Тэрбумтнуудын Их сургуулиуд

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Тэрбумтнуудын Их сургуулиуд

Харвардын албан ёсны өнгө час улаан хэдий ч төгсөгчдийн ихэнх нь маш чинээлэг гэдгийг бодвол бараг ногоон өнгө болгочихмоор юм. Эдийн засгийн нөхцөл байдал Америкт тийм сайн биш байхад ч гэсэн Харвардын төгсөгчид амжилт үзүүлсээр байна. Харвардын Их сургуулийн төгсөгчдөөс төрсөн тэрбумтны тоо өнгөрсөн нэг жилийн дотор 54-өөс 62 болж нэмэгдсэн байна гэж “Forbes” агентлаг мэдээлж байна.

10 оронтой тоогоор илэрхийлэх орлоготой тэдгээр титануудын дийлэнх нь нэг ангийнхан байжээ. Нью-Йорк хотын дарга Майкл Блүүмберг болон банкны тайкүүн Жорж Кайзер нар Харвардын Бизнесийн Сургуулийг 1966 онд төгссөн бол хөрөнгө оруулалтын сангийн Брюс Ковнер тэр жил Бакалаврын зэрэг авсан. Хувьцааны хөрөнгө оруулалтаар тэрбумтан болсон Девид Бондерман мөн 1966 онд хуулийн зэрэг хамгаалсан. “eBay”-гийн Мег Уитман, бондын зах зээлийн хөрөнгө оруулагч Жеффрей Грийн нар 1979 онд бизнесийн сургууль төгссөн бол “Apollo Management”-ын Леон Блак, “Blackstone”-ы Хамилтон Жеймс нар 1975 онд төгссөн байна. Нэрээ нийтлүүлэхийг хүсээгүй, Харвардыг төгссөн нэгэн тэрбумтан “Forbes” агентлагт бизнесийн сургууль оюутнуудаа дотор нь хэсэг, бүлгүүд болгон хувааж, хоорондоо маш сайн холбогдох боломж өгдөг. “Тиймээс сургуулиа төгсөхдөө 120 дотны танилтай төгсдөг” гэж хэлсэн бөгөөд тэрээр одоо хүртэл өөрийн хэсгийн ихэнх төгсөгчидтэй холбоотой байдаг гэж ярьж байна.

“Forbes”-оос гаргасан жагсаалтын хоёрдугаар байранд Станфордын Их сургууль орж байгаа бөгөөд тус сургуулиас төрсөн тэрбумтны тоо жилийн өмнө 25 байсан бол энэ жил 28 болсон байна. Тус сургуулиас Цахиурын хөндийд (Silicon Valley) өндөр амжилтанд хүрсэн төгсөгч олон бөгөөд “Yahoo”-г үндэслэгч Жерри Яанг, “Google”-ийн үндэслэгч Сергей Брин, Ларри Пейж нарыг дурдаж болно. “Sun” корпорацийг хамтарч үндэслэсэн Винод Хосла, “Gap”-ын дарга Роберт Фишер нар  1980-аад онд тус сургуулийг MBA зэрэгтэй төгссөн бол “Nike”-ын үндэслэгч Филип Найт 1962 онд Станфордын Бизнесийн сургуулиас MBA зэрэг авч байжээ.

Гуравдугаар байранд Колумбийн Их сургууль орж байгаа бөгөөд тус сургуулиас төрсөн тэрбумтны тоо жилийн өмнө 16 байсан бол одоо 20 болж өссөн байна. Чикагогийн Их сургуулийн төгсөгчдөөс 85 Нобелийн шагналтан, 13 тэрбумтан төрсөн байна. Тэрбумтан төгсөгчидтэй Их Сургуулиудын жагсаалтанд энэ жил Нью-Йоркийн Их сургууль нэмэгдэж орсон байна. Сургуулиас нь тэрбумтан төрөх нь сургуулиудад эргээд ашиг тусаа үзүүлдэг. Тухайлбал “Home Depot”-г хамтран үндэслэсэн Кеннет Лангон Нью-Йоркийн Их сургуульд эчнээгээр суран MBA зэрэг авсан бөгөөд одоо сургуульдаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж хандив өгөөд байна. Тэрээр мөн Станфордын Бизнесийн сургуулийн “Knight Management Center”-д 105 сая ам.доллар хандивлахаар амлаад байгаа юм. Мэдээж тэрбумтан болохын тулд заавал Харвард юм уу Станфордын Их сургуулиудыг төгссөн байх ёстой биш л дээ. Өнгөрсөн жил “Forbes” агентлагаас гаргасан 400 тэрбумтны жагсаалтанд байсан тэрбумтнуудын 41 нь ямар нэгэн их дээд сургууль төгсөөгүй байжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж