Сүүлийн үед улам нэмэгдсээр буй хөрөнгийн ялгааг багасгахад чиглэсэн Ши Жиньпиний бодлогыг Хятадын эрх баригчид өнөөгийн нийгэмд яг хэрэгтэй зүйл гэж ухуулдаг. Гэвч шүүмжлэгчид илүү болгоомжтой хандахыг анхааруулсаар байна.
Хэдийгээр уг бодлогыг Ши Жиньпин зөвхөн дотооддоо хэрэгжүүлж байгаа ч түүнийг дагаад дэлхийн эдийн засаг тэр чигээрээ өөрчлөгдөж болзошгүй билээ.
Нийтлэг хөгжил цэцэглэлтийн гэх тодотголтой эл бодлогын хамгийн эхний үр дагавар бол Хятадын тэргүүлэх аж ахуй нэгжүүдийг дотоодын зах зээлд дахин төвлөрүүлж буй явдал юм.
Сүүлийн жилүүдэд олон улсад маш өндөр нэр хүндийн эзэн болж байсан "Алибаба" компани гэхэд өдгөө нийтлэг хөгжил цэцэглэлтийн бодлогыг сурталчлах зорилгоор Дальел Жанаар ахлуулсан ажлын хэсэгт 15.5 тэрбум ам.доллар “хандивлажээ”. Тэгэхдээ “Алибаба" бол Хятадын эдийн засгийн хөгжлийн үр шимийг хүртэгч байгууллага. Хэрвээ нийгэм, эдийн засаг нийтлэг сайжирвал "Алибаба" улам сайн ажиллах болно” гэсэн байна.
Түүнээс гадна "Алибаба"-гийн өрсөлдөгч технологийн аварга "Тенсент" компани ч энэ жишгийг дагаж 7.75 тэрбум ам.доллар хандивлахаа амласан аж.
Мөн “China Inc” энэ бүхнийг намын захиалгаар хийж байгаагаа илэрхийлэхийг хичээж байсан ч уриалгад олон том компани нэгдэж эхэлсэнд “бага зэрэг гайхширсан” гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. Тэрбээр “Одоо бид энэ бодлогод хэдийн дассан байна. Чухамдаа бол хөрөнгийг тэгш хуваарилна гэдэг нь баячуудыг дээрэмдэх бус, нийгмийн бүтцийг өөрчилж, дундаж давхаргыг тэлэх тухай бодлого юм. Эцэст нь хэрэглэгчдийн амьжиргаа дээшлэхийн хэрээр компаниудын үйл ажиллагаа сайжрах нь дамжиггүй” гэж ярьжээ.
ТАНСАГ ХЭРЭГЛЭЭНИЙ САЛБАР АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖ МАГАДГҮЙ
Хэрэв нийтлэг хөгжил цэцэглэлт нь шинээр гарч ирж, нэмэгдэж буй Хятадын дундаж давхаргад илүү их анхаарал халамж хандуулж буй бодлого бол түүнийг дагаад тэдгээр үйлчлүүлэгчдэд үйлчлэх дэлхийн бизнес эрхлэгчдэд ашигтай болно гэсэн үг.
Энэ талаар Европын холбооны Хятад дахь худалдааны танхимын ерөнхийлөгч Йорг Вуттке "Залуучуудыг ажлын байраар хангах нь сайн үр дүнтэй болохыг бид харж байна. Хэрэв тэд өөрсдийгөө элэгдэлд орсон нийгмийн нэг хэсэг гэж үзэж эхэлбэл бидэнд сайн хэрэг. Яагаад гэвэл дундаж давхарга өсөх тусам илүү их боломж бий болно. Гэсэн ч үүнээс болоод тансаг хэрэглээний салбар, үйлдвэрлэл сайнгүй өөрчлөлтүүдтэй нүүр тулж болзошгүй" гэж хэлжээ.
Дэлхий даяар тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулалтын 50 орчим хувийг хятад баячууд хангадаг. Хятадын баячууд швейцарь цаг, итали зангиа, Европын тансаг зэрэглэлийн автомашин бага худалдаж авахаар шийдсэн бол энэ салбар цохилтод орох болно.
Гэхдээ ноён Вутткегийн үзэж байгаагаар Хятадын эдийн засагт хятад хүний дундаж орлогыг нэмэгдүүлэхийн тулд чухал шинэчлэл шаардлагатай ч нийтлэг хөгжил цэцэглэлтийн бодлого түүнд хүрэх хамгийн үр дүнгүй арга байж магадгүй.
Хятад дахь Британийн Худалдааны танхимын ажилтан Стивен Линч энэ талаар “Нийтлэг хөгжил цэцэглэлтийн бодлого бол дундаж давхаргынхан сүүлийн 40 жилийн хугацаанд олширсон шиг ихээр өсөх баталгаа биш юм. 30 жилийн өмнө гэхэд дундаж хятад гэр бүл сард нэг л удаа бууз хийж идэх боломжтой болдог байлаа шүү дээ. Тэгвэл 20 жилийн өмнө, тэд долоо хоногт нэг удаа зоогийн газраас аяга хоол авч идэх чадвартай болдог байв. 10 жилийн өмнөөс харин энэ байдал маш ихээр өөрчлөгдөж эхэлсэн юм. Одоо тэд машин худалдаж авах чадалтай болжээ. Тэгвэл сүүлийн үед эрчимтэй хэрэгжүүлж байгаа нийтлэг хөгжил цэцэглэлтийн бодлого эхэлснээсээ хойш "Алибаба", "Тенсент" нарын нийгмийн хариуцлагын хандив, тусламжаас өөр тодорхой бодит ажил хийсэнгүй” гэж ярьжээ.
Мөн тэрбээр сүүлийн үед технологийн компаниудад их дарамт учрах болсон талаар "Олон салбарт маш олон шинэ шуурхай зохицуулалт хийж эхэлсэн. Энэ нь энгийн ард түмэнд эргэлзээ төрүүлж, асуулт үүсгэж эхэлжээ. Хэрэв Хятад улс илүү дотогшоо хандсан бодлого баримталж байгаа юм бол тэдэнд дэлхийн бусад улс орон үнэхээр хамаагүй гэсэн үг үү" гэх байр суурь илэрхийлэв.
ШИНЭ СОЦИАЛИЗМ
Нийтлэг хөгжил цэцэглэлтийн бодлогын гол зорилго нь Хятадын Коммунист намын хэлж байгаагаар нийгмийг тэгш эрхтэй болгох явдал юм. Тэгвэл энэ бодлого орчин цагийн дэлхийд социализмыг өөр өнцгөөс шинээр танилцуулах боломж ч болж магад.
Бээжингийн Хятад ба даяаршлын төвийн ажилтан Ван Хуияо "Коммунист нам одоо таксины жолооч, цагаач ажилчид, хүргэлