Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
М.ЭНХСАЙХАН: ШИНЖЛЭХ УХААНЫГ НЬ ОРХИГДУУЛСАН ЯМАР Ч ТӨСӨЛ СҮЙРДЭГ
М.Энхсайхантай ярилцлаа.
-Ерөнхийлөгч тэрбум мод тарихаа дэлхий нийтийн өмнө амалчихлаа. Энэ төсөл мөн үү. Эдийн засгийн үр дагавар нь юу байх бол. Олон нийт янз бүрээр хүлээж авч байгаа болохоор стратегич хүний хувьд танаас асууж байгаа юм шүү?
-Одоохондоо том амбицитай том бодлого зарлагдлаа гэж харж байна. Хойч үедээ эрүүл байгаль үлдээнэ гэсэн хүсэл эрмэлзлээ Ерөнхийлөгч хүчтэй илэрхийллээ. Хэрвээ урдын адил цөлжилттэй тэмцэнэ, мод тарина гэсэн бол нөгөө монголчууд чинь жижүүрийн үгээ л хэллээ гэх байсан биз. Бид ч тэгж хандах байсан байх. Гоё зорилгыг гоё том хэлж чадсан нь сайхан. Харин одоо ахиад бодлогыг хэрхэн төсөл болгож хөрвүүлэх үү гэх асуудал байна. Ер нь хөгжил өөд өөдөө шат шатаар дэвжих хэлбэртэй байдаг. Бодлого зарлаад таг болдог байснаасаа бодлогыг төсөлд хөрвүүлдэг шинэ шат Монголд ирж байгаа болов уу гэж бодож байна. Монголд төсөл боловсруулах мэргэшил эзэмшсэн гэрчилгээтэй 60-аад хүн байдаг гэсэн. Тэднийгээ дайчлахаас их ажил хамаарна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Д.МОНГОЛХҮҮ: ТӨР НЬ ИРГЭДЭЭ ҮНСЭНД ХАЯЧИХЛАА
Ардчилсан намын гишүүн Д.Монголхүүтэй ярилцлаа.
–Cүүлд цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авахаар саатуулсан. Таныг ямар үндэслэлээр түр саатуулав?
-Цагдаагийн алба хаагчийг иргэд ямар үед эсэргүүцдэг вэ гэхээр эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль ёсны бус шаардлага тавихад эсэргүүцдэг. Хуулийн дор иргэн бүр тэгш эрхтэй гэдэг биз дээ. Хэрвээ цагдаа надад хууль ёсны шаардлага тавьсан бол би ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэн оргон зайлах гэж оролдсон эсвэл эсэргүүцэл үзүүлсэн нөхцөлд бусдад хүч хэрэглэх эрх нь үүсдэг. Гэтэл би цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй.
Би хайрцаг доторхыг шалгаж, зөрчлийн чанартай хорт хий, тэсэрч дэлбэрдэг бодис байвал хурааж аваарай. Хэрэв ямар нэгэн зөрчилгүй бол биднийг талбай руу чөлөөтэй нэвтрүүлэхийг хүссэн. Гэтэл цагдаа нар Төв талбай руу нэвтрүүлэлгүй, хайрцагтай гутлыг хурааж авахад нь би хайрцагтай гутлаа өгч явуулахгүй гээд гүйтэл цагдаа нар хүч хэрэглэж баривчилсан.
Намайг баривчилсаны дараа мэдүүлэг авна гэхэд нь би өгөхгүй гэдгээ хэлсэн. Миний гар мэдээ алдаад байхаар нь “Хуучин бэртэл сэдэрчихлээ” гээд түргэн тусламж дуудахыг хүссэн. Түргэний эмч ирж, үзээд “Гэмтлийн эмнэлэгт гарныхаа зургийг авахуулах шаардлагатай” гэдэг зөвлөгөө өгсөн. Тэгээд удаан хүлээсний эцэст даргатай нь уулзаж, дараа нь эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмч зөвлөхдөө “Хуучин бэртлээ сэдрээсэн учраас хэд хоног гараа сойж явах хэрэгтэй” гэсэн юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ЭХЛЭЛ" БРЭНД 90 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ТӨЛСӨН"
“Эхлэл” брэндийн захирал Ч.Батзаяатай ярилцлаа.
-Танай компани гаалийн татвараас зайлсхийж, худал мэдүүлсэн гэдгийг албаныхан мэдээллээ. Захирлын зүгээс уучлалт гуйхдаа гаалийн мэдлэггүйгээс ийм асуудал үүссэн гэжээ. Яагаад худал мэдүүлсэн юм бэ?
-Монголд анх удаа энэ төслийг эхлүүлж буй учраас бидэнд мэдэхгүй асуудал олон тулгарч байна. Бидний зүгээс гаалийн мэдүүлэг өгөхдөө ангиллаа их буруу сонгосон байсан. Тэрнээс болж гаалийн хууль тогтоомжийг тодорхой хэмжээнд зөрчиж, хуулийн дагуу хариуцлагаа хүлээсэн. Хоёрдугаарт, утасны дагалдах хэрэгсэл болох чихэвч, цэнэглэгч, ардатор, хайрцаг сав баглаа боодол, танилцуулга ном, программ хангамжийн албан ёсны андройд гар утасны зөвшөөрөл, оюуны өмчийн контентыг нь бид өөрсдөө хийж гүйцэтгэсэн.
Бид анхнаасаа утасны ихэнх хэсгийг Хонгконгоос авна гэдгээ нуугаагүй. Ер нь “Samsung” гар утсыг Вьетнамд, “Iphone” утсыг Хятадад угсардаг. Энэ зарчмаар гар утасны бүрдэцийг Монголд хийх ямар ч боломжгүй. Бид өөрсдийн чадах түвшинд Монголдоо бүх зүйлсээ хийсэн. Хамгийн гол нь Монгол агуулгатай гар утас хийж байгаа нь том ололт юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
“БИ СЭТГЭЛДЭЭ ДАВАЛГАА ҮҮСЭХИЙГ ХҮЛЭЭДЭГ”
Найруулагч Ж.Сэнгэдоржтой ярилцлаа.
-Уран бүтээлчид кино шүүмжийг хөгжлүүлэх нь чухал гэдэг. Гэвч киноны талаарх фэйсбүүк, твиттер хуудасны постоос хэтрэхгүй байх шиг?
-Монголд мэргэжлийн кино шүүмжлэгч гэж байхгүй. Зүгээр мэргэжлийн кино сэтгэгдэл бичигч нар л олон болж. Гэтэл кино шүүмж гэдэг чинь өөр асуудал. Киноны хөгжим, зураг авалт, жүжигчин гээд бүгдийг нь мэддэг мэргэжлийн хүний хийдэг ажил. Одоо үед кино сэтгэгдэл бичигч нар нь өөрсдийгөө кино шүүмжлэгч гээд бодчихсон. Үзэгчид тэр хүнийг кино шүүмжлэгч гэж хардаг. Гэтэл тэр кино урлагийн талаар анхан шатны ойлголт, мэдлэггүй байх жишээтэй.
Гол дүрд тоглосон жүжигчний талаар ярих гэж байгаа бол эхлээд хүнээ судалчих. Кино шүүмжлэгч шүүмжээ уран бүтээлчдэд зориулдаг болохоос биш фэйсбүүкийн дагагчдад зориулдаггүй юм. Үзэгчдийн тархийг битгий угаагаач гэж гуйя. Кино урлагийн талаар дуугарч болно. Гэхдээ зарим нэг мэдэмхийрч шүүмжилснээрээ хүний халаас руу гараа дүрж байна. Уран бүтээлчид ташуур, урам өгөх гэж байгаа бол жаахан сэтгэлтэй өг. Нэг найруулагч байр саваа барьцаалан кино хийж байхад маргааш нь кино үзээд л газар дор ортол нь муулдаг. Ядаж тэр киног театрын дэлгэцээс буухаар нь бичихийг хүсье.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