Санал хураалт: Хэнтийд 7 хувь, Сонгинохайрханд 10 хувийн ирцтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.10.10-нд нийтлэгдсэн

Санал хураалт: Хэнтийд 7 хувь, Сонгинохайрханд 10 хувийн ирцтэй байна

Санал хураалт: Хэнтийд 7 хувь, Сонгинохайрханд 10 хувийн ирцтэй байна

НЭМЭЛТ: 11.00 ЦАГ

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд оролцох сонгогчдын ирц 11:00 цагийн байдлаар 10 хувь байна. Тодруулбал, сонгогчдын нэрсийн жагсаалтад 113943 хүн бүртгэлтэй байгаа юм. Үүнээс 10793 буюу 9.47 хувь нь саналаа өгчээ. "Түр хасав" тэмдэглэгээтэй 9031 хүн бий.

18  дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын ирц 7 хувьтай байна. Тодруулбал, нэрийн жагсаалтад 50748 хүн бүртгэлтэй байгаагаас 3373 нь буюу 6.65 хувь нь саналаа өгчээ. "Түр хасав" тэмдэглэгээтэй 747 хүн байна.

Насаар нь ангилбал саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь 70-аас дээш насныхан байна. Тухайлбал, Хэнтий аймагт 70-аас дээш насны сонгогчдын 22.31 хувь нь, СХД-т 32.28 хувь нь саналаа өгчээ.

Хэнтий аймагт 18-19 насныхны 3.13 хувь нь буюу 77 хүн, 20-24 насныхны 2.54 хувь нь буюу 154 хүн одоогийн байдлаар саналаа өгөөд байна. Сонгинохайрхан дүүрэгт 18-19 насныхны 5.08 хувь буюу 202 хүн, 20-24 насныхны 462 буюу 4.34 хувь нь саналаа өгчээ.


СОНГИНОХАЙРХАНД САНАЛ ХУРААЛТЫН ИРЦ 6 ХУВЬТАЙ, ХЭНТИЙД 4.5 ХУВЬТАЙ БАЙНА

НЭМЭЛТ: 10.00 ЦАГ

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийн санал хураалт 10.00 цагийн байдлаар 6 хувийн ирцтэй үргэлжилж байна. Санал хураалтад 50-аас дээш насныхан идэвхтэй оролцож байгаа ажээ.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтийн аймгийн нөхөн сонгуулийн ирц 10.00 цагийн байдлаар 4.25 хувьтай үргэлжилж байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.


УИХ-ЫН СОНГУУЛИЙН 18, 28 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ

Улсын Их Хурлын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах ажиллагаа 2021 оны аравдугаар сарын 10-ны Ням гаригт 07-22.00 цагт явуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ.

Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны долдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан. Уг хуваарь, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сонгуулийг зохион байгуулж байна.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгөх юм.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт 89, 28 дугаар тойрогт 59 хэсгийн хороо, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн нийт 152 байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага байгуулагдсан.

Сонгуулийн үеэр Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэм баримтлах талаар Улсын онцгой комисс болон холбогдох эрх бүхий байгууллагуудын шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангахаар эрүүл мэндийн болон онцгой байдлын ажилтан, алба хаагч, нөхөн сонгуулийг зохион байгуулахад нийт төрийн 1930 гаруй албан хаагч ажиллаж байна.

Covid-19-ийн хүнд нөхцөл байдалд сонгуулийг зохион байгуулж байгаа тул Улсын онцгой комиссоос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан Covid-19-өөс урьдчилан сэргийлэх түр журам”-ыг мөрдлөг болгон ажиллах, хэрэгжилтийг хангах санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй юм.

Covid-19-ийн улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогч болон бусад иргэдээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 09:00-20:00 цагт зохион байгуулсан. Хоёр тойрогт нийт 2774 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ гаргасан байна.

САНАЛЫН ХУУДСЫГ 100 ХУВЬ ГАРААР ТООЛЖ, ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙНЭ

Нөхөн сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмжийг шалган турших, баталгаажуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан Ажлын хэсэг зохион байгуулж, нам, эвсэл, нэр дэвшигчдийг төлөөлсөн ажиглагчид оролцжээ.

Сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах автоматжуулсан системийн ажиллагаа, сүлжээний найдвартай байдлыг шалган турших зорилгоор өгөгдөл дамжуулах туршилтыг хэд хэдэн удаа явуулж, нам, эвсэл, нэр дэвшигчийн ажиглагчаас гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг байлцуулан олон нийтэд нээлттэй зохион байгуулсан байна.

Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэл хангажээ. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулна. Нөхөн сонгуулийг ажиглахаар нам, эвсэл, нэр дэвшигч, иргэний нийгмийн төлөөлөл 1271 ажиглагч бүртгүүлэн үнэмлэхээ аваад буй юм.

Нөхөн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулав. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өгчээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн сонгогч Таныг халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж