С.Бямбацогт: УИХ баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хатуу хянадаг болно  

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: УИХ баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хатуу хянадаг болно  

– УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар ХЗБХ-ноос батлуулах зайлшгүй хэрэгцээтэй байгаа томоохон хуулиудын талаар яриагаа эхэлье?

– УИХ-аас энэ удаагийн намрын чуулганаар нийтдээ 73 хууль батална. ХЗБХ-ноос Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг баталгаажуулсан Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг Улсын Их Хуралд оруулна. Мөн хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй холбоотойгоор  Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль байна. Түүнчлэн иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн байгууллагын бүхий л мэдээлэл хүн бүхэнд нээлттэй байх, төрийн үйлчилгээ хүнд сурталгүй, хурдан шуурхай байх зохицуулалтыг агуулсан Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай гээд олон чухал хуулиудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Дээр нь Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, шударга ёсны хөрс суурь шүүхийн шинэтгэлийн амин сүнс гэгддэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг УИХ анх удаа нээлттэйгээр хэлэлцэн томилно.

– Зөрчлийн хуульд оруулах өөрчлөлт олон нийтийн анхаарлыг их татаж байна. Хуулийн гол өөрчлөлт юунд байх вэ?

– Өнгөрсөн хаврын чуулганаар парламент Өршөөлийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар тодорхой зөрчил гаргаж торгох шийтгэл хүлээсэн ч түүнийгээ хараахан төлж барагдуулаагүй байсан иргэдийн торгуулийн тал хувийг чөлөөлсөн. Нийтдээ 74 орчим тэрбум төгрөгийн асуудал. Гэхдээ энэ маань нийгэмд бас багагүй шүүмжлэл дагуулсан. Уг нь зүй нь бол зөрчил гаргаагүй, холбогдох хууль дүрэм зөрчөөгүй бол хэн ч торгуулахгүй. Мөн торгуулиа хугацаанд нь төлсөн нь хохирч үлдээд, төлөөгүй нь хожиж байгаа юм шиг ялгавартай шийдвэр төр гаргалаа гэж шүүмжлэх нь ч байсан. Энэ бол эрүүл зөв шүүмжлэл. Тэгэхээр цаашдаа яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа биз. Ер нь төр иргэдээ зөрчил гаргахыг хүлээгээд, анаад, отоод, бараг гаргаасай гэж далим хайх байдлаар ажиллах юм бол бүх юм утгаа алдана. Тэгэхээр аль аль талдаа зөрчил гаргахаас сэргийлдэг байх ёстой.  Хамгийн чухал нь зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг шууд торгодог, дарамталдаг, хаадаг боодог биш зөрчил гаргахгүй байх талаас нь урьдчилан хэлж сануулдаг, мэдээллээр хангадаг, зөвлөн тусалдаг байх нь ухаалаг төрийн зөв хандлага. Хэрэвзээ ингэж хэлж сануулсаар байтал тэрхүү зөрчлөө дахин давтан гаргаад хууль дүрмийн дээгүүр дэвсэлж гүйгээд байвал хэнбугайг ч ялгалгүй торгодог шийтгэдэг,  хариуцлагыг нь үүрүүлдэг байх зохицуулалтыг энэ хуулинд суулгаж өгнө. Зөрчлийн хуулийг би анх ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа санаачилж батлуулсан.  Хүмүүст нэг буруу ойлголт байдаг. Ерөөсөө Зөрчлийн хуулиас болоод л торгууль шийтгэл нэмэгдсэн юм шиг маш буруу ойлгодог. Харин ч АН эрх барьж байх үед одоо байгаагаас торгуулийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх хуулийн төсөл явж байсныг би зогсоосон юм шүү. Дээр нь нэмж хэлэхэд Зөрчлийн хууль бол бүх зөрчил, түүнд тооцох хариуцлагыг л эрх зүйн нэг дээвэр дор багтааж тодорхой, ойлгомжтой болгож зааж өгсөн хууль шүү дээ. Энэ зарчим, үзэл баримтлал огт өөрчлөгдөхгүй. Амьдрал баян учраас цаг үеийн шаардлагаар хийдэлтэй, дутуу зохицуулалттай байгаа зүйл байгаа бол түүнийг нь засаж сайжруулаад явах нь хууль тогтоох дээд байгууллагын үүрэг. Ганцхан үгээр хэлэхэд иргэдийг юу юуны тухандгүй шууд торгож шийтгэхээ урьтал болгодог хуучинсаг арга барилыг халахад хуулийн өөрчлөлтийн гол агуулга чиглэж байгаа юм.

– Шүүхийн багц хууль хэрэгжиж эхэллээ. Гол нь шүүх болон шүүгч хараат бус ажиллах боломж бүрдсэн үү?

– Аливаа нийгэмд иргэдийн хамгийн сүүлд итгэл тээн очдог газар нь шүүх. Шүүгч хонгил үүсгээд эрх, мэдэл, албан тушаалд үйлчлээд байна гэдэг шүүмжлэл хоосон яриа биш байсан. Иргэдийн төрдөө итгэх итгэлийн тулах цэг болсон шударга шүүх байхгүй бол нийгэмд тогтворгүй, эмх замбараагүй байдал үүснэ. Энэ ч үүднээс шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл шүүгчийн эдийн засаг, улс төр, нийгмийн баталгааг нь энэ хуулиар хангаж өгсөн гэсэн үг. Шүүх, шүүгч хэнээс ч хараат бус байх Үндсэн хуулийн тулгуур заалтыг хоосон тунхаг биш бодит зарчим байлгахад энэ хууль шийдвэрлэх үүрэгтэй юм. Шүүхийн шинэ хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд болон улс төрд нөлөө бүхий хүмүүс шүүгчтэй албан ажлаар уулзсан бол заавал тэмдэглэл хөтлөн баталгаажуулж байгууллагын нууцын ажилтанд өгнө. Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан.

– Шүүгчдэд өмнө нь хүлээлгэх хариуцлага сул, өөр хоорондоо тохиролцон гаргасан алдаа мадаг, иргэдийн гомдлыг шийдвэрлэдэг байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилох ажлын хэсгийг та ахалж байгаа. Дээрх асуудлыг эдгээр шинээр сонгогдох гишүүд хангаж чадах уу?

– Шүүх засаглал сүүлийн жилүүдэд улс төрөөс хараат болсон, эрх мэдэлтний халаасанд орсон, хонгил бий болсон гэх мэт шүүмжлэл олон нийтийн зүгээс их гарах болсон. Шүүгч алдаа гаргасан ч тэрхүү алдааг нь шүүгчид өөрсдөө хаацайлан өнгөрдөг байдал ч газар авсан гэхэд болно. Энэ нь эргээд шүүх засаглалын нэр хүнд нийгэмд унах гол шалтгаан болсон шүү дээ. Шүүхийн шинэтгэлийн зарчмын өөрчлөлтүүдийн нэг болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн сонгон шалгаруулалтын зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлт гарсан 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Үндсэн хуулийн их суудлын хуралдаанаар уг асуудал эцэслэн шийдвэрлэгдэж шүүхийн шинэтгэл тушаанаасаа саллаа. Бид Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг ил тод зохион байгуулж эрдэм, мэдлэгтэй, ёс зүйтэй, хэнээс ч хараат бусаар ажиллаж чадах хүнийг олж сонгох хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ намрын чуулган бол шударга шүүхтэй байх, шүүгчид хараат бусаар ажиллах бүх нөхцөлийг эрх зүйн хувьд бүрэн бүрдүүлсэн чухал чуулган болно гэж харж байна.

– Манай нийгэмд архидалт хавтгайрлаа, Гэмт хэргийн 70 орчим хувь нь архинаас үүдэлтэй гэсэн судалгаа гарсан байсан. Үүнийг хэрхэн бууруулж цэгцлэх вэ хуулиар?

