НҮБ-ын ажиглагчдын мэдээлж байгаагаар Хойд Солонгос дахь хүнсний хомсдол маш ноцтой түвшинд хүрсэн бололтой. Тухайлбал, ургац алдаж, Хятадаас их хэмжээний хүмүүнлэгийн тусламж авч байгааг эх сурвалжууд баталсан байна.
Засгийн газар орлогоо буруу зарцуулсан, олон улсын хориг арга хэмжээ, байгалийн гамшиг, цар тахал, хилийн хатуу хяналт зэргээс болж Хойд Солонгосын хүнсний хомсдол удаан хугацаанд аюултай түвшинд байсаар байна.
Пёньян ихэвчлэн ургац багатай үедээ Хятадаас авсан тусламжаараа гол зогоодог боловч цар тахлаас сэргийлэх зорилгоор өөрсдөө хилээ хааснаас болоод тусламж авч чадахгүйд хүрсэн юм. Түүнчлэн цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын хориг арга хэмжээнүүдээс шалтгаалж мөн бусад боломж ч хаагдсан нь энгийн ард иргэдийг өлсгөлөнгийн ирмэгт аваачжээ.
Хэдий тийм ч БНАСАУ үүнийг үл тоон цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, энэ онд л гэхэд зургаан ч шинэ зэвсэг туршсан билээ.
Эх сурвалж: REUTERS