НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өчигдөр /2021.10.07/ цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхдээ амны хаалт тогтмол хэрэглэж, үдээс өмнө цагаан, үдээс хойш хөх өнгийн амны хаалт зүүхийг уриаллаа.
Тэрбээр “Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд бүх нийтээрээ хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Дэлхий дахинд цар тахалтай зэрэгцэн орших уриалгыг гаргаж буй. Бид ард иргэддээ хандан цар тахлын дельта хувилбар бол халдварлуулах чадвар өндөртэй байна. Ийм үед бид амьдралаа хэвийн явуулах, нийгмийн амьдралын өвөрмөц хэв маягийг сонгохоос өөр аргагүй. Тодруулбал, бид судалгаа хийж үзэхэд хүнсний дэлгүүр, эмийн сан чиглэсэн хөдөлгөөн 125 хувиар нэмэгдсэн бол автобусны буудал 63, барааны дэлгүүр болон ресторанаар үйлчлүүлэх хөдөлгөөн 34 хувиар нэмэгдсэн. Цар тахлын үед байх ёстой тоон үзүүлэлт биш. Тиймээс та өдөрт таван ажил төлөвлөсөн бол гурвыг нь амжуулж, хөдөлгөөнөө хязгаарла. Аль болох олон хүнтэй газраар явахгүй байхыг зөвлөе.
ДЭМБ-аас Монгол Улсад ажилласан ажлын хэсгийнхэн монголчууд амны хаалт зүүж хэвшсэн гэж үнэлж байсан. Гэтэл бид өнөөдөр амны хаалтыг зүүх буруу дадлыг өөртөө хэвшүүлсэн байна. Хүн харахад амны хаалттай боловч халаасандаа хийсэн, бохирдсон, удаан хугацаанд солиогүй амны хаалт зүүж байна. Амны хаалтаа хоёр цаг тутам солих хэрэгтэй. Тухайн үедээ 5-6 хүнтэй уулзсан бол маскаа солих шаардлагтай. Амны хаалттай байнга бай. Зөвхөн гэр орондоо амны хаалтаа ав. Өдөр тутмын харилцааны үеэрээ амны хаалтгүй ажил дээрээ кофе уух, хууч хөөрч сууж байна. Олон улсад тухайн хүн өөрийгөө халдваргүй гэдгээ илтгэсэн янз бүрийн арга хэмжээ авч байна. Жишээлбал, улаан өнгийн бугуйвч зүүсэн бол өнөөдөр өөрийгөө халдваргүй болохоо батлаж буй хэлбэр. Бидний зүгээс үдээс өмнө цагаан, үдээс хойш хөх өнгийн амны хаалт зүүж хэвшвэл бие биедээ итгэлцэл төрүүлэх юм. Ингэснээр амны хаалтын зөв хэрэглээ үүсэх юм болов уу гэж ийм уриалга дэвшүүлж байна” гэв.
Холбоотой мэдээ