СЕХ: Сонгинохайрханд 39.04 хувь, Хэнтийд 34.29 хувьтай өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2021.10.10-нд нийтлэгдсэн

СЕХ: Сонгинохайрханд 39.04 хувь, Хэнтийд 34.29 хувьтай өндөрлөлөө

СЕХ: Сонгинохайрханд 39.04 хувь, Хэнтийд 34.29 хувьтай өндөрлөлөө

НЭМЭЛТ: 22.00 ЦАГ

УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа. Хуулийн дагуу хэсгийн хороод хаалгаа бариад байна.

22:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн ирц 39.04 хувьтай, Хэнтий аймгийн ирц 34.29 хувьтай байна. Нийт 148 хэсгийн хороо хаалгаа барьж, санал хураалтыг зогсоолоо.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "148 хэсгийн хороо хаалгаа барьсан. Ирц хүрсэн эс хүрснээс үл хамаараад үр дүнг дэлгэцээр танилцуулна" гэсэн юм.

22:14 цагийн байдлаар 18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооны 19 хэсгийн хорооноос ирсэн мэдээллээр:

  • Ц.Идэрбат 3259
  • Ц.Гарамгайбаатар 867
  • М.Чингисхаан 163
  • А.Бархүү 51
  • Д.Чулуунбат 40
  • Д.Баатаржав 40 санал аваад байна.

Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшигчдийн тухайд:

  • Э.Батшугар 3768
  • Б.Найдалаа 1013
  • Э.Бат-Үүл 916
  • Ш.Гантулга 550
  • А.Отгонбаатар 349
  • Х.Бат-Ялалт 297
  • Ц.Гантулга 241
  • Л.Цог 32
  • Ш.Төмөрсүх 13
  • А.Батдорж 6 санал аваад байна.

СЕХ-ноос өнөөдрийн санал хураалтын дүнг нэгтгэн, 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ. Үлдсэн саналын хуудсыг лацдан, нэмэлт санал хураалтын үеэр ашиглах аж.

Дашрамд дурдахад, УИХ-ын нөхөн сонгууль явуулдаг болох заалтыг 1997 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлтээр оруулсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа нөхөн сонгууль зохион байгуулсан юм. Үүнд:

-1997 онд 21 дүгээр тойрог буюу Завхан аймагт Н.Энхбаяр (МАХН) 72,63 хувийн саналаар,

-1998 онд 37 дугаар тойрог буюу Төв аймагт Ц.Өөлд (МАХН) 63,61 хувиар, 53 дугаар тойрог Дархан-Уул аймагт Д.Цэвээнжав (МАХН) 58,29 хувийн саналаар, 17 дугаар тойрог буюу Дорнод аймагт С.Оюун (Ардчилсан холбоо эвсэл) 83,60 хувийн саналаар,

-2001 онд 22 дугаар тойрог буюу Завхан аймагт Д.Туяа (МАХН) 92,29 хувийн саналаар,

-2002 онд 11 дүгээр тойрог Булган аймагт Б.Өвгөнхүү (МАХН) 41,10 хувиар, 36 дугаар тойрог буюу Төв аймагт С.Батболд (МАХН)- 51,44 хувиар,

-2005 онд 65 дугаар тойрог буюу нийслэлийн Баянгол дүүрэгт М.Энхболд (МАХН) 77,18 хувийн саналаар,

-2006 онд 46 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт Ө.Энхтүвшин (МАХН) 56,74 хувиар

-2009 онд 24 дүгээр тойрог буюу нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Д.Зоригт (МАХН)60,37 хувийн саналаар УИХ-ын гишүүн болж байв.


СЕХ: НӨХӨН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН ИРЦ 50 ХУВЬД ХҮРЭЭГҮЙ БАЙНА

НЭМЭЛТ:  21.00 ЦАГ

Сонгуулийн ерөнхий хорооноос 21:00 цагийн мэдээллийг танилцууллаа.

21:00 цагийн байдлаар Хэнтий аймагт нөхөн сонгуулийн санал хураалт 33.02 хувийн ирцтэй, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийнх 36.8 хувийн ирцтэй санал хураалт үргэлжилж байна. Одоогоор нөхөн сонгуулийн ирц хангалтгүй, 50 хувьд хүрээгүй байна. Санал хураалт  22:00 цагт дуусах юм.

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-Санал хураалт дуусахад нэг цаг үлдлээ. УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт санал хураалтын ирц тааруу байна. Энэ нь олон шалтгаантай. Хэнтий аймагт Норовлин, Өмнөдэлгэр зэрэг суманд цас орж, зам даваа хүндрэлтэй байна. Сүүлийн цагуудад сум суурин газарт байгаа сонгогчдын ирц нэмэгдэж байна. Харин баг суурин газарт ирц бага байна. Сонгинохайрхан дүүрэгт сонгогчдын ирц нэмэгдэж байна. Сонгуультай холбоотой маргаан бага байна. Хэнтий аймгийн тухайд 44 хэсгийн хорооны мэдээ дөрвөн цагаар хоцорч байна. Иймд тус аймгийн сонгуулийн санал хураалтын ирцийн дүн нэмэгдэх магадлалтай. Одоогоор  Хэнтий аймгийн зарим хэсгийн хороонд ирц нэмэгдэх төлөвтэй байна. Бид 22:00 цагаас мэдээллийг дамжуулна. Ирц хүрээгүй тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо маргааш хуралдаж хэлэлцэнэ. Одоогоор ирцийн эцсийн мэдээ нэгтгэгдээгүй байна.

СЕХ-ны Ажлын албаны дарга Д.БАЯНДҮҮРЭН:

-Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн. Гомдол мэдээлэлтэй холбоотой зөрчилд цагдаагийн байгууллагаас өчигдөр шуурхай арга хэмжээ авсан. Нэг зүйл тодорхой хэлье. Сонгуулийн ерөнхий хороо болон бүх шатны байгууллага санал хураах байрны доторх үйл явцыг хянадаг. Сонгуулийн санал хураалтын байрны гадна болсон үйл явцыг цагдаагийн байгууллага хянаж, илэрсэн зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна.


СОНГОХ ЭРХЭЭ ЭДЛЭХГҮЙ БОЛ ТАНЫ ХҮСЭЭГҮЙ ҮР ДҮН ГАРАХ НЬ ТОДОРХОЙ

НЭМЭЛТ: 17.00 ЦАГ

Сонгуулийн ерөнхий хорооноос 17:00  цагийн мэдээллийг танилцууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны 16.00 цагийн ирцийн мэдээлэлд Хэнтий аймагт  10641 сонгогч буюу  20.3 хувь нь, Сонгинохайрхан дүүрэгт 26508 буюу 23.8 хувийн ирцтэй саналаа өгчээ.

17:00 цагийн байдлаар  Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт санал хураалтын ирц 25.20 хувь буюу 28720 иргэн, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт 22.33 буюу 11330 иргэн саналаа өгсөн байна.

ЗАЛУУСЫН ИДЭВХ ТААРУУ БАЙНА

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-Санал хураалт үргэлжилж байна. Сонгогч танд саналаа өгөх таван цагийн хугацаа байна. Иргэд та бүхнийг 22:00 цагаас өмнө саналаа өгөхийг уриалж байна. Санал хураалт 22:00 цагт хаах тул иргэд түүнээс хойш саналаа өгөх боломжгүй. Энэ удаагийн сонгуулиар иргэдийн сонгох эрхийг эдлүүлэхийн тулд УИХ-аас 2.2 тэрбумын зардал баталж, 148 хэсгийн хороонд 2500 орчим алба хаагч ажиллаж байна. Хэрэв сонгуулийн санал хураалт 50 хувьд хүрэхгүй бол дахин санал хураалт явуулж, хүн хүч, хөрөнгө мөнгөний зардал гарна. Залуусын идэвх оролцоо маш тааруу байна. Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг эдлүүлэхийн тулд бүх талын арга хэмжээ авч байна. Сонгогчдын саналыг авахын тулд бид бэлтгэл ажлыг хангаж, боломжтой бүх арга хэмжээг авч байна. Иргэд саналаа өгөх таван цагийн хугацаанд амжиж сонгох эрхээ эдлэхийг уриалж байна.

СОНГОХ ЭРХЭЭ ЭДЛЭХГҮЙ БОЛ ТАНЫ ХҮСЭЭГҮЙ ҮР ДҮН ГАРАХ НЬ ТОДОРХОЙ

СЕХ-ны Ажлын албаны дарга Д.БАЯНДҮҮРЭН:

-28 дугаар тойрогт 28-43 насны 72 мянга гаруй сонгогч байна. Гэтэл ирц оролцоо 15 хувьтай байна. Харин 45-70 хүртэл насны 41800 сонгогч байна. Ирцийн хувьд 30 орчим хувьтай байна. Залуус олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо идэвхтэй илэрхийлдэг. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх боломж нь сонгуульд саналаа өгөх юм. Гэтэл сонгуулийн санал хураалт бүрийн дараа иргэд бидний хүсээгүй үр дүн гарлаа гэх гомдол шүүмжлэл тасардаггүй. Залуус сонгуульдаа ирж оролцоогүй болохоор таны хүсээгүй дүн гарах нь тодорхой.

Сонгогчийн саналыг худалдаж авах хууль бус үйлдэл гарвал иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэхийг уриаллаа. Энэ тухай баримтжуулж цагдаагийн байгууллагад мэдээлбэл хуулийн дагуу 10 дахин их мөнгөн урамшуулал авах эрхтэй болохыг Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэв. Тус хорооноос мэдээлснээр, өнөөдрийн байдлаар нам, эвслүүдээс ямар нэгэн гомдол бүртгэгдээгүй. Харин утсаар авч буй мэдээллээр хэсгийн хороодод дотоод зохион байгуулалттай холбоотой гомдол мэдээлэл гарч, шуурхай хариу арга хэмжээ авч шийдвэрлэжээ.


Сонгуулийн ерөнхий хорооноос 13:00 цагийн ирцийн мэдээллийг танилцууллаа.

УИХ-ын нөхөн сонгуулийн ирцийг 12:00 цагийн байдлаар танилцуулахад, 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 5575 сонгогч буюу 10.9 хувь нь саналаа өгчээ. Мөн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт 12857 сонгогч буюу 13 хувь нь саналаа өгөөд байгаа аж. Мөн 13:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт ирц 15.75 хувь буюу 17952 иргэн саналаа өгсөн байна. Харин Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нөхөн сонгуулийн санал хураалтын ирц 12.63 хувьтай, 6412 иргэн саналаа өгчээ. Хэрэв сонгуулийн ирц 50 хувиас дээш гарахгүй бол долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулдаг журамтайг СЕХ мэдээлэл хийхдээ онцлов.

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН: 

-Цар тахалтай холбогдуулан эмнэлэг болон гэрийн тусгаарлалтад буй сонгогчдын саналыг зөөврийн хайрцгаар авсан. Нийт 1224 сонгогчийн санал авсан. Хэнтий аймгийн дөрвөн суманд өчигдрийн байдлаар цахилгаан тасарсан нөхцөл байдал ажиглагдсан. Тус аймагт санал хураалт хэвийн үргэлжилж байна. Хэнтий аймагт 1164 нь буюу 86.6 хувь зөөврийн саналын хайрцгаар саналаа өглөө. Зөөврийн саналаа хайрцгаар саналаа өгсөн сонгогчдоос зарим нь тусгаарлах байрнаас гарсан, хаяг дээрээ байхгүй зэрэг нийтлэг зүйлс ажиглагдаж байна. Улсын хэмжээнд 87.7 хувь зөөврийн санал хайрцгаар саналаа өглөө.

Өнөөдөр хоёр тойргийн хэмжээнд 148 хэсгийн хороонд 212 санал тоолох төхөөрөмж ажиллаж байна. Одоогоор санал тоолох төхөөрөмжид ямар нэгэн алдаа, эвдрэл гэмтэл гараагүй тул санал хураалт хэвийн үргэлжилж байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.

Сонгогчид хурууны хээгээр саналаа өгнө. Хэрэв санал хураахад хурууны хээ уншихгүй бол иргэний үнэмлэх болон хуулбарыг е-mongolia цахим хуудсаар авч оролцох боломжтой. Сонгогч саналаа өгөх хаягийн мэдээллийг тодорхой байршуулж байгаа билээ. Хэрэв саналаа хаана өгөхөө мэдэхгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайт руу регистрийн дугаараар нэвтэрч, мэдээлэл авч болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж