N0tail: Бид юу ч хамгаалах шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

N0tail: Бид юу ч хамгаалах шаардлагагүй

N0tail: Бид юу ч хамгаалах шаардлагагүй

Цахим спортын түүхэн дэх хамгийн том тэмцээнүүдийн нэг “The International” буюу "TI"-ийн 10 дахь удаагийн тэмцээн өчигдөр/2021.10.07/ Румын улсын нийслэл Бухарест хотод эхэллээ. "Dota2" төрлийн дэлхийн аварга хэлж болохуйц тэмцээний энэ жилийн шагналын сан 40 сая ам.доллар. Үүнтэй холбогдуулан бид та бүхэндээ "TI"-ийн хоёр удаагийн аварга "OG" багийн ахлагч "N0tail" буюу Йохан Сундштайны ярилцлагыг хүргэж байна. Энэхүү ярилцлага 2019 онд "OG" баг “The International”-д дараалан түрүүлсний дараа "N0tail"-ийг Португалд амарч байх үед хийжээ.

"OG" баг гурав дараалан түрүүлэхийн төлөө "TI10"-д оролцож байна.


-Шууд гол яриандаа оръё. Амралт хэр байна даа?

-Амралт сайхан байна. Алжаалаа тайлах шиг л болж байна. Үнэхээр давчуу хуваарьтай, жилийн турш өгсөж, уруудаж туршлага хуримтлуулсан улирал болж өнгөрлөө. Эцэст нь "TI"-д түрүүлж, “бүүм” хийлээ. Харин одоо бүрэн амралтын горимдоо шилжиж, цагийг сайхан өнгөрүүлж байна.

-Өнгөрсөн 1-2 долоо хоногийн хугацаанд "TI"-д дараалан түрүүлсэн талаараа л бодож байв уу? Сэтгэл санаа ямар байна ?

-Сэтгэл санаа тайвшрахгүй л байна. Энэ урт хугацааны сэтгэл хөөрлийг дарах амаргүй байна биз. Үгээр илэрхийлэшгүй гайхалтай. Энэ талаар бодох бүртээ л өөрийгөө зүүдэлж байна гэж боддог. Тэгээд л өөртөө өдөр бүр энэ бүхэн бодит гэдгийг сануулдаг. Насан туршийн минь мөрөөдөл биеллээ олсонд итгэж өгөхгүй байж магадгүй.

-"OG" багийн үүсгэн байгуулагчийн хувьд танай баг сүүлийн хоёр жил их зүйл үзэж тууллаа. Энэ бүгдийг дүгнээд хэлвэл юу гэж хэлэх үү?

-Хувь хүний минь хувьд гайхалтай аялал байлаа. Бид олон талын тусламж дэмжлэг авлаа. Олон ч сайн хүмүүстэй учирлаа. Сайн ивээн тэтгэгчтэй болж санаа зовох хэрэггүй боллоо. Мөн амьдралаас том сургамж авсан. Энэ бүх үзэж туулсан зүйлсдээ талархдаг. Таны хэлснээр сүүлийн хоёр жил их зүйл туулж, ёроолдоо хүрч, олон таагүй зүйлсийг үзлээ. Бид багаараа тулгарсан саад бүхнээ хамтдаа туулж, энэ бүхний дундуур хамт алхсан. Одоо ингээд оргилд гараад харахад онцгой дурсамж бүтээжээ.

-Сүүлийн "TI9″ таны хамгийн хүнд сорилт байлаа гэж жиргэсэн байсан. Сэтгэл зүй, бие махбодийн хувьд "TI9″ таныг ямар сорилтод оруулав?

-Миний хувьд бэлтгэлийн байранд байхаасаа л эхлээд бэрхшээлтэй тулгарсан. Тэр үед түрүүлнэ гэсэн ямар ч итгэл байгаагүй. Хайртай нохой минь таалал төгссөн. Сэтгэл санаа доод цэгтээ хүрсэн. Ер нь л азгүйтэл намайг дагасан даа. Үүнээс болж багийнханы маань ч сэтгэл санаа унасан. Тэр хүнд нөхцөл байдлаас гарахын тулд жилийн турш шаргуу хөдөлмөрлөж, "TI" эхлэхийн өмнө асуудлуудаа шийдэж чадсан. Бэлтгэлийн тоглолтууддаа гайгүй хожигдоогүй юм шиг харагдаж байгаа ч бид агуулгын хувьд үнэхээр муу байсан.

Зүүн гар талаас Ceb, ana, N0tail, Topson, JerAx

-"TI"-ийн бэлтгэл тоглолтууддаа хожигдсоны дараа хэрхэн бие биенийгээ сэргээж, зоригжуулж, эцэст нь түрүүлж чадсан юм бэ?

-Үнсгэлжингийн үлгэр биеллээ олсон юм шиг санагдаж байна. Багийнхан маань чадахаараа л бие биенийгээ дэмжиж, зоригжуулж байсан даа. Кинон дээр гардаг шиг үгнүүдийг хэлдэг байлаа. Мэдээж, асуудлыг бодитоор харж, илэн далангүй ярилцаж байсан үеүд бий. Сэтгэл хөдлөлөө ч нэгнээсээ нуугаагүй. Гол нь хүн бүр санаа бодлоо хуваалцдаг, шударга байж чаддаг, бие биенийгээ дэмждэг, шүүмжилдэг уур амьсгалыг бүрдүүлж чадсан.

