Энэ жил дөрвөн аймгийн есөн суманд үйлдвэрлэл болон ахуйн зориулалтаар хуш модны самар бэлтгэх зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон билээ. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдад “Ойн судалгаа хөгжлийн төв”-өөс хийсэн судалгаанд үндэслэн нийт 14 мянган тонн самар түүх зөвшөөрөл олгоод байна.
Тэгвэл энэ шийдвэр нь байгаль, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа учраас БОАЖ-ын сайд Н.Уртнасанг “Тэнгэрлэг Монголын газар шороо” төрийн бус байгууллагаас Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгчээ.
Тус төрийн бус байгууллагын төлөөлөл "Хуш модны самрыг дотооддоо үйлдвэрлэлд хэрэглэдэггүй, Хятад улс руу экспортлох гэж түүдэг. Улмаар самар түүж, экспортод гаргадаг компаниас хахууль авсан байж болзошгүй. Хушин ойны 40 хувь нь доройтолд орсон. Энэ жил самар ургахгүй байгаа гэдгийг сайдыг нь олж хараад, самар түүхийг зөвшөөрөхгүй байна гэж найдаж байсан. Байгалиараа алхаад яваад үзээч ээ, байгаль, ой мод маань үнэхээр сүйдсэн байна. Зөвшөөрлийг эргэн харахыг шаардаж байна" гэв.