– Архидалт бол нийгмийн стресс бухимдал их байгаагийн нэг илрэл . Иргэдээ эрүүл аюулгүй, тайван амьдрах нөхцөл боломжийг төрөөс тодорхой хэмжээгээр шийдэж өгөх хэрэгтэй байна. Архинаас болж гэр бүлийн хүчирхийлэл, салалт нэмэгдэж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, цаашлаад гэмт хэрэгт холбогдож байгааг хэн хүнгүй л мэдэж байна. Мэдээж дан ганц хуудлиар архидалтыг таслан зогсоож болдог байсан бол тэрэн шиг амархан зүйл байхгүй. Харамсалтай нь тийм боломж хомс. Гэхдээ Архдан согтуурахтай тэмцэх хуульд томоохон зарчмын өөрчлөлт орно. Архитай биш архидалтын шалтгаан, түүнээс гарч байгаа үр дүнтэй тэмцэх чиглэлд томоохон бодлогын өөрчлөлт орох юм.

– УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сард багтаан явуулахаар төлөвлөж буй юм билээ. Үүгээр парламентын засаглалаа бэхжүүлж, хариуцлага, ёс зүйн тогтолцоо төгөлдөржиж, шударга ёсыг тогтоох томоохон алхам хийнэ гэж хүлээлт үүсгэх хүмүүс цөөнгүй. Гэвч УИХ-ыг Хянан шалгах хороо болчих вий гэх болгоомжлол бас байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

– УИХ хууль баталдаг. Энэ чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа. Харин баталсан хуулийнхаа хэрэгжилтэд тавих хяналт маш сул гэхэд болно. Засгийн газар парламентын өмнө хууль хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ хэр зэрэг биелүүлж байна вэ гэдгийг нь төдийлөн дүгнэж чадахгүй өдийг хүрсэн. Баталсан хууль мянга сайн байгаад хэрэгжилт нь муу бол тэр хууль цаасан дээр амь нь тасарч байнаа л гэсэн үг.Үүнээс үүдээд УИХ-ын, цаашлаад монгол төрийн нэр хүнд, чадамж унаж байна. Үүнийг засч сайжруулах үүднээс Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг санаачилсан. Хууль батлах нэг хэрэг, түүнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих нь түүнээс ч дутахгүй чухал ажил шүү дээ. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолд заасан үзэл баримтлалын хүрээнд тус хуулийг боловсруулах шаардлага үүссэн. Албан тушаалтнаас асуулгын хариуг 30 хоногт, асуултын хариуг 14 хоногт багтаан ирүүлэх үүрэгтэй  боловч ирүүлж байгаа хариу нь шаардлага хангахгүй, нүд хуурсан, эсхүл мөнөөх хариугаа хуульд заасан хугацаанд ирүүлэхгүй байх зөрчил байнга гардаг. Мөн хууль тогтоомжийг сурталчлахтай холбоотой ЗГ-ын үйл ажиллагааны талаарх мэдээллийг УИХ-д танилцуулдаггүй, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хэрэгжилт болон улсын төсөв, мөнгөний бодлогын хэрэгжилтийг ирүүлэхдээ хэрэгжүүлэхээр заасан зорилт, арга хэмжээг дутуу тайлагнах, төөрөгдүүлсэн мэдээлэл ирүүлэх, төлөвлөсөн зорилтуудын биелэлт хангалтгүй хэрэгжсэний шалтгаан нөхцөл тодорхойгүй байх зэрэг ээдрээтэй асуудал үүсдэг. Тэгэхээр энэ маань монгол төрийн дархлаатай холбоотой асуудал мөн биз.

– Хяналтын тухай хуулийн гол зохицуулалт нь юу байх вэ?

– УИХ-ын хяналт шалгалтын зорилго, түүнийг хэрэгжүүлэх зарчим болон асуулт тавих, асуулга тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх, төсвийн хяналт; хяналтын сонсгол хийх, хянан шалгах /мөрдөн шалгах/ түр хороо байгуулах зэрэг 7 төрлийн арга хэрэгслийг нарийвчлан хуульчилна. Хяналт шалгалтын үр дүнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Өнөөдөр бид монголд хариуцлагагүйн зуд нүүрлэлээ гэж олон жил ярьж ирсэн. Энэ зудтай тэмцэх аргаа олохгүй бол ард түмэн зутарсаар л байх болно шүү дээ.

– Засгийн газар, түүний байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн эсэх, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг хянан шалгах түр хороог байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

– Парламентын зүгээс гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих олон хэлбэрүүд байдгаас хамгийн хүчтэй, үр нөлөөтэй нь мөрдөн шалгах чиг үүрэгтэй хянан шалгах хороо юм. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлсний зэрэгцээ түүнд тавих хяналтыг сайжруулах заалтууд оруулсны нэг нь Үндсэн хуулийн 2-т “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна…” гэж заасан явдал. УИХ-ын 19-ээс доошгүй гишүүн санаачилбал хянан шалгах түр хороо заавал байгуулж, цөөнхийн бодит оролцоог хангах, нийтийн сонсгол, тайлагналаар үнэн, бодит мэдээллийг ил тод, хэлэлцэх замаар гүйцэтгэх эрх мэдэл (Засгийн газар, түүний харьяа байгууллагууд)-д тавих парламентын хяналтыг илүү үр нөлөөтэй болгох юм.

– Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчилсэн. Одоо уг хуульд дахин гар хүрэх гэж байгаа юм билээ. Чухам ямар нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?

– Юуны өмнө 2020 онд шинэчлэн баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газарт тодорхой, өндөр шаардлага тавьсан хууль болсон. Мөн УИХ, ЗГ, яамд, Засаг дарга нар дор бүрнээ батлаад 2017 оны байдлаар хөгжлийн бодлогын баримт бичиг 774-т хүрээд байсан. Би 2017 оны Үндэсний аудитын тайлан дахь тооноос эш татан ярьж байна шүү. Энэ байдлыг цэгцэлж улсын хэмжээнд 5 төрлийн баримт бичиг байхаар хуульчилсан. Үүнээс “Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл” гэх дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг сонгуулийн циклтэй нийцээгүй гэсэн шүүмж ЗГ-ын зүгээс УИХ-ын хуралдааны танхимд гарч байсан. Гэтэл энэ нь төрийн бодлогын залгамж чанарыг хангаж, тасралтгүй хэрэгждэг байх ул суурийг бүрдүүлэхийн тулд бодлогоор хийсэн зохицуулалт юм. Улс төрийн сонгуулийн үр дүнгээр төрийн бодлого үр ашгаа өгч амжаагүй байхад нь хэрэгжилтийг нь таслан зогсоож, өмнөх хүн л хийж байсан бол буруу гэх гажуудлыг халахын тулд 5 жилийн үндсэн чиглэл болон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж сонгуулийн мөрөө хөтөлбөрөө боловсруул гэх нэг л гарааг улс төрийн намуудад олгох тал талаас нь нарийн бодсон бодлоготой зохицуулалт юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийсэн “хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зарчим, хөгжлийн бодлогыг хоосон тунхаг байлгахгүйн  тулд 2020.05.07-нд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэвч байгаа бодлогоо бүрэн хэрэгжүүлэхгүй, батлагдсан хуулиа нэг мөр ойлгохгүй алдаа хийдэл гарч байгаа учраас дагаж мөрдөх арга зүй, дааж хариуцах эзэн, нэгтгэн зангидах удирдлагын бүтцийг тодорхой болгох хуулийн төсөл өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш 2 жил, хууль шинэчлэн баталснаас хойш 1 жилийн нүүр үзэж байгаа ч салбарууд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудалд нэгдсэн арга зүйгээр хангагдаж чадаагүй, холбогдох байгууллагууд хуулиа нэг мөр ойлгож, хэрэгжүүлж хэвшээгүй болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь техник, тоног төхөөрөмж, ур чадвартай хүний нөөц, тооцоо судалгааны баазын хувьд дутагдалтай хэвээр байгаа нь энэ хуулийн зохицуулалтыг дахиад илүү нарийвчлах шаардлагыг бий болгосон гэж болно. Хууль нь тодорхой байж гэмээнэ хөгжлийн бодлого чөдөргүй болно.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж