"Нийтийн аж ахуйн салбарт тулгамдаж буй боловсон хүчний асуудлыг бодлогоор дэмжинэ"

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

"Нийтийн аж ахуйн салбарт тулгамдаж буй боловсон хүчний асуудлыг бодлогоор дэмжинэ"

Монгол Улсад орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн түүхэн ой энэ жил тохиож байна. Иргэдийн тав тухтай, эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус салбарынхан 90 жилийн ойгоо халдвар, хамгаалалтын дэглэм дор салбарын ололт амжилт, алдаа оноо, асуудлаа цахимаар хэлэлцэж тэмдэглэж байгаа юм.

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан 90 жилийн ойгоо олон амжилтаар угтаж байна. Тодуулж хэлбэл Монгол Улсад анх удаа гадаргын усыг цэвэрлэн унд-ахуйн зориулалтаар ашиглах “Тайшир-Алтай” ус хангамжийн төсөл, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх “Баруун эх үүсвэр”-ийн төсөл, цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин цэвэрлэж, дулааны станцад дахин ашиглах төсөл, мөн аймгийн төвүүдэд орчин үеийн технологийн бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслүүдийг нэрлэж болно. Мөн “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хэмжээнд 204 тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад 10 мянга гаруй ажилтан ажиллагсад ажиллаж, хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үйлчилгээг 24 цагийн туршид тасралтгүй гүйцэтгэж байна. Цаг үеийн хүндхэн нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед ч хүн амыг ундны усаар тасралтгүй хангаж, хэрэглэсэн усыг цэвэрлэх их ажлыг өрнүүлсээр Монгол Улсын нийт хүн амын 87 хувь нь шаардлага хангасан ундны усаар, 69 хувь нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн суурь нөхцөлөөр хангагдаад байна. Засгийн газрын 2021 оны 211 дүгээр тогтоол гарч 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр”-ийг төрөөс хариуцан төлж байгаа билээ. Энэхүү хөнгөлөлтөд 778.5 мянган айл өрх, 24.0 мянган аж ахуйн нэгж хамрагдаж, цэвэр, бохир усны төлбөрийн хөнгөлөлтөд нийт 97.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлаас товчхон дурьдвал 21 аймгийн төвөөс 18 аймагт бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барьж эхнээсээ зургаан байгууламжийг ашиглалтад орууллаа. Сумдын төвийн инженерийн шугам сүлжээг шинэчлэх, шинээр барих төсөл, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Ундны усаар 24 цагийн турш тасралтгүй хангах ухаалаг ус түгээх байруудыг аймгийн төвүүдэд ажиллуулж байна. Инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлтийг ажилд 2021 онд 105 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Ийнхүү инженерийн дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа нь улс орны нийгэм, эдийн засаг хөгжих, ард иргэд нь ая тухтай амьдрах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар хэлсэн үгэндээ “БХБЯ-ны зүгээс салбарын хүний нөөц, санхүү, эдийн засаг, техник технологи гэсэн чиглэлээр нийслэл, аймгийн төв, сумдын түвшинд бодлого барьж ажиллаж байна.

Тулгамдсан асуудлуудад яах аргагүй мэргэжилтэй боловсон хүчин хүний нөөцийн асуудал хурцаар тавигдаж байна. Шинэ техник, технологи нэвтрүүлж, шинэ барилга байгууламжийг ажиллуулах хүний нөөцийг онцгой анхаарах шаардлагатай байна. Мэргэжилтэй ажиллагсдыг тогтвортой ажиллуулахад орон нутгийн зүгээс ч хамтарч ажиллах хэрэгтэй байна. Энэхүү хүндрэлээс гарахын тулд мэргэжилтэй ажиллагсдыг тогтвортой ажиллуулах, цалин хангамжийг нэмэгдүүлэх, урамшуулал олгож байр сууцаар хангах, ажлын нөхцөлийг сайжруулах зэргээр бэлтгэгдсэн хүний нөөцөө хамгаалах, шинээр бэлтгэх нь чухал байна” гэлээ.

2021 онд Гурван талт хамтын хэлэлцээрийг БХБЯ, Үйлдвэрчний байгууллага, Ажил олгогч эздийн холбоотой хамтарч амжилттай байгуулсан. Тус хэлэлцээрээр салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээг тодорхой зааж өгсөн. Хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бүх тал анхаарах ёстой. Цаашид техникийн ажилтан бэлтгэх, давтан сургах бааз суурийг бэхжүүлэх чиглэл дээр бодлого, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах юм.

Эх сурвалж: БХБЯ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж