"Төмөр зам ашиглалтад орно оо, монголчууд үүнд итгэлтэй байя"

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

Live"Төмөр зам ашиглалтад орно оо, монголчууд үүнд итгэлтэй байя"

16 : 26
2021-10-8

"Төмөр зам ашиглалтад орно оо, монголчууд үүнд итгэлтэй байя"

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: 

-Уг нь би энэ асуулгыг Ерөнхий сайдад хаягласан юм л даа. Ер нь эдийн засгийг сайжруулах гаргалгаа нүүрсэн дээр л байгаа юм. Засгийн газрын хандаж байгаа хандлага ийм байна. Хүмүүс дүгнэх байх. Маш олон гишүүН асуулаа. Л.Халтар сайдын хэрэнд таарсан юмыг л асууна. С зөвшөөрөл гэсэн зүйл хэзээнээс эхэлсэн юм бэ? Хэдэн жил ажиллаж байгаа хэн хэн гэж нөхдүүд юм бэ. Нэлээд бүдүүн дуутай, пээдгэр байх чинь. Нүүрс тээврийн жолоочдыг яаж зовоож байна, энэ авлига. С зөвшөөрөл үүнийг өдөөсөн. Цаана нь улс орны эдийн засаг дампуурч байна. Энэ зөвшөөрлөө больчихож болдоггүй юм уу. Энэ төмөр зам чинь ашиглалтад орох юм уу. Цаана нь их нарийн ширийн зүйл бий.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР:

-Төмөр зам ашиглалтад орно оо. Монголчууд бүгд үүн дээр итгэлтэй байя. Энэ оны сүүл гэхэд утсан харилцаагаар галт тэрэгний хөдөлгөөн нээх, сунжирлаа гэхэд 2022 оны нэгдүгээр улиралд багтаах өөдрөг төсөөлөлтэй байна. Хил холболтын цэг хийгдээгүй л бол тээвэр зогсчих юм биш.

Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.ГҮРСОРОНЗОН:

-С зөвшөөрөл 2011 оны хоёр улсын Засгийн газар хоорондын протоколын хүрээнд бий болсон. Ганцхан С биш, D, F зэрэг 10-аад бичиг бий. Ер нь бичиггүй болгох асуудлыг хөндөөгүй биш, хөндөж байсан. Төрийн байгууллагууд нэг машин ч болтугай нүүрс гаргахаар чин сэтгэлээсээ ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: 

-Би хэдэн жил ажилласныг нь асуугаад байна. Өөрийнхөө түвшнээс хэтрүүлж яриад байх юм. Чи өөрийнхөө чаддаг, мэддэг юмаа л ярь. Таны хэмжээний хүн Монголын нүүрсний тээвэрлэлтийн бодлогыг шийдээд байдаг юм уу. Монгол Улс ийм болчихсон юм уу.

Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.ГҮРСОРОНЗОН:

-Би авто тээврийн салбарт долоо дахь жилдээ, мэргэжилтнээс эхлээд ажиллаж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

15 : 45
2021-10-8

"Уурхайнууд нүүрсээ хил нөхцлөөр худалддаг болох ёстой"

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах заал дээр 3460 юань буюу 602 ам.долларын үнэд хүрлээ. Түүхэн боломжийг бид үнэхээр ашиглаж чадахгүй байна. Бид 42 сая тонн нүүрс гаргах ёстой. Түүний дөнгөж 10 сая тонныг нь 500 ам.доллараар зарахад 5 тэрбум ам.доллар олох байсан. Энэ чинь 2021 оны бүтэн жилийн төсөв. Энэ боломжийг алдлаа. "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлага маш хариуцлагагүй ажилласан. Хариуцлага тооцох хэрэгтэй. 

Бид 42 сая тонн нүүрсний 10 хувийг л гаргахад хангалттай. Одоо Цагаан хадан дээр 8 сая тонн нүүрс байна. Үүнийг аль хэдийнэ 60, 70 ам.доллараар зарчихсан, ямар ч боломж гарсангүй. "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлага маш хариуцлагагүй ажиллаж байна. Хариуцлага тооцох хэрэгтэй.

Гашуунсухайтад 18 мянган машин явдаг 6000-д нь С зөвшөөрөл өгдөг. Зөвшөөрөл бүрд хоёр сая төгрөгийн авлига өгдөг. Энэ авлигын асуудлыг яагаад хууль хяналтын байгууллага шалгадаггүй юм бэ? 12 тэрбум төгрөгийн авлигын асуудал АТҮТ дээр явж байна.

Цагаан хадны тээвэр. Улаанбаатарын төвөөс Найрамдал орох газар 5 сая төгрөгөөр тээвэрлэж болдог байсан тээвэр 100 сая болсон. Нэг жолооч халдвартай болонгуут бүгдийнх нь боломжийг хаачихаж байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР:

-Цагаан хадан дээр байгаа нүүрс үндсэндээ борлогдсон нүүрс. Айлын талаас тавьж байгаа нүүрсээ хурдан авъя гэж байгаа ч Covid-19-ийн нөхцөл байдал үнэхээр биднийг сөхрүүлж байна. Хүссэнээр урагшаа гарч чадахгүй байна. С зөвшөөрлийн юмнуудыг хууль хүчний байгууллагууд шалгах хэрэгтэй. Үнэхээр ийм том авлигын асуудал байгаа бол.Б.Гүрсоронзон дарга таны оронд байсан бол би өнөөдөр шалгаад өгөөч ээ гээд хэлчихнэ. Нүүрсний тээврийн хөлсний үнэ дээр урд тал нь худалдаад авчихсан учраас худалдан авагч нь тээвэрлэгчтэйгээ үнээ тохирч байгаа юм.

Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.ГҮРСОРОНЗОН:

Д.Пүрэвдорж гишүүн зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг удаа дараа тавьж байна. С зөвшөөрөлтэй холбоотой авлига манай салбарт байгаа нь үнэн. Холбоотой хэргүүд ч шалгагдаж байна. Гашуунсухайт үнэхээр даац нь хэтэрчихсэн. Үнэхээрийн хүчин чадал багатай жижиг боомт. Өнөөдөр богинын тээврийн ханш өндөр байгаа учраас бүгд тийшээ явахыг хүсдэг. Зөвшөөрөл оногдсон нь баярладаг, олж авч чадаагүй нь ална, хядна гээд явдаг. Ирэх улирлаас энэ асуудал цэгцрээд явах болов уу гэж найдаж байна. Цагаан хаданд байгаа жолооч нартаа тохируулаад бөмбөлгийн системдээ уялдуулаад өнөөдрийн байдлаар 3000 орчим зөвшөөрөл өгсөн. Шаардлага хангасан 12500 орчим нь хүсэлтээ өгсөн.

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:

-Covid-19-ийн үед хамаг хөрөнгө оруулалтаа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төмөр зам руугаа орууллаа. Газрын хэвгий зэргийг тооцож байж л хийсэн баймаар юм. Төмөр зам хэзээ ашиглалтад орох вэ гэхээр одоо ийм тайлбар яриад сууж байгаа нь үнэхээр зохимжгүй байна. Монгол Улсын орлогын эх үүсвэр болсон нүүрс гарч чадахаа байсан. Үнэнийг хэлэхэд Covid-19-тэй байна уу, үгүй юу гэдэг Хятадын талд сонин биш. Аль 10 жилийн өмнө л ярьж байсан. Чингэлэг тээврийн технологиос гадна өөр ямар гарц байна вэ? Нэгдсэн зохион байгуулалтыг яаж хийх гэж байна вэ?

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: 

-Бид оролцох ямар ч боломжгүй. Бид жишиг тариф батлаад, Монгол Улсын хэмжээнд мөрдүүлээд явдаг. Зохион байгуулалтын хувьд чиглэлийн терминалыг ашиглаж гаргах, эсвэл хуучнаараа Цагаан хаднаасаа урагшаагаа явах. Эцсийн гол зорилго нь Цагаан хадаа ногоон бүс болгох. Бидний хамгийн том зорилго яаж Цагаан хадаа ногоон бүс болгох гэдэг асуудал. Бүгдээрээ хамтарч ажиллах л ёстой. Эхний алхам нь бөмбөлгийн асуудал.

Тээврийн зардлыг бууруулах хамгийн амархан арга бол уурхайнууд нүүрсээ хил нөхцлөөр худалддаг болох ёстой. Ийм зарчимд ороод ирэхээр хүссэн хүсээгүй уурхайгаас хил хүртэлх асуудлаа өөрсдөө зохицуулна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

15 : 18
2021-10-8

Эрээнд буй 32 жолооч тус бүрд гурван сая төгрөгийн урамшуулал олгоно

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:

-Замын-Үүдийн импортын ачаа эргэлтэд онцгой анхаарал хандуулмаар байна. Энэ оны нэгдүгээр сараас хойш Эрээнд Монголын 32 жолооч тусгаарлагдаж, Монгол Улс руу орж ирэх импортын ачаа эргэлтийг хийлээ. Энэ жолооч нар одоо эх орон руугаа буцах асуудлыг тавьж байна. Цаашид энэ 32 жолоочийг үргэлжлүүлэн ажиллах юм уу, эсвэл өөр хүмүүсээр солих уу. Энэ жолооч нарыг урамшуулж, дэмжлэг үзүүлэхгүй бол 32 жолооч Монгол руу орж ирвэл импортын ачаа эргэлт тасрах нь. 

Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.ЖАРГАЛСАЙХАН:

-Шинжилгээний зөрүүтэй холбоотой асуудлаар миний бие болон ХӨСҮТ-ийн эмч Амарбаясгалан боомтод очиж ажилласан. Гол асуудал нь Монголын талд шинжилгээ өгөхөөр сөрөг, БНХАУ-д очиж шинжилгээ өгөхөөр эерэг болчихдог. Тэгэхээр халдвартай гарсан багийг Хятадын тал 28 хоног хүлээж авахгүй гээд, дээр нь Цагаан хаднаас гарах шаардлага тавьдаг. Буцаж ирээд, шинжилгээ өгөхөөр халдваргүй гарч, улмаар жолооч нар Цагаан хаднаас гарахгүй гэдэг маргаан үүсдэг. Нэг тохиолдол хэлэхэд өөрийнхөө оронд өөр хүнийг шинжлүүлээд, цаана очоод тэр нь баригддаг. Үүнээс үүдэж багаараа бухимдсан ийм асуудал үүсдэг. Нэмээд хэлэхэд гаднаас байнга хүн оруулдаг, кемпийн дэглэм сул байна, эдгэсэн мөртлөө түүнийгээ нуудаг гэх зэрэг асуудал гардаг. Мөн ажил хариуцсан улсуудын ур чадвартай холбоотой.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР:

-Засгийн газрын хуралдаанаар Эрээнд ажиллаж буй 32 жолооч тус бүрд гурван сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Хятадын талаас манайхаас нэг хэсэгтээ жолооч авахгүй гэсэн. Харин дундын бүсэд толгой сольдог, чингэлгүүдээ хоёр тийш нь шилжүүлж ачдаг горимд орохоор болсон.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН: 

-Нүүрс тээврийн үнэ түүхэн дээд үнэд хүрсэн алтан боломжийг ашиглаж, хэдэн доллар олоод ирж чадахгүй салбар үнэхээр арчаагүй, сэтгэлгүй байна. Сэтгэлээ гаргаж, биечилж, Монголын эрх ашгийг хангаж ажиллаач. АН-ын үед 20-30 ам.доллар байхад зохион байгуулалт хийж гаргаад, төсөвт орлого төвлөрүүлээд, болоод байсан юм шүү. Чингэлэг тээврийн терминалын шийдэл яригдаж байгаа, энэ хэзээ ажил хэрэг болох вэ. Ер нь бол танай салбарын асуудал хүнд байна даа. Дарханы зам дээр ч гэсэн анхаармаар байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР:

-Терминал үндсэндээ ашиглалтад орсон. Чингэлэг өөрөө ачдаг, буулгадаг төхөөрөмжүүд ирсэн. Замын-Үүд-Эрээний нөхцөл байдал сайжирсан. Дарханы замын хувьд, хажуугаар нь зам тавих биш, өргөтгөж, дөрвөн урсгалтай болгож байгаа шүү. Энэ жил борооноос болж ажил хэд хоног саатсан болохоос урагштай явж байна.

15 : 04
2021-10-8

Боомтын өргөтгөл хийгдэхээс нааш хэрүүл маргаан үргэлжилсээр байна

УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:

-Нүүрс тээвэрлэлт бол хамгийн чухал. Харамсалтай нь бид үүнд хамгийн хойрго, идэвхи санаачлагагүй, зохион байгуулалтгүй хандаж байна. Ирэх жил 36.7 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Энэ бол түүхэн дэх хамгийн өндөр тоо. Гэтэл Өмнөговийн хоёр боомтод өнөөдрийн байдлаар 8.2 сая тонн нүүрс гаргажээ. Нүүрс экспортын 90 хувийг гаргах хоёр боомт өнөөдөр ийм нүүр царайтай ажиллаж байна. Он дуусахад гуравхан сар үлдлээ. Он дуусах хүртэл 10, 11 сая тонн нүүрс гарах юм уу. Ирэх жил түүнээсээ гурав дахин их төлөвлөгөө тавьчихаад сууж байна.

Боомтод өнөөдөр нэгдсэн зохион байгуулалт, удирдлага алга. Баахан босоо удирдлага. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр хүн чинь ажлаа хийж байгаа юм уу. Боомтод PCR-ийн шинжилгээ, тээвэрлэлтийн зохион байгуулалт байхгүй.

Зам, тээврийн хөгжлийн сайд ХАЛТАР:

-Боомт дээр нэгдсэн удирдлагаар хангахын тулд боомтын захиргаа гэдгийг шинээр байгуулсан. Гашуунсухайт боомтын захиргааны дэд дарга нэг хэсэг ажилласан. Яамнаас Лачинжав дарга 21 хоног ажиллаад ирлээ. Цаашдаа эргэж нэг ярихгүй бол болохгүй нь. Цар тахлын хууль арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болчихно. Цаашдаа хэрхэх вэ гэдэг дээр шийдлээ гаргая гээд яриад явж байна. Чингэлэг тээврийн хувьд амжилттай байгуулсан. Яриа хэлэлцээ явагдаад, ойрын үед эерэг үр дүн гарах байх гэж найдаж байна. 

Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.ГҮРСОРОНЗОН: 

-С зөвшөөрөл хил нэвтрэх зөвшөөрөл. Зөвшөөрлийн бичгээр төрийн хяналтыг хийж байгаа. Гашуунсухайт боомтын хувьд өнөөдрийн байдлаар 19 мянган машин бүртгэлтэй байна. Даац нь хэтэрсэн. Боомтын өргөтгөл хийгдэхээс нааш хэрүүл маргаан үргэлжилсээр байх болно. Уурхайнуудад зөвшөөрлийг нь өгчихөж болохгүй юм уу гэж байгаа. Янз бүрийн байдлаар бид хөөцөлдөж байна. Уурхайнуудад асуудлыг тавьдаг. Эрэлт нь 11 мянга ирдэг. "Эрдэнэс Тавантолгой" ямар ч дата бүртгэл байхгүй учраас хүндрэлтэй, ирэх оноос хуваарилаад явах боломжтой гэсэн хариулт өгч байна. Энэ асуудал маргаан дагуулдаг нь үнэн. Судалгаа шинжилгээний ажлууд хийгээд, сайтууд дээрээ байршуулаад ажиллаж байна. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: 

-"Эрдэнэс Тавантолгой"-гоос тээвэрлэлт манай ажил биш гэсэн хариулт өгдөг. 2022 онд орохын өмнө ярья гэсэн. Уурхайнууддаа квоттой нь уялдуулаад өгчихье гэж ярьж байгаа. 

Тавантолгой Зүүнбаян чиглэлийн зам сайн явж байгаа. Утсан харилцааны холбоо харилцааг нээх асуудал яригдаж байна. Хил холболтын цэг, хаана шилжүүлэх вэ гэдгээ Хятадын талтай тохиролцвол Хятадын талд бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Цаг хугацаа авчих вий, хил холболтын цэг дээр асуулдал үүсэх вий гэж болгоомжилж байна. Холболтын өмнө тээвэрлэлт явагдана. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ:

-Одооноос энэ асуудлаар нэгдсэн ойлголттой явахгүй бол болохгүй. 2014 онд нарийн царигийн төмөр зам барина гээд өндөр дээд түвшинд тохиролцсон. Манайх сүүлд нь өргөн царигийн төмөр зам тавьчихсан. Царигийн зөрүүний асуудал өнөөдөр яригдаж байна. 13 км зам тавих юм билээ. Огтлолцох цэгийн асуудал Ганцмод дээр үү, Гашуунсухайт дээр хийх үү гээд асуудал үүссэн. Асуудал яригдаж байна. Хоёрдугаарт, Гашуунсухайтын асуудлыг Сангийн сайдад засгийн газраас хариуцуулсан. Цаашид Сангийн сайд хариуцаад авч явна. Гашуунсухайтыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө гаргаж байж ойрын ирээдүйд ямар түвшинд гаргах вэ гэдгээ тогтохгүй бол болохооргүй байсан. Терминал гээд юм байгуулчихсан байна. Ирэх жилээс тэнд төмөр замаар нүүрс бууна. Хамгийн өндрөөр тооцвол 35 сая тонн нүүрсний асуудал байгаа юм билээ. Жолоочгүй агаарын тээврийн асуудал яригдаж байгаа. Энэ асуудлуудыг нэг мөр шийдэхгүй бол болохгүй юм билээ.

14 : 23
2021-10-8

Нүүрс тээврийн асуудал дээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийгдэж байна

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Нүүрс тээвэрлэлт хугацаа алдагдаж, төлөвлөгөө тасалдалтай явна. Сүүлийн гурван сард 2021 оны төлөвлөсөн хэмжээнд хүргэх боломж байна уу? Ямар арга хэмжээ авч байна вэ? Жолооч нарын халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой асуудал хэл ам татлаад байна.

Хоёрдугаарт, жолооч нарын шинжилгээний асуудал үүсч байна. Энд сөрөг гардаг мөртлөө Хятадын талд очихоор эерэг гарч байгаа нь ямар учиртай юм бэ. Баахан мухар төмөр замтай боллоо. Баригдаж байгаа төмөр замууд хэзээ ашиглалтад орох вэ? ЭМЯ, УОК, Хятадын талтай яриад асуудлыг шийдэх боломж байгаа юу?

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: 

-Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Гашуунсухайт, Цагаан хадан дээр халдвар хамгаалал нэлээн алдагдсан. Хятадын тал жолооч нарын шинжилгээн дээр нэлээн анхаарал хандуулж байна. Хилийн зурвас дээр контейнер байгуулсан, туршилт амжилттай болсон.

Хятадын талд очихоор эерэг гардаг асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан бид Эрүүл мэндийн яаманд асуудлыг тавьж, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтод ажиллуулсан. Тоног төхөөрөмжийн хувьд адилхан байна. "China Energy" компанитай өнөөдөр гурав дахь удаагаа уулзсан. Мэдээллийн дараа "Энержи Ресурс" мэдээлэл бидэнд хийх байх. 

УИХ-ын гишүүн Ш.АДЪШАА:

-Монгол жолоочдын эрх ашгийг хамгаалах асуудал чухал. хятадын тал жолоочгүй машин явуулдаг болно гэсэн. 10, 20 мянган жолоочийн эрх ашгийг хамгаалах талаар юу хэлэх вэ? Бөмбөлөг шинжилгээ гэдэг анхаарал татаж байна. Доод тал нь 60 хоног тусгаарлагдаад, нэг хүн халдвар авлаа гэхэд бүхнийг хөөгөөд гаргачихаж байгаа юм.

Ярантай боомт хаагдаагүй, хэвийн. Хөшөөтийн уурхайтай холбоотой хоёр асуудал байна. Нэгд, замаа засах шаардлагыг аймгийн удирдлагууд, мэргэжлийн хяналтынхан тавьсан юм билээ. Энэ зөв. Хөшөөтийн уурхайгаас явж байгаа жолооч нарын хувьд хэт доогуур үнээр тээвэр хийх асуудал тавьсан гэж ярьсан. Ачаа тээврийн тарифыг хатуу барьж ажиллах байр суурьтай байна. 

Хоёр гол арга хэмжээ авъя гэсэн. Нэгд, бөмбөлгийн систем. Бөөнөөр нь байлгах их эрсдэлтэй. Тиймээс төвлөрлийг сааруулах ийм арга хэмжээ авсан. Цагаан хаданд гаднаас оруулах, дотроос гарахаа ч цэгцэлье гээд арга хэмжээ авч байна. Цагаан хадан дээр эмнэлгийн байр түрээслээд, вирусийн шинжилгээний лабаоратори ажиллуулж эхлээд байна. Төмөр замын тухай мэдээллийг нууцын журмаар танд хүргүүлье.

Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр зам "Эрдэнэс Тавантолгой"-гоос санхүүжээд явж байна. Олон улсад ОХУ, Хятадын хилийн боомтууд буюу Хятадын хуурай замаар хиллэдэг хилийн боомтууд дээр ижилхэн нөхцөл байдал үүссэн байна. 

13 : 48
2021-10-8

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Баасан гариг (2021.10.08)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Нүүрс тээвэртэй холбоотой мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж