УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2021.10.08/ нүүрс тээвэрлэлттэй холбоотой мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР:
-Нүүрс тээвэрлэлтийн асуудал үнэхээр санаа зовоож байна. Халдвар хамгааллын дэглэм, халдварын байдал Гашуунсухайт боом, Цагаан хадан дээр идэвхжсэн. Үүнтэй холбоотойгоор Хятадын талаас шинжилгээнүүд дээр анхаарал тавьж байна. Сангийн яам хилийн зурвас дээр контейнерын терминал байгуулсан. Үндсэндээ туршилт хийсэн, амжилттай болсон. Одоо Хятадын талтай яриа хэлэлцлийн шатанд явж байна. Жолооч нарын шинжилгээний хариу Хятадын талд эерэг, Монгол талд сөрөг гардаг зүйл гурав дахь сардаа үргэлжилж байна. Бид Эрүүл мэндийн яаманд энэ асуудлыг тавьсан. Эрүүл мэндийн яам Хятадын холбогдох байгууллагуудтай хоёр удаа онлайн уулзалт хийсэн. Тэгээд эндээс ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг аваачиж, хэд хэдэн удаа ажиллуулсан. Үндсэндээ Монгол талдаа сөрөг, Хятада эерэг гараад байна.
Тоног төхөөрөмжийн хувьд адилхан. Яг энэ дээр бид ХӨСҮТ-ийн чиглэлийг харсан байдалтай байна. Энэ байдал одоо ч үргэлжилж буй. Төмөр замын тухайд Хятадын “China Energy” компанийн төмөр замын компанитай өнөөдөр гурав дахь уулзалтаа хийлээ. Энэ уулзалтын дараа "Тавантолгой" төмөр замынхан бидэнд тодорхой мэдээлэл өгнө. Үүний өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яамтай ярилцаж, айлын талтай ярих үндсэн зарчмуудаа тохирсон. Одоо өргөн, нарийн гэлтгүй хил холболтын цэгийн хувьд эхний гаргалгаа гарсан. Дараа нь нарийн цариг наашаа орж ирэх үү, өргөн цариг цаашаа гарах уу гэдэг дээр айлын талтай эцсийн шийдлийг гаргахаар ажиллана. "Тавантолгой" төмөр замын мэдээлж буйгаар 2022 оны долдугаар сар гэхэд Тавантолгойгоос Гашуунсухайт өртөө хүртэл төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусна гэдэг чиглэлтэй байгаа. Ялангуяа дэд бүтцийн ажил сайн явж байна. Гол нь барилга байгууламж буюу удирдлагын байр, орон сууцны тал дээр өвөл нэлээн шахах шаардлагатай гэсэн зүйлийг хэлсэн.
Холбоотой мэдээ