“Би сэтгэлдээ давалгаа үүсэхийг хүлээдэг”

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

“Би сэтгэлдээ давалгаа үүсэхийг хүлээдэг”

“Би сэтгэлдээ давалгаа үүсэхийг хүлээдэг”

Найруулагч Ж.Сэнгэдоржтой шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Түүнийг хошин урлагийг үндэслэгч домогт жүжигчин Л.Жанчивдоржийн хүү гэдгээр нь хүмүүс мэднэ.  Тэрбээр өөрийгөө “Би бол киног дэлгэцэнд зориулж хийдэг найруулагч” гэж тодорхойлов. Тиймээс ээлжит “Худалдагч охин” уран сайхны киногоо кино театрын дэлгэцнээ гаргахаас татгалзаж, IPTV-гээр нээлтээ хийгээд буй. 


-Цаг зав гарган ярилцаж байгаад баярлалаа. Шинэ уран бүтээлээ өлгийдөж аваад удаагүй байгаа танд баяр хүргэе. Үзэгчдийн хувьд ч ам сайтай байх шиг байна?

-Та бүхэнд баярлалаа. Миний хувьд киногоороо тийм санаа хэлнэ гэж тунхаглах дургүй. Яагаад гэвэл энэ кино амьдралын бас нэг өөр өнцөг. Үзэгчид энэ киног найруулагчийн санаанаас тодотгож мэдрэхээсээ илүүтэй өөрсдөө мэдэрч үзээсэй гэж бодож, хийсэн. Би кино заавал нийгэмдээ дуугарах ёстой гэсэн хуучинсаг үзэл бодлоос зайлсхийдэг хүн. Уран бүтээлчийн өөрийнх нь үзэл бодол илүүтэй шингэсэн бүтээл л төрөх ёстой.

Бидний мэддэг мөртлөө ил гаргахыг хүсдэггүй далд ертөнцийн тухай энэ киногоороо дуугарахыг хичээсэн. Киног +18 гэхээр л хүн болгоны тархинд секс орж ирдэг. Гэтэл сексийн хандлага гэдэг чинь яг юу юм бэ. Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудал шүү дээ.

Бид аль болгон сексийг бохир заваан, хоёрдугаар суваг гэх хандлагаар хандах ёстой юм бэ. Энэ бүх ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Би тэглээ гээд энэ киногоороо нийгмийг цэвэрлэх гэсэнгүй. Авах нь аваг, хаях нь хаяг. Хүн өөр өөрийнхөө оюун ухааны шүүлтүүрээр киног минь шүүнэ биз.

-Уран бүтээлчид кино шүүмжийг хөгжлүүлэх нь чухал гэдэг. Гэвч киноны талаарх фэйсбүүк, твиттер хуудасны постоос хэтрэхгүй байх шиг?  

-Монголд мэргэжлийн кино шүүмжлэгч гэж байхгүй. Зүгээр мэргэжлийн кино сэтгэгдэл бичигч нар л олон болж. Гэтэл кино шүүмж гэдэг чинь өөр асуудал. Киноны хөгжим, зураг авалт, жүжигчин гээд бүгдийг нь мэддэг мэргэжлийн хүний хийдэг ажил. Одоо үед кино сэтгэгдэл бичигч нар нь өөрсдийгөө кино шүүмжлэгч гээд бодчихсон. Үзэгчид тэр хүнийг кино шүүмжлэгч гэж хардаг. Гэтэл тэр кино урлагийн талаар анхан шатны ойлголт, мэдлэггүй байх жишээтэй.

Гол дүрд тоглосон жүжигчний талаар ярих гэж байгаа бол эхлээд хүнээ судалчих. Кино шүүмжлэгч шүүмжээ уран бүтээлчдэд зориулдаг болохоос биш фэйсбүүкийн дагагчдад зориулдаггүй юм. Үзэгчдийн тархийг битгий угаагаач гэж гуйя. Кино урлагийн талаар дуугарч болно. Гэхдээ зарим нэг мэдэмхийрч шүүмжилснээрээ хүний халаас руу гараа дүрж байна. Уран бүтээлчид ташуур, урам өгөх гэж байгаа бол жаахан сэтгэлтэй өг. Нэг найруулагч байр саваа барьцаалан кино хийж байхад маргааш нь кино үзээд л газар дор ортол нь муулдаг. Ядаж тэр киног театрын дэлгэцээс буухаар нь бичихийг хүсье.

-Энэ сэдвийг найруулагч хүн бүр дугараад байдаггүй. Хэр их судалгаа хийсэн бэ?

-Сексийн хандлага нь өөрөө нийгэмд тулчихсан том асуудал болоод буй. Би киногоороо сексийг магтан дуулж байгаа юм биш. Бид энэ сэдвийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдал байна. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл, маргаан зүгээр нэг ахуй амьдралаас эхэлдэггүй. Яагаад эхнэр, нөхөр нэг нэгнээ араар нь тавиад байна вэ. Тэнд нэг юм л болохгүй байна шүү дээ. Гэтэл энэ тухай хэн ч зоригтой шулуухан хэлж чаддаггүй. Яагаад гэвэл монголчуудын нөгөө л нэг ичимхий, сексээ дандаа ад үздэг хандлагатай холбоотой.

Би зохиолоо бичихийн тулд секслогич, гэр бүл судлаач, хувийн сэтгэл зүйч гээд маш олон хүнтэй уулзаж, ярилцсан. Тэд гэр бүлийн харилцааны гол асуудал нь секс гэдгийг хэлж байна. Гэр бүлийн хоёр тэр асуудлынхаа талаар огт ярилцдаггүй. Тэр асуудал нь бухимдал болж, хуримтлагдсаны эцэст гэр бүл салдаг.

Уучлаарай ийм асуудал Монголд л байгаа. Европт энэ бүхэн аль хэдийнэ нээлттэй болчихсон. Яахав би энэ тухай л жаахан зоригтой дугарчихсан кино л доо.

-Дүр сонголт их таалагдсан. Амьдралд дөнгөж хөл тавьж буй өсвөр насны охин, амьдралын туршлагатай ахимаг насны эмэгтэй хоёрыг эсрэгцүүлж тоглуулсан байсан?

-Тийм ээ. Хоёр гол дүртэй. Нэг нь амьдралд дөнгөж хөл тавьж буй өсвөр насны охин нөгөө дүр нь амьдралын туршлагатай амьдралаа туулаад дууссан гэж өөр өөртөө хаалт тавьсан эмэгтэйн дүр. Дүр сонголтыг хийхэд маш их ажил болсон. Гол дүрийн охин Б.Баярцэцэгийг олохын тулд 300 орчим охиноос проб хийсэн. Тэр дундаас шулуухан, гүдэсхэн зантай, бүдүүн бараг хоолойтой нэг охин нүдэнд туссан. Түүний өөрийгөө чөлөөтэй илэрхийлж байгаа байдал нь таалагдсан.

Харин Катягийн дүр буюу О.Энхтуул эгчийн дүрийг сонгоход бас их зовоосон. 60 нас хүрч яваа эмэгтэйн дүрийн сонгон шалгаруулалтыг Монголдоо хийсэн. Энэ дүрд шинэ дүр төрхтэй жүжигчинг сонговол магадгүй үзэгчид хүлээж авахад хэцүү байсан.

Би “Уг нь О.Энхтуул эгч л тоглох юм. Даанч Германд л байгаа болохоор” гэж хоёрдугаар найруулагчдаа хэлж байсан. Тэгсэн хоёрдугаар найруулагч маань “Би холбогдоод үзье” гээд. Тэгээд О.Энхтуул эгчтэй холбогдож, кино зохиолоо явуулсан чинь уншаад “Би энэ кинонд тоглох юм байна” гээд л Монгол руу зорин ирж, тоглосон доо.

-Ж.Сэнгэдорж найруулагч уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд хэлье гэснээ зоригтой дуугарч чаддаг. Та амьдралдаа зоригтой алхам хэр хийдэг вэ?

-Өөртөө итгэл олж аваагүй хүн өрөөлийг итгэтэл нь бүтээл туурвина гэдэг маш тэнэг асуудал. Нэг ёсондоо өөр өөрийгөө олж авч, тэмтэрч ухна гэдэг маш чухал. Миний хувьд тэр хайсан зүйлээ олж авахын төлөө л зүтгэж явна. Тэрийгээ олж авахыг хүсэл эрмэлзэж буй уран бүтээлч та нарт зоригтой харагдаад байгаа юм. Би хүний дотоод ертөнцийг ухахын тулд хурц хурц шийдлүүдийг кинондоо хийдэг. Би бусдын адил бодно, сурна, шанална. Кино бол дүрсний урлаг. Сүүлд л кинонд дуу орж ирсэн шүү дээ. Тийм болохоор би аль болохоор киногоо дүрсний талаас шийдэж, дотоод өнцгөөс л харуулахыг хичээдэг.

Намайг хүмүүс юм л бол нүцгэн хүүхэн гаргалаа гэж их доромжилдог. Би хүний дотоод ертөнцийн гоо сайхныг эмэгтэй хүнээр үзүүлдэг. Үүнийг яагаад гоо зүйн талаас нь хүлээж авдаггүй юм бэ. Үүний хариулт болгож би “Яагаад гоо зүйн тухай ойлголтыг порно болгож хараад байдаг юм бэ” гэдэг.

“Секс шоп бол аптек юм” гэж “Худалдагч охин” кинонд гардаг. Ер нь гоо зүйн тухай ойлголт уран бүтээлчдэд төдийгүй үзэгчдэд 100 хувь суугаагүй байна л даа.

-Ах дүүсийн кино нээлтээ хийсэн даруйдаа зэрэгцээд л хүмүүсийн ярианы сэдэв болж байна. Дүү нь ахынхаа уран бүтээлд ямар үнэлгээ өгч буйг сонирхож болох уу?

-Ер нь ах дүүс зэрэгцэж, киноны нээлтээ хийсэн тохиолдол Монголд байтугай дэлхийд ч байхгүй юм билээ. Цаг хугацаа нь ч ингэж таарч байх шиг байна. Ж. Жамъяансүрэн ах “Хөхөө” киноныхоо санааг олон жилийн өмнөөс бодож эмзэглэж явсан. Өөрөө ч амьдрал үзэж, их ч юм тууллаа. Тэр л өнцгөөрөө энэ киногоо илүү их дотоод өнцгөөс хийсэн юм болов уу. Би “Хөхөө” киног үзээд монголын сонгодог арт юм байна даа гэж дүгнэсэн.

Үзэгчид ч аливаа нэг юманд тархиа ажиллуулж, хүний дотоод сэтгэл рүү өнгийсөн киногоор цангажээ гэдэг нь эндээс анзаарагдаж байна. Хэдийгээр цар тахлын нөхцөлд байгаа ч олон үзэгч кино театрт зорин ирж үзэж байна. Энэ бүхэн ганц Ж.Жамъянсүрэн ахын амжилт бус Монголын кино уран бүтээлчдийн амжилт юм.

-Монгол киног арилжааны, арилжааны бус гэж хуваадаг. Ах дүүсийн хувьд илүүтэй арт уран бүтээл хийхийг зорьж явна уу?

-Би 1998 оноос хойш кино урлагийн тогоонд явж байгаа хүн. Кино урлагийг арилжааны, арилжааны бус гэж 1990-ээд оноос хойш ялгаж эхэлсэн. Гэтэл тэрнээс өмнө арилжааны бус кинонуудыг хийж л байсан. Жишээлбэл, Б.Балжинням, И.Нямгаваа тэргүүтэй найруулагчийн “Хачин хүн”, “Сүүдэр” гэх мэт кино. Эдгээр найруулагч тухайн үеийн нийгмээсээ түрүүлээд зохиогчийн киног хийж байсан.

Миний хувьд киног ингэж ялгах дургүй. Арилжааны киног үнэхээр мундаг хийж чадвал урлагийн бүтээл болно. Бид аливаа уран бүтээлд өөрсдөө чин сэтгэлээсээ уран бүтээл болгохын төлөө өөрсдийнхөө оюун ухаанаа зарцуулж чадах юм бол арилжааны, арилжааны бусдаа ялгаа байхгүй.

-Таны кинонуудаас ямар кино нь илүү үзэгчдэд хүрч, аль нь шүүмжлэл дагуулж байв?

-Би 1998 онд анхны киногоо, 1999 онд дараагийн киногоо хийсэн. Дараа нь 2003 онд “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кино хийж, тэрнээс хойш 2010 он хүртэл огт кино хийгээгүй. Тэгээд эргээд кино урлагтаа ирэхдээ “Адам” гэх арт киногоор ирсэн. Тэр кино маань гадаадын фестивалиудад зориулсан кино  л доо. “Адам” киног Монголд хүн үзээгүй л дээ. Кино театруудаар 10 хоног гарч чадсан уу. Үзэгчид “Та нар ямар кино үзүүлчихэв”, “Тэнэг кино үзүүллээ. Мөнгөө буцааж авья” гээд л уурлаж, бөөн хэрүүл болдог байсан. Тэгсэн тэр кино маань Японы олон улсын кино наадмаас эхлээд Азийн орны фестивалиудад уригдаад явсан чинь нөгөө киногоо буулгая гээд байсан нөхдүүд чинь “Хүүе ээ нөгөө киног нь театрт тавья” гэж хэлж байсан удаатай. Тэгэхээр кино урлагт тодорхой хэмжээний маркетинг хэрэгтэй гэдгийг тэгэхэд л ойлгосон. Хэчнээн мундаг кино байгаад маркетинг сайн хийж чадвал үзэгчид үздэг л байхгүй юу. “Бодлын хулгайч”,  “Үргээлэг”, “Ларьдма” гэх мэт кино үзэгчдэд хүрсэн кино бий.

Уучлаарай. Би оюутан байхдаа “Адам” киног л үзэхгүй шүү гэж кино театрт ороод үзсэн байдаг юм?

-Тийм үү. /инээв/ Тухайн үед уурлаад л гарч байв уу?

-Тэгсэн.

-Сүүлийн жилүүдэд үзэгчид маш сайн боловсорч байна. Үзэгчид өнөөдөр автор харж кино сонгодог болж. Энэ бол том амжилт. Саяхан 2010 онд юун автортой манатай л кино үздэг байлаа шүү дээ. Хэний ч кино, хэн ч тоглоод байгаа юм бүү мэд. Таньдаг нэг жүжигчин тоглосон бол үсэрч давхиж кино үздэг байлаа. Миний хувьд 2010 оноос хойш “Бодлын хулгайч” уран сайхны киног хийсний дараа ерөөсөө Монголд автор хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Би кино болгоныхоо эхэнд ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж гэж заавал тамгалж, новшироод байгаа нь авторыг л үнэртүүлэх гээд байгаа юм.

-“Ларьдма” уран сайхны кино тухайн үедээ нийгэмд цочрол өгч чадсан кино гэж хардаг?

-Яахав жаахан хурц хийсэн кино л доо. Гэр бүлийн хүчирхийллийн талаар зоригтой л дугарчихсан кино. Тэр нь хүмүүст хүнд хүрсэн болов уу. Тэр киноноос хойш маш их гэр бүлийн хүчирхийллийн асуудал сөхөгдөх болсон.

-Та дээр яриандаа аавынхаа тоглосон “Хачин хүн” киноны нэрийг дурдлаа. Ах дүү хоёул аавынхаа уран бүтээлийн замналыг үргэлжлүүлж яваа нь сайхан санагддаг?

-Аавыгаа дурсахгүй өнгөрнө гэж юу байхав. Би хүний генд итгэдэг. Та нар амьдрал ч дээр анзаарсан байх. Тэр мундаг эмч, инженер, хуульч, багшийн хүүхэд сайн эмч инженер, хуульч, болж гэдэг. Улс төрчийг харин мэдэхгүй юм. Аавын минь тэр гайхамшигтай авьяас нь бидэнд жаахан ч гэсэн үлдсэн юм болов уу. Нэг талдаа баярлууштай. Аавын урлагт хандах хандлага, хувь хүний мөн чанар нь авьяасаас нь илүү том түлхэц болсон.

Урлагийг дээдэлж, чин сэтгэлээсээ ажиллаж, урлагтаа бат хатуу зогсч чаддаг чанар нь үлдсэн гэж боддог. Анх 1998 оноос кино хийж явахад нугарч, хугарах үе гарч л байлаа. Би дандаа сайхан явсангүй. Ерөөсөө кино урлагаас хазайж, найз нөхөд санал болгосон бизнес хөөе гэж бодсонгүй. Энэ л салбартаа үнэнч явж буй мөн чанар нэг ёсондоо аавын минь чанар юм гэж сүүлийн үед бодогдох болсон. Би тэрнээс биш тэвчээртэйдээ өдийг болтол байсангүй. Ах бид хоёр ааваасаа ийм гайхалтай чанарыг авсан юм байна гэж саяхан хүртэл ярьж суусан.

-Одоо таны дотрыг ямар сэдэв эмзэглүүлж буй бол?

-Надад бол киноны асар их санаа байна. Би нээх сонин сэтгэлдээ давалгаа үүсэхийг хүлээдэг. Гэхдээ онгод биш шүү.

-Яг ямар давалгаа?

-Сэтгэл дотроос “Одоо л ийм кино хийе” гэж давалгайлахыг хэлж байгаа юм. Тэр мөчийг л би хүлээдэг. Би кинонд найруулагчаар ажиллах шалтаг шалтгаанаа хүлээдэг гэсэн үг. Яагаад ч юм тэр киног хийчихмээр санагдана. Тэгж хийсэн кино  “амттай” бөгөөд киноноосоо үнэхээр кайф авдаг. Ер нь би киногоо кайф авч хийдэг найруулагч. Хүн уран бүтээлээсээ кайф авахгүй, ялархаж хийх юм бол худлаа юм хийж эхэлдэг. Тэгэхээр зураг авалт хийхийн тулд өөртөө сэтгэл хангалуун байх нь чухал. Нэг л сэтгэл дундуур зураг авалт хийсэн бол тэрэндээ шаналж, үзэх болгондоо жаахан тэгчихгүй яав даа гэж өөртөө шаналдаг. Тийм кино надад олон бий.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж