Сурвалжлага: Бидэнд амьдрал хайрлаач!

Хуучирсан мэдээ: 2021.10.08-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Бидэнд амьдрал хайрлаач!

Сурвалжлага: Бидэнд амьдрал хайрлаач!

Түүнийг Сүмбэрэл гэнэ. Царцаатай хөөцөлдөн тоглох гүены амьдралд одоо ч аюул заналхийлсээр. Одоогоор бяцхан гүен энэ бүхнийг мэдэхгүй. Хүн түүний том дайсан болохыг ч ойлгохгүй.

Хэн нэгнээс тусламж гуйсан харцаар цэцэг сарвайн зогсох алгын чинээхэн амьтан. Нүднээс нь айдас бас аврал гуйх нь харагдана. Устаж үгүй болохын ирмэгт тулж хүмүүсээс амь гуйх тэд өмнө минь "зогсч" байна. Энэ бол сийлбэрч Н.Алтаншагайгийн “Zura” анхны бие даасан үзэсгэлэн ирсэн "амьтад" байлаа. Үзэсгэлэнгийн нэр  “Help me”. Тодруулбал, надад туслаач.

Уран бүтээлч энэ талаар өгүүлэхдээ “Биднийг битгий хөнөөгөөч гэсэн утгыг илэрхийлсэн үзэсгэлэнгийн онцлох бүтээл. Анхны бие даасан үзэсгэлэнгээрээ  амьтдыг хайрлаж хамгаалах гол санааг илэрхийлэхийг зорилоо. Бас стресс, бухимдлаар дүүрэн нийгэмд хүмүүс үзэсгэлэнгээр саатаж гарахдаа эерэг мэдрэмж аваасай гэж бодсон. Хүүхэдтэй л адил амьтны үр төл өхөөрдөм”  гэв. Зарааны зулзага ээждээ  хөөрхөн гэж дуунд хүртэл гардаг шүү дээ.

Монголчууд өнөөг хүртэл сийлбэрийн урлагийг баатар эрс, морь, түмэн өлзий хээ, монгол гэрээр төсөөлж ирсэн. Харин Н.Алтаншагай зэрлэг амьтдын үр төлийг “амилуулснаар” бусад уран бүтээлчдээсээ ялгарч чаджээ. Тэр уран бүтээлийнхээ дээжсийг "Монгол Арт" галлерейд ийнхүү дэлгээд байгаа нь энэ.

“Сүмбэрэл”-ийг ирвэс хамгаалагч агсан Т.Лхагвасүмбэрэлийн гэгээн дурсгалд зориулан бүтээжээ.

Монголд нэн ховордсон мазаалайн урд бяцхан гүрвэл зогсох. Эсрэг тэсрэг атал нэгнийхээ дутууг нөхдөг найз нөхөрлөлийг илэрхийлсэн уг бүтээлийг “харьяалал” гэж нэрлэж. Байгалийн инженер ажилсаг  минж бол “Бүүвэй”. Тэр үр төлөө хамгийн их хайрлаж халамжилдаг амьтан. Уулсын оройд улих бяцхан бэлтрэгийн хөл дор үхэр оготно байна. Энэ нь аюулгүй амар тайван байдлыг илэрхийлэхийн сацуу өнө мөнх удам залгах угсааг илэрхийлсэн зэргээр бүтээл бүр өөрийн үүх түүхтэй аж.

СИЙЛБЭР БОЛ МОНГОЛЫН СОНГОДОГ УРЛАГ

Аливаа бүтээл оюун бодлоос эх авч ур дүй, цаг хугацаа үл шалтгаалан мэндэлдэг гэдгийг сийлбэрч Н.Алтаншагай хэлж байв. Тэрбээр өөрийн бүтээлүүддээ гурван жилээ зориулсан байна. Баримлаас сийлбэрийн урлагт “урваж” татагдсанаас хойш 18 гаруй жил модтой нөхөрлөж буй түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Баримал, сийлбэрийн урлаг хоорондоо ямар ялгаатай вэ?

-Миний хувьд барималч мэргэжилтэй ч сийлбэрийг сонгоод 18 жил өнгөрсөн байна. Баримал  нарийнаас ерөнхийг гаргадаг бол сийлбэр эсрэгээрээ. Ерөнхийгөөс нарийн луу задардаг мэдрэмж шаарддаг. Тиймээс сийлбэрийн урлагийг сонгосон.

-Уран бүтээлч бүр өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй. Үүнийгээ уран бүтээлээрээ илэрхийлдэг байх. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс харахад хүүхдэд зориулсан юм шиг л харагдаж байна?

-Мэдээж бүтээлд өөрийн ертөнц, характер тусна. Ойр дотны хүмүүс “Чамайг харахад ширүүн хүн шиг мөртлөө бүтээлүүд чин  хүүхэд шиг гэнэн байх юм” гэж хэлдэг. Магадгүй миний дотоод сэтгэл хөнгөн байх. Би ил гаргадаггүй ч амархан баярлаж гомддог. Уур ч бас адилхан.

-Амьтдыг биш үр төлийг нь сонгож урласан нь анхаарал татлаа?

-Сийлбэрийн урлагт амьтдын коллекц гаргасан уран бүтээлч байхгүй. Миний хувьд анхдагч нь болж байна. Нялх хүүхэд ямар хайр хүрмээр билээ. Амьтны төл ч ялгаагүй шүү дээ. Миний хувьд хүүхдэд зориулсан бүтээл рүү чиглэсэн. Үзэсгэлэнд саатсан хүмүүс гарахдаа эерэг мэдрэмжийг авсан байгаасай гэсэн үүднээс амьтдын үр төлийг уран бүтээлийн гол дүрээр сонгосон.

-Сийлбэрийн урлаг амаргүй шүү дээ. Хааяа шантардаг уу?

-БНСУ-д уран бүтээлчидтэй хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан юм. Тэр үед солонгосчуудтай хамт хооллож байхад Солонгос уран бүтээлч, холбооны тэргүүн “Монголчууд ур чадвартай. Урлагийн түвшинд боловсорч гүйцээгүй” гэж хэлсэн юм. Үүнээс хойш би нэг хэсэг уран бүтээлээ орхисон. Сэтгэлээр унаж, өөрийгөө голж байлаа. Тэр үед шантарсан ч би өөрийгөө илүү хурцалсан гэж боддог.

-Мод хатуу ч үнэн чанартаа эмзэг бас “ааштай”. Хутга халтирвал тухайн бүтээл бүтэлгүйтдэг шүү дээ. Ийм тохиолдол хэр их гарч байв?

-Мод бол хасах урлаг. Нэмж болдоггүй. Хүнээс маш бага алдахыг шаарддаг материал. Иймд мэдрэмж маш чухал. Ер нь бүтээл төрөх агшин хоорондоо адилгүй. Заримдаа нэг сар болоход долоо хоногт гараас гардаг бүтээл бий. Тухайн үед төрсөн сэтгэгдлээр л хийдэг.

-Бүтээл ямар үед төрдөг вэ?

-Ганцаараа төвлөрч суух үед л оюун бодолд ургахад бүтээл төрдөг.

-Цаг хугацаа зарцуулсан ч сэтгэлд таарахгүй болсон бүтээл байвал уран бүтээлд тооцогдох уу?

-Сэтгэл ханамжгүй бол хэчнээн цаг хугацаа зарцуулсан ч тэр бүтээл биш. Сэтгэлд нийцэж байж л бүтээл болно гэлээ.

Монголын урчуудын эвлэлийн гишүүн Н.Алтаншагай бол шинэ залуу уран бүтээлч. Түүний хувьд сийлбэрийн уламжлалт сэтгэлгээг эвдэж  урлагийн хөгжлийг тод томруунаар бүтээлээрээ харуулсан  сийлбэрч. Тэрбээр “Сийлбэр бол Монголын сонгодог урлаг” хэмээн тодорхойлсон юм.

Сийлбэрийн урлагийн хөгжлийг тод томруунаар харуулж шинэ түвшинд гаргаж ирэхдээ монгол ахуй соёлоо улаан номонд ховордсон ой хээр, тал нутгийн амьтдаар төлөөлүүлснийг энэ удаагийн сурвалжлагаар онцоллоо. Түүний өхөөрдөм бүтээлүүд нь материаллаг зүйлд ховсдуулж “зогссон” зүрхийг булгилуулж мартагдсан “хайр”-ыг  дахин мэдрүүлэх шиг болно.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж