Гэрийн нас баралтыг Эмгэг судлалын зөвлөл шинжилдэг

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

Гэрийн нас баралтыг Эмгэг судлалын зөвлөл шинжилдэг

Гэрийн нас баралтыг Эмгэг судлалын зөвлөл шинжилдэг

Монгол Улсын хэмжээнд Covid-19 цар тахлын улмаас 1366 хүн нас барсан. Халдварын тархалт нэмэгдэж, мутацид орсон хувилбараар өвчлөх тохиолдлын тоо өссөөр гэрийн нас баралт ч нэмэгдэж буй юм. Харамсалтай нь Covid-19-өөр өвдөж, эндсэн иргэдийн дийлэнх нь суурь, хавсарсан өвчтэй гэдэг шалтгаанаар гэрийн нас баралтад тооцогдохгүй байгаа. Өнгөрсөн сараас өдөрт тогтмол 10-аас дээш хүн Covid-19-өөр нас барж байна.

Нас баралтыг насны бүлгээр нь харвал:

  • 5-9 насны-1
  • 20-24 насны- 7
  • 30-34 насны- 16
  • 35-39 насны-25
  • 40-44 насны-29
  • 45-49 насны 35
  • 50-54 насны 57
  • 55-59 насны 105
  • 60-64 насны 141
  • 65-69 насны 165
  • 70-74 насны 164
  • 75-79 насны 149
  • 80-84 насны 145
  • 85+ насны 165 тохиолдол бүртгэгджээ.

Гэрийн нас баралтыг тооцож байгаа эсэх болон ямар тохиолдолд Covid-19-өөс хамаарч гэртээ нас барсан гэж үзэж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.

СУУРЬ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙН АР ГЭРИЙНХЭН ЭМНЭЛГЭЭС ГАРГАХ ХҮСЭЛТ ТАВЬДАГ

-Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг биеийн байдлаар нь авч үзвэл ихэнх хүн Covid-19-ийн хүндээс дээш буюу маш хүнд шинж ангилалд хамаарч байна. Хүнд хүмүүсээ 100 хувь эмнэлэгт хэвтүүлж эмчлэх боломж өдөр ирэх бүр буурч, аль аль талдаа хүндрэлтэй зүйлс гарч байна. Маш хүнд хүмүүсийн эмчилгээнд шаардагдах хугацаа уртасч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй иргэдийн дугаарлалт үүссэн.

Батлагдсан тохиолдол, түүний хавьтал болсон иргэдийг олж тогтоох, бүртгэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ улам хүндрэлтэй байдалд орсон. Улсын чанартай 50 гаруй эмнэлэг, хувийн хэвшлийн ортой эмнэлэг 271, нийт 56 мянган ажилчин өдөр, шөнөгүй зүтгэж байна. Цар тахлын үе хэдий ч бүх эмнэлэг шаардлагатай бусад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсээр байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Есдүгээр сард Covid-19-өөс шалтгаалсан гэрийн нас баралтын 10 гаруй тохиолдол одоогоор батлагдсан. Ингэснээр өнгөрсөн жилээс хойш нийт 44 гэрийн нас баралт нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн.

Гэрийн нас баралтыг дотор нь хоёр ангилж байна. Нэгдүгээрт, ар гэр нь хүсэлт гаргаад, хүнд болон маш хүнд өвдсөн, хавсарсан суурь өвчтэй хүмүүсийг эмнэлгээс гаргаж байна. Хоёрдугаарт, архаг, хууч өвчтэй учир өөрсдийн хүсэлтээр эмнэлэгт хэвтэхээс татгалзаж байгаа хүмүүс.

Эдгээр хүмүүс гэртээ нас барсан тохиолдолд 100 хувь Covid-19-өөс шалтгаалсан нас баралтад тооцох боломжгүй. Учир нь хавсарсан өвчинтэй гэж үзэж байгаа юм. Харин ямар нэгэн суурь өвчингүй, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүс нас барсан тохиолдолд түүний нөхцөл байдлын дүгнэлтийг харгалзаж, гэрийн нас баралтад тооцдог. Ингэхдээ Covid-19-өөс хамаарч нас барсан уу гэдгийг тогтоож байж тохиолдлын тоонд оруулдаг. Нийслэл болон орон нутгаас ирэх сорьцыг Эмгэг судлалын зөвлөл шинжилж, нас баралтын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

ТАВАН САЯ ГАРУЙ PCR ШИНЖИЛГЭЭ АВСНААС 9 ХУВЬД НЬ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

Үндэсний статистикийн газрын гаргасан мэдээллээр 2020 оноос хойш таван сая гаруй PCR шинжилгээ хийж, 429 мянган тохоиолдол батлагджээ. Эдгээрээс 1366 хүн нас барсан бол гэрийн нас баралт гэх шалтгаанаар тэдний 44 нь тооцогдсон байна. Хэдийгээр гэртээ нас барсан ч суурь өвчтэй байсан хүнийг ар гэрийнхэн нь зөвшөөрвөл Covid-19-өөс шалтгаалсан эсэхийг тодруулах боломжтой аж. Харин ар гэрийнхнээс нь хүсэлт тавиагүй тохиолдолд тухайн анхдагч өвчнөөр нас баралтад хүрэх болсон шалтгааныг тооцдог байна. Нийт батлагдсан тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл:

  • 0-4 нас- 6.1 хувь
  • 5-9 нас- 7.5 хувь
  • 10-14 нас- 6.7 хувь
  • 15-19 нас- 5.3 хувь
  • 20-24 нас- 8.1 хувь
  • 25-29 нас- 10.5 хувь
  • 30-34 нас- 13.1 хувь
  • 35-39 нас- 10 хувь
  • 40-44 нас- 7.8 хувь
  • 45-49 нас- 6.7 хувь
  • 50-54 нас- 5.5 хувь
  • 55-59 нас- 4.7 хувь
  • 60+ нас 8.7 хувийг тус тус эзэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж