Нобелийн энх тайвны шагнал хүртсэн сэтгүүлчид

Хуучирсан мэдээ: 2021.10.10-нд нийтлэгдсэн

Нобелийн энх тайвны шагнал хүртсэн сэтгүүлчид

Нобелийн энх тайвны шагнал хүртсэн сэтгүүлчид

Филиппиний сэтгүүлч Мария Ресса, Оросын сэтгүүлч Дмитрий Муратов нар 2021 оны Нобелийн энх тайвны шагналыг өнгөрсөн Баасан гаригт хүртэв. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх зоригтой тэмцлийг нь үнэлэн, уг шагналыг олгосноо Норвегийн Нобелийн хорооны тэргүүн Берит Рейсс-Андерсен мэдэгджээ.

Тэрбээр Ресса, Муратов нарыг нэмж тодорхойлохдоо “Тэд бол хэвлэлийн эрх чөлөөнд тулгарах аливаа саадыг үл харгалзан, үзэл санааныхаа төлөө тууштай тэмцэж буй дэлхийн бусад сэтгүүлчдийн төлөөлөл юм” гэжээ.

Германы иргэн Карл фон Оссицкий 1935 онд эх орондоо болж буй дайны дараах зэвсгийн нууц хөтөрбөрийг илчилснээр уг шагналыг хүртэж байв. Үүнээс хойш сэтгүүлчид Нобелийн энх тайвны шагнал хүртсэн тохиолдол дахин гараагүй байна.

Нобелийн энх тайвны шагналыг Шведийн аж үйлдвэрийн компанийн эзэн Альфред Нобел 1895 онд өөрийн гэрээслэлээр үүсгэн байгуулж байв. Ийнхүү түүний нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг тохиолдуулан сэтгүүлчдэд уг шагналыг гардуулахаар болжээ.

Ресса нь Филиппин улс дахь бие даасан мэдээллийн вэбсайт “Rappler”-ийг үүсгэн байгуулагч, мөн гүйцэтгэх захирал юм. Тэрбээр Родриго Дутертегийн засгийн газрын үйл ажиллагаа, тэр дундаа хар тамхины эсрэг хэрэгжүүлсэн дайны талаар өөрийн байр суурийг хүргэж ирсэн.

Үүний улмаас тэрбээр тус улсын шүүх засаглал төдийгүй цахим орчны зүгээс байнгын дарамт шахалтад өртөж байжээ. Тэрбээр 2018 онд “Time” сэтгүүлийн оны хүнээр шалгарч, 2021 онд “Guillermo Cano” дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагнал хүртсэн юм.

Муратов нь Оросын "Новая газета" сонины ерөнхий редактор. Тэрбээр 1995-2017 оны хооронд тус сониныг эрхлэн гаргаж байв. Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос мэдээлснээр “Новая газета” нь өнөөдөр Орос улс дахь цорын ганц Кремлиэс хараат бус мэдээллийн хэрэгсэл аж.

Кремль бие даасан мэдээллийн хэрэгслийг нухчин дарах бодлогыг амжилттай хэрэгжүүлж ирсэн ч тус сонин редакцийн чиг шугамыг баримталсан үйл ажиллагааныхаа ачаар Орос улсад нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж чаджээ.

Эх сурвалж: THE WIRE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж