаанаа эдийн засгийн үр өгөөжтэй байх ёстой. Үр өгөөжтэй байлгаж, үр өгөөжийг нь авахын тулдд одоо бид газар нутгийн 7 хувьтай байгаа ойгоо эхлээд янзлах хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь Богд уулын орой дээр гарахад л ашиглаагүй уначихсан модод маш их бий. Түүнийг цэвэрлэхгүй байлгасаар байгаад нөгөөх нь буцаад түймрийн эх сурвалж болж байна. Бид Богд уул, Гачууртын цаад амны моддыг янзлах зэрэг ажлуудаа эхлээд хийсэн нь дээр байх аа. Цоо шинэ газар мод тарина гэдэг сүүлийн социализмын үед, 100 жилд хамгийн үргүй зардал байсан.

-Тэрбум мод тарихад 4.3 их наяд төгрөг зарцуулах тооцоо гаргасан байсан?

-Бараг 4 их наяд төгрөг гэхээр манай улсын төсөв шиг юм билээ. Энэ хаалттай хүнд үед компаниуд ялангуяа улсын үйлдвэрийн газруудыг хүчээр муйхарлаж оруулж ирэх нь асуудал шүү. Жишээ нь, дайны үед Чойбалсан гуай малаа 200 сая болгоно гэсэн амлалт өгөөд, түүнээсээ болж Монголын малчин ардуудыг шар махтай нь хатаасан шүү дээ. 200 сая хүргэх гээд, дээр нь ноос ноолуурын маш их төлөвлөгөө өгөөд, сүүлд нь өөрийнхөө үстэй дээлээ хүртэл хяргаж ноосныхоо бэлтгэлд өгч байсан тохиолдол манай Завхан нутагт зөндөө байсан. Түүнтэй адил хийсэн хоосон амлалт авчихаад, тэрэндээ муйхарлаж, ард түмнээ хөлдөө чирчих вий. Сүүлийн үед үрээр тарьсан моддыг авахгүй, энд тэндээс баахан мод хэд дахин үнэлж авчирч суулгаад, маш их мөнгө угаасан асуудал бий. Ойгоор мөнгө угаадаг явдал хавтгайрсан. Тиймээс мэргэжлийн улсуудын саналыг авах хэрэгтэй. Гэхдээ социализмын үеийн муйхар мэргэжилтнүүд бас биш шүү. Нас, ажилласан жилдээ дулдуйдаад бас буруу тийшээ явуулах гээд байдаг. Байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулснаараа байгальдаа ч, эдийн засагт ч ашигтай. Яг байгальдаа ээлтэй явуулдаг улс нь Австрали, ӨАБНУ байгаа юм. Тэдний ой үржүүлгийн туршлагыг судлах хэрэгтэй.

Эдийн засагч С.Лхагважав: ЭДИЙН ЗАСГИЙН НАРИЙН ТООЦООГҮЙ, СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР ЯРЬЖ БАЙНА

-Гэр хорооллын айлууд 300 мод тарина гэж бараг байхгүй дээ. Нэг, хоёр гурав, таван мод таривал их юм байхгүй юу. Айл болгон 1 эсвэл 5 мод тарина гэвэл л гэхээс тэрбум мод үлгэр домгийн асуудал болоод, баахан үргүй зардал гарч, хүмүүсийн цаг үрээд дуусна гэсэн үг. Моджуулах ажил Ерөнхийлөгчийн хийх ажил биш, яам агентлагууд нь хийнэ биз.