-"TI8″-д түрүүлсний дараа "TI9″-д заавал түрүүлэх ёстой гэсэн дарамт мэдэрсэн үү?

-Үнэнээ хэлэхэд маш их дарамт мэдэрсэн. Яривал урт түүх болно. Бид үнэндээ аваргаа хамгаалах талаар юу ч бодоогүй. Олон хүн биднийг аваргаа хамгаалах ёстой гэж ачаа үүрүүлж, ярилцлага бүрт л та нар аваргаа хамгаалах ёстой гэх зүйлсийг ярьдаг байлаа. Нуулгүй хэлэхэд бид өөрсдөө энэ цолыг алдахыг хичээсэн. Бид юу ч хамгаалах шаардлагагүй. "TI9"-д түрүүлээгүй гээд "TI8"-ийн аварга цолоо алдахгүй шүү дээ. Бидний хувьд шинэ өдөр, шинэ тоглолт тохиох л байсан. Аль болох өөрсдийгөө дарахыг хичээсэн. Энэ л үнэндээ чухал. Өөрсдийгөө дарж байж л итгэлтэй болно. Тэрнээс биш бардам зантай болно гэсэн үг биш.

-"TI9″-д түрүүлээд аваргын цомыг Себээр өргүүлсэн. Яагаад?

-Би Себийг цомонд эхэлж хүрээч гэж гуйсан юм аа. Хэн ч үүнийг эсэргүүцээгүй. Учир нь биднийг салан задгай байхад Себ л нэгтгэсэн. Түүнд биднийг урагш хөтлөх өөрийн гэсэн арга барил бий. Тэр бол гайхалтай удирдагч, найз, багийн анд, мэргэжлийн тоглогч. Үргэлж тайван байдаг. Харин нөгөө талаараа аваргын цомыг бид тэнд тавьсан. Тавьсан цомоо буцаагаад өргөнө гэдэг жаахан эвгүй ш дээ. Чухамдаа Себийн төлөө л "TI9"-д түрүүлэхийг хүссэн. Товчхондоо түүнгүйгээр бид энд амжилтад хүрэхгүй байлаа.

N0tail, Ceb

-"EG" буюу "Evil Geniuses"-ийн эсрэг тоглоход ямар байдаг вэ. Өнгөрсөн жил ч, энэ жил ч дараалан тоглосон. Ялгаа нь юу байв?

-Үнэнээ хэлэхэд миний амьдралын сэргэлт авсан мөчүүд. Тэдний эсрэг сайн тоглох ёстой олон шалтгаан бий. Тэдний эсрэг тоглох өдрөө амьдралынхаа хамгийн гайхалтай өдөр болгохыг хичээдэг. Миний тэмцэх хүсэл сэргэдэг. Тэдэнтэй тоглосон өдрөө одоо ч би санаж байна. Миний сэтгэл зүй, бие махбодь, мэдрэмж гээд бүх зүйлс гайхалтай байсан. Тоглолтын дараа ч сэтгэл их хөдөлсөн. Дараагийн "TI"-ийн цомоо авахад ганцхан даваа үлдлээ гэж бодохоор л хүлээж тэсэхгүй байсан. "EG" шиг хүчтэй өрсөлдөгчөө буулган авахад сайхан байдаг.

-“Fly та хоёрын харилцаа одоо ямар байдаг вэ?

-Энэ талаар дараа ярих боломж олдох байх аа. Одоо энэ тухай яримааргүй байна.

Fly, N0tail хоёр

-Үзэгчид, тайлбарлагчид “OG”-ийг “dota”-ийн түүхэнд хамгийн хүчирхэг баг гэж ярьж байсан. Үүнтэй санал нийлэх үү?

-"TI8″-д оролцсон багууд ч хүчирхэг байсан шүү дээ. Дэлхийн хамгийн шилдэг багууд хамгийн төгс тоглолтоо үзүүлсэн. Хүмүүс биднийг хүчирхэг нь гэж ярьж байгаад би баяртай байна. Бидний гаргасан шийдвэрүүд, зөн совин, үзүүлсэн хариу үйлдлүүдийг бодохоор одоо ч гайхалтай санагддаг.

-Та цахим спортын түүхэнд хамгийн их ашиг орлого олсон тамирчин боллоо. Хамгийн баян цахим спортын тамирчин болох таны зорилго байсан уу?

-Үгүй дээ. Би энэ талаар огт бодож байсангүй. Мэдээж хэрэг, олсон мөнгөөрөө тэргүүлж байна гэдэг янзтай. Нөгөө талаараа "TI" бол дэлхийн хамгийн шилдэг тэмцээн, бид үүнд хоёр удаа түрүүлсэн, "OG"-ийн таван тоглогч олсон орлогоороо эхний тавд байна гэдэг чухал. Үнэндээ бид үнэхээр их мөнгөний эзэд болцгоосон. Хэн нь ч яаж үрэхээ мэддэггүй байлаа. Гэхдээ энэ миний зорилго байгаагүй юм шүү. Зүгээр л тохиосон. Янзтай санагдаж байна.

-"TI"-д дараалан түрүүлсэн анхны баг "OG"-ийн ахлагч бидэнтэй ярилцлаа. Амралтаа ая тухтай өнгөрүүлээрэй.

-Анхаарал тавьсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: ESPN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж