Задарснаа засаглаач, Ерөнхийлөгч өө!

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

Задарснаа засаглаач, Ерөнхийлөгч өө!

Задарснаа засаглаач,  Ерөнхийлөгч өө!

У.Хүрэлсүхийн хэлэх дуртай хэдхэн үг бий.  “Хүн засагладаггүй, хууль засагладаг шударга нийгмийг байгуулна”, “Зөвийг сахиж, эвийг эрхэмлэнэ”, “Ард түмнийхээ төлөө  чөмгөө дундартал зүтгэнэ”, “Задарснаа засаглаж, ядарснаа хамгаална” гэх мэтчилэн. Ерөнхий сайд болохдоо ч Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө ч энэ хэдэн үгээ ард иргэддээ амлаж байв. Тэгвэл  одоо түүнд эдгээр үгсийг нь эргүүлэн сануулахын учир нь эрх баригчид хүчээ нэгтгээд “хүчиндэж” байгаа тул…!  Тэр МАН-ын дарга биш Монгол Улсын Төрийн тэргүүн болсон учраас.  Задарснаа засагла гэж 823 мянган иргэн түүнд итгэж саналаа өгсөн болохоор.

Нэг.

Урьд нь нэг хүн олон хүнийг зодож байвал солонгос сериал. Нэг хүнийг олон хүн зодож байвал монгол кино байдаг байлаа. Харин өдгөө нэг иргэн олон цагдааг зодож байвал Монголын улс төр болжээ.

Зургаан цагдаа зодсон асуудлаар Д.Монголхүүг баривчлаад шоронд хорьчихов. Уг нь тэр дабль стандартыг  эсэргүүцэж, цар тахлаар амиа алдаж буй иргэдийнхээ өмнөөс Засгийн газраас шударга ёс хүссэн төдий.  Гэтэл түүнийг цагдаа зодсон хэрэг тохоод цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.  Саатуулагдсан Д.Монголхүүг 461 дүгээр ангиас Э.Одбаяр “хулгайлж”зугатсаныг  цагдаагийн хамаг том дарга нь хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “энэ нь маш ноцтой, үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал” болохыг тодотгожээ.

Үнэндээ, бүхэл бүтэн улсын Төрийн тусгай хамгаалалттай, онцгой обьектоос хүн хулгайлж байхад буу шийдэм болсон давхар, давхар харуул хамгаалалт нь бүгд унтаж байгаагүй юм бол жаахан хүүхэд ч ЦЕГ-ын дарга Ж.Болдын үгэнд итгэхгүй.  Тэгээд  ч ШШГЕГ нь “Д.Монголхүү гэх иргэнийг хүч хэрэглэн авч явсан асуудал байхгүй” гэснээс харвал Монголын улс төр солонгос сериал цаашаа.

Иргэн Д.Монголхүүгээс гадна  Э.Одбаярыг мөн баривчлан саатуулсан. Авто машинаар бусдын амь насыг дайрч хөнөөхийг завдаж байгаа даргын хүүгийн талаарх бичлэгийг олон нийтэд дэлгэснийх нь төлөө шүү дээ. Уг нь Э.Одбаярыг биш хүн дайрсан хүнийг хорих ёстой байлаа.

Сайн найзыгаа хэвтэрт ортол нь зодсон олимпийн аварга Н.Түвшинбаяр одоогоороо чөлөөтэй яваа, Монголын цагдаа нар түүнийг хэрэг үйлдэх үеэр барьж хорих нь байтугай, манаад зогсож байсан нь худлаа биш. Э.Цэндбаатарыг “нүдсэн” хоёр боксчинг хорилоо барилаа гэж лав сонсогдоогүй, эцэстээ нэгэн залуу спортын карьертаа цэг тавиад асуудлыг дуусгаж байх шиг.

 Н.Түвшинбаяр нь Ерөнхийлэгч асан Х.Баттулгын "баруун гар". Э.Цэндбаатарыг зодсон боксчид Х.Нямбаатарын холбооныхон.  Уг нь олимпийн аварга болоод Э.Одбаярт хууль тэгш үйлчлэх ёстой байв. Д.Монголхүүгийн эрхээс Монгол ардын намын дарга нарын эрх илүүд тавигдах ёсгүй л юм.

Атал Э.Одбаяр шоронд өлсгөлөн  зарлаад тав хонож байхад Ц.Нямдорж болоод Х.Нямбаатар чив чимээгүй л байна. Угаасаа ч ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид Т.Чимгээгээс өөр хүний "хүний эрх" эрх биш болсон.

Хоёр.

Хүргэн болох залуугаа хээр аваачаад буудчихсан, хүн амины онц ноцтой хэрэгтэн Хонхэрэйдийн Б.Энхбат гэгч шоронгоос суллагдсанаас хойш үе, үе хэвлэлийн бага хурал хийж, бусдын амь насанд ил тодоор заналхийлэх болжээ. Атал ЦЕГ нь “тайлбар мэдүүлэг авч байна” гэхээс өөр үг хэлдэггүй.  Гээд түүнээс тайлбар мэдүүлэг авсан нь ч үнэн юм уу даа, энэ байдлаараа. Авсан бол юу гэж ахиан дахин гарч ирээд занаад, зүхээд суух билээ.

Эрх баригчдыг шүүмжиллээ, эсэргүүцлээ гэж иргэдээ зодож, чирээд, чихдээд аваад явчихдаг цагдаа нар рецидевүүдийн өмнө бол ёстой л гөлөг шиг номхон болжээ.

Энэ бүхнээс харахад рецидевүүдийн ард эрх баригчид юм уу цагдаа нар байна. Эсвэл рецидевүүд  нь энэ төр засгийг чинь “барьцаалчихсан” байна. Хүн амины онц ноцтой хэрэгтэн ард түмний амь насанд заналхийлээд сууж байхад арга хэмжээ авахгүй байгааг бодолцвол шүү дээ.  Хууль тэгш үйлчилдэг оронд Хонхэрэйдийн Б.Энхбатыг аль хэдийнэ барьж аваачаад хорьчихсон байгаа. Тэр жирийн нэг халаасны хулгайч биш хүн буудаж алсан алуурчин шүү дээ.

Энгийн иргэн нь эсэргүүцлээ илэрхийлэхээр эрүүгийн гэмт хэрэгтэн болчихдог, рецидевүүд нь  “Ална, шулна, эрэмдэглэнэ, зэрэмдэглэнэ” гэвэл албан тайлбар авахгүйгээр явуулчихдаг. Ингэхэд ядарснаа хамгаална гэсэн яалаа, Ерөнхийлөгч өө!

Гурав.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээр 25 жилийн ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг алуурчин биш гэж хэн ч нотлоогүй.  Улсын дээд  шүүхээс тэднийг батлан даалтад гаргахдаа сэжигтэн хэвээр нь үлдээж, гэхдээ эрүүдэн шүүлгүйгээр энэ хэргийг дахид мөрдөөд ир гэж прокурорт буцаасан.

Гэтэл нөхөн сонгуулийн өмнө хүн амины онц ноцтой хэрэгтнийг урьж залаад уйлуулж, дуулуулаад жүжиг тоглуулж байгааг харвал Ерөнхийлөгчийн амалсанчлан Монголд хууль засагладаг шударга нийгэм тогтоход хаа ч байсан юм. Товчхондоо, Ц.Нямдорж Төрийн ордонд байгаа цагт Монголд шударга ёс тогтохгүй гэдгийг бүгд харлаа, мэдлээ.

Мэдээж, Т.Чимгээг телевизийн камерын өмнө уйлуулж, дуулуулсан нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүслээр, Ерөнхий сайдын албан бус зөвлөх Х.Баттулгын найруулга дор энэ бүх жүжиг тоглогдсон биз. Үүнийг ямар ч тэнэг хүн хараад ойлгохоор байсан. Эхний зорилго нь  нөхөн сонгууль, дараагийн зорилго нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ингээд замхруулах гэсэн санаатай оролдлого. Х.Нямбаатарын хэлснээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг шинэчлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн нь үнэндээ Ц.Нямдоржийн хүсэл сонирхол гэхэд бодит үнэнээс лав хол зөрөхгүй.  Олон жил С.Зоригийн ясыг өндөлжүүлж, сүнсийг нь төөрөлдүүлж,Ардын намынхан сонгуульд энэ хэргийг ашиглахаараа нэг боллоо. Одоо, хэргийг нь төрийн нууцаас бүхэлд нь гаргаж чадах эсэх нь гагцхүү У.Хүрэлсүхийн эр зоригоос шалтгаалахаар болж. Тэгээд ч “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” гэж Ерөнхийлөгч өөрөө хэлдэг, зөвлөдөг.

Дөрөв.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гарснаас хойш усанд хаясан чулуу мэт алга болсон Ц.Нямдорж гэнэтхэн өнгөрөгч Лхагва гаригт камерын өмнө үзэгдэхдээ цар тахлын журам, дүрэм зөрчсөн Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэд анхааруулга өгснөө хэлжээ.  Зүй нь, түүнд анхааруулга өгөх төдийгөөр асуудлыг дарах биш НОК-ын шийдвэрийг давж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөнийх нь төлөө ажлаас нь халах ёстой байв. Товчхондоо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болоод энгийн иргэн Б.Болор-Эрдэнэ хоёрт хууль мөн л эрх тэгш хандах учиртай юм. Тэр тусмаа эрх баригчид "Хүн засагладаггүй, хууль засагладаг шударга нийгмийг байгуулах"-ыг хүсч байгаа бол шүү дээ.

ЗГХЭГ-ын дарга  Ц.Нямдорж цаашлаад шахмал түлш, шатахууны хомсдол үүсгэсэн буруутай этгээдүүдэд хатуу ариуцлага тооцно гэжээ. Гэхдээ нэг ч нэр цохсонгүй. Тэр буруутай этгээдүүдийнх нь нэг нь өөрөө, бусад нь түүнтэй хамт нэг танхимд суугаа нөхдүүд гэдгийг ойлгож байгаа ч юм уу даа.

Гэх мэтчилэн сүүлийн үед Монголд өрнөж буй үйл явдлуудлаас харвал задарсан нь улам засагласаар.  Яг одоо л ядарснаа МАН-аас хамгаалах цаг иржээ, Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж