Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн Баасан гаригт Covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА О.ДАШПАГМА
-Бүрэн тун хийлгэсэн хүмүүс халдвараар өвдсөн тохиолдолд нэмэлт тун хийлгэх шаардлагагүй. Гэхдээ өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэлээс хамгаална гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Одоогийн байдлаар нийт хүн амын 69.2 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан. Хүн амын 90.5 хувь нь Covid-19-ийн вакцины эхний тунг хийлгэсэн байна. Наймдугаар сараас эхэлж дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байгаа. Улсын хэмжээнд 332 мянган иргэн буюу хоёрдугаар тунг хийлгэсэн иргэдийн 15.6 хувь нь нэмэлт тунд хамрагдсан. Одоогийн байдлаар 55-аас дээш насны хүмүүс гуравдугаар тунг идэвхтэй хийлгэж байна. Цаашид 18-аас дээш насны хүмүүс идэвхтэй хамрагдах ёстой.
COVID-19 ХАЛДВАР ЭНЭ САРД ОРГИЛ ҮЕДЭЭ ИРСЭН, ЦААШИД БУУРНА
Халдварын тархалт оргил үедээ ирсэн. Одоо цаашид тархалт саармагжих байгааг ХӨСҮТ болон эрдэмтдийн багийн судалгаа харуулж байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА Н.БАЛДАНДУГАР:
-53 мянга 763 иргэн халдвар авсан. Эмчлэгдсэн 47 мянган иргэн байна. Халдварын тохиолдолд өдөрт 500-гаас доош буухгүй байна. Халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, ор нэмэлтээр дэлгэх шаардлага үүссэн. Зорилтот бүлгийн иргэд буюу архаг хууч өвчтэй иргэдийн биеийн байдал хүндрэх эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримталж, вакцинд идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Хамгийн өндөр тархалттай байгаа нь Нарны гүүрний хэсэг буюу гуравдугаар хороо байгаа. Тиймээс энэ амралтын өдрүүдэд тандалтын баг гаргаж ажиллахаар болсон.
Холбоотой мэдээ