-300 мод тарина гэдэг бол үлгэр. Маш их мод шүү дээ. Би лагерьтаа маш их мод тарьдаг. Манайх шиг тэгж их мод тарьж байгаа айл байхгүй. Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд 300-гаад мод тарьсан. Ийм хэмжээнд тарина гэвэл айлуудын лагерийн хашаа үндсэндээ битүү ой болно гэсэн үг. Айлууд 5, 6 мод, дээд тал нь 20 мод тарина. Гэр хороолын айлууд мод тарина гэвэл үлгэр. Газар байхгүй айлууд мод тарина гэдэг үлгэр байхгүй юу. Багаар бодоход 1 модонд ойролцоогоор 4м2 талбай ногдоно. Энэ бол У.Хүрэлсүх Мао Зедун үр тариа, хоол хүнсээ хангалттай болгоно гээд болжмор устгадаг шиг л юм шууд ярьчихаж байгаа байхгүй юу. Эдийн засгийн ямар ч нарийн тооцоо байхгүй. Угаасаа ийм юм хийж үзээгүй хүн чинь сэтгэлийн хөөрлөөр судалгаагүй юм ярьж байна. Нэг мод ургуулъя гэвэл гурван жилийн хугацаанд тогтмол усалж арчилж байж сайн ургана. Хэдэн мянган, хэдэн тэрбум мод тарьж болно. Гэхдээ 10 мод тарилаа гэхэд сайн арчилсан ч 3-4 нь үхчихнэ. Арчлахгүй бол бүгдээрээ үхнэ.  

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш, доктор, дэд.профессор Б.ЦЭНГЭЛ: АРЧИЛГААНЫ ЗАРДАЛ ГЭЖ МАШ ТОМ АСУУДАЛ БИЙ

 -Тэрбум мод тарина гэдэг маш сайшаалтай хэрэг. Эдийн засгийн ашгаасаа илүү хамгийн гол нь тарих газар нь хаана байна вэ, тарих тарьц суулгац нь хаана байна вэ, дээрээс нь ажиллах хүч бас хэрэгтэй. Говь, хангайд 50, 100 саяар нь тарих байх, тэнд тарих мод бут сөөгний тоо хэд байх вэ гэдэг чухал. Монголд нийт 149 мод үржүүлгийн газар бий гэж бүртгэгдсэн байдаг. Хангалттай суулгац гаргачих аж ахуйн нэгж бараг байдаггүй байхгүй юу. Усны болон хамгаалалтын асуудал шийдэхгүй бол манайх шиг мал аж ахуйн оронд мал нь идчихнэ шүү дээ. Усны асуудал шийдэхгүй бол мод тариад нэмэр байхгүй. Хятад улсад биднийг явж байхад элстэй газрыг ойжуулахдаа километр яваад, километр яваад л худаг гаргачихсан, торон хашаа татчихсан байсан. Энэ бүхнийг маш их мөнгө хаяж байж хийх ажил байгаа юм. Тариад ургуулчихлаа гэвэл маш буянтай сайхан ажил. Гэхдээ зөвхөн мод тарих гол нь биш. Арчилгааны зардал гэж маш том асуудал бий. Бордоо, усалгаа, хэдэн настай суулгацыг хэд болтол нь тарьж ургуулахаас хамаараад жил жилийн хавар, намрын тооллого хийж, амьдралтын хувь нь ямар байх вэ гэдгийг байнгын хяналттай байлгах хэрэгтэй. Үүнд мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулаад, зөв суулгах нь чухал. Тэгэхгүй бол чигжээгүй, дээрээс нь хөрс муутай газар тариад ургахгүй байх зэргийг бодолцож, нэлээн нухацтай хандаж хийх ажил байгаа юм.

Д.ЭРДЭНЭТУЯА

ЭХ СУРВАЛЖ 8

ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ДРОНООР МОД ТАРЬЖ, УРГАЛТ, АРЧИЛТЫГ НЬ ЦАХИМААР ХЯНАЖ БАЙНА
6193178A-100C-424F-82EF-3D3FA69D8E9F

Хүн төрөлхтний технологийн хөгжлийн оргил үедээ орж, олон салбарт дэвшилтэт арга техник ашигладаг болжээ. Жишээлбэл, өнөөдөр дэлхий нийт хөдөө аж ахуйгаас эхлээд боловсрол, үйлдвэрлэлд ч технологийн хүчийг ашиглаж байна. Тиймээс Монголд тэрбум мод тарих хөдөлгөөнтэй зэрэгцээд улс орнууд ямар шинэ техник технологийг ашиглаж байгааг тоймлон хүргэе.

11 цагт 110 сая мод тарьдаг

Австралийн “TreeChain Network” компани 2018 оны мөд тарих өдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд “11011” кампанит ажлын талаар анх зарлаж байлаа. улмаар 20199 оны арваннэгдүгээр сарын 11-нд дэлхийн 50 гаруй улсад “11011” кампанит ажил эхэлж, 11 цагийн дотор 110 сая мод тарьжээ.

Тэгэхдээ компанийн эрдэмтэд 50 гаруй оронд хамгийн тохиромжтой модны сортуудыг судалж сонгосон аж. Мөн мод тарихдаа блокчэйн, хиймэл оюун ухаан, IoT, үүлэн технологи, биочип зэрэг 4.0 дэвшилтэт технологи ашигласан байна. Ингэснээр тарьсан моддоо цаашид хэр ургаж байгааг, ургах тохиромжтой орчин бүрдэж байгаа эсэхийг, шим тэжээлийг алсаас хянаж, зохицуулах боломжтой болжээ.

“TreeChain Network” компани эл кампанит ажлыг эхлүүлэхдээ сайн дурынхныг цуглуулж, хандив босгохоос гадна “Treecoin” гэх крипто валют бүтээсэн аж. Мөн цаашид тус компани 2030 он гэхэд нийт 11 тэрбум мод тарих зорилго тавьжээ.

Тарьсан модоо цахимаар хянадаг

Дээрхтэй төстэй байдлаар олон оронд сайн дурын, төрийн, төрийн бус байгууллагууд мод тарих кампанит ажлууд эхлүүлж, хэрэглүүлдэг болжээ. Тэгвэл тэдний зарим нь цахим технологийг ашиглаж, хандив цуглуулах, модны сертификат зарах гэх мэт аргаар мод тарихад шаардагдах хөрөнгийг босгох болжээ.

Жишээлбэл, Өмнөд Африкт мод тарих “Greenpophttps://greenpop.org/gift-a-tree-certificate/?gclid=CjwKCAjwtfqKBhBoEiwAZuesiPEVCqFMSBBa1H-dRqXOhQc3WMI3VtzzvvNyAwiXLor8NWBDEVkArBoCjtwQAvD_BwE” аян мөнгө хандивлагчдад модны сертификат олгодог гэнэ. Тэдний албан ёсны веб сайт дээрээс харвал, нэг мод тарихад шаардагдах найман ам.доллар хандивласан хүнд нэг мод тарьсан гэх албан ёсны тамга, тэмдэгтэй баярын бичиг буюу мэндчилгээний ил захидал, сертификат олгож, түүндээ өөрийнх нь хандиваар тарьсан мод яг хаана байгааг илэрхийлэх GPS координатыг дагалдуулдаг гэнэ.

Харин Австралийн түймрээс хойш эхэлсэн “Reforest Nowhttps://www.reforestnow.org.au/?gclid=CjwKCAjwtfqKBhBoEiwAZuesiPMPfKEoJY0MRQvsJHoxy7oJHyH_L-txVpOmpU7_WfZT3_kLMAiBTRoCvaoQAvD_BwE” аяныхан цахим хаягаараа дамжуулан мод тарих хандив цуглуулдаг аж. Тэгэхдээ нэг мод тарихад шаардлагатай хандивыг таван австрали доллар гэж тооцож, хандив өгсөн хүн бүрийг хүндэт донорынхоо жагсаалтад бүртгэж авдаг гэнэ. Ингэснээр хандивлагч тэдний албан ёсны веб сайтад нэвтэрч, өөрийнх нь хандиваар тарьсан мод хаана байгаа, хэр ургаж байгаа, хэрхэн арчилж байгааг алсаас хянах боломжтой юм. Тус аяны мэргэжилтнүүд  өдгөө нийт 169632 модыг дан хандивлагчдын хөрөнгөөр тарьсан бөгөөд ойрын хугацаанд 36.6 га газрыг ойжуулахаар төлөвлөсөн гэнэ.

Мод тарьдаг дрон

Эрдэмтийн тооцоолсноор жилд хүн төрөлхтөн 15 тэрбум мод тайрч, есөн тэрбум мод тарьдаг гэнэ. Иймд жил бүр дэлхий дээрх моддын тоо зургаан саяар хорогдож буй гэсэн үг. Мод тарих зорилготой компани, сайн дурынхан, аян, сүлжээ олон байгаа ч гараар тарих нь үнэтэй, удаан үйл ажиллагаа юм. Яж ч бодсон том том трактор, бульдозер, машин техникээр сөнөөж байгаа ойн хэмжээг гараар мод тариад гүйцэхгүй нь ойлгомжтой. Тиймээс орчин цагийн инженерүүд илүү хурдан хугацаанд олон мод тарих технологийн эрэлд гарчээ. Үр дүнд нь олон шинэ технологи төрсөн ч хамгийн сонирхолтой нь өдөрт 100 мянган мод тарих чадалтай дрон байв.

Нэгдсэн Вант улсад төвтэй “BioCarbon Engineering”компани дрон үйлдвэрлэгч “Parrot” компанитай хамтран хурдан хугацаанд бага хөрөнгөөр олон мод тарих шийдэл олжээ. Түүгээр зогсохгүй энэ аргаар хүний хөл хүрэхэд бэрх газруудад ч мод тарих боломжтой юм.

Тэгэхдээ дрон эхлээд орчны гурван хэмжээст зураглалыг гаргаж, мод ургахад хамгийн тохиромжтой цэгүүдийг тусгай альгоритм ашиглан тогтоодог аж. Түүний дараа дрон суулгахад бэлэн модны үр бүхий бэлдэцүүдийг секундэд нэг гэсэн хурдтайгаар тохиромжтой цэгүүд рүү буудан суулгадаг аж. Үүнээс тооцвол нэг дрон өдөрт 100 мянга орчим мод тарих хүчин чадалтай аж. Хэрвээ 60 дрон зэрэг ажиллавал, нэг жилд нэг тэрбум мод тарих боломжтой гэнэ.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр энэ арга гараар мод тарихаас 10 дахин хурдан агаад 20 хувиар хэмнэлттэй, элдэв машин техник ажиллуулах шаардлагагүйгээрээ давуу талтай гэнэ. Түүнчлэн мод суулгасны дараа дронуудаараа дамжуулан өөрийнх нь санах ойд хадгалаастай байгаа моддын байршлуудад тэжээл, бордоо буудах ч боломжтой аж. Уг төсөлд Норвеги 400 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Мөн үүнтэй төстэй технологийг өөр олон компаниуд боловсруулан амжилттай туршиж эхэлсэн байна.

Хятадын арвин туршлага

Мод тарих санаачилгыг хамгийн түрүүнд дэмжиж, ажил хэрэг болгож эхэлсэн улсуудын нэг бол БНХАУ. Тухайлбал, Хятадын эрх баригчид 1978 оноос Ногоон хэрэм буюу умард нутгуудыг ойжуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Төслийн хүрээнд 2050 он гэхэд гови нутагт 4500км газарт модон хэрэм байгуулах зорилготой аж.

Монгол, Өвөр Монголын газар нутагт тархан байрладаг говь нутгаас хийссэн шар шороо, элс жилд 3600км.кв бэлчээрийг цөл болгодог гэх тооцоо бий. Түүгээр зогсохгүй цааш 2000км.кв газрын ургацад ноцтой нөлөөлдөг гэх. Түүгээр зогсохгүй шуурганд туугдсан шороо Япон, Солонгосын хойгт хүрч очдог. Иймд ногоон хэрэм төсөл Хятадын умард нутгийн ойг 5 хувиас 15 хувь болгон нэмж, шар шороон шуургыг хязгаарлах үүрэг гүйцэтгэх юм. Төслийн дөрөв дөх үе 2003 онд эхэлсэн аж.

Гэвч зарим шүүмжлэгчид говийн нутагт их хэмжээний мод тариснаар хөрсний ус багасан, улмаар тэнцвэртэй байдал, тогтолцоо алдагдах эрсдэлтэй гэж шүүмжилж буй. Гэсэн ч засгийн газрын мэдээлснээр Бээжин 1978 оноос хойш нийт 13 мужийн нутагт 66 тэрбум гаруй мод тарьсан гэжээ. 2000 оны үед Бээжин жилд 10400км.кв талбай шинээр цөлжиж байна гэж мэдээлдэг байсан бол, 2017 онд цөлжсөн талбай жилд 2400км.кв-аар хумигдаж байна гэж мэдээлжээ.


Б.АМАРБАЯСГАЛАН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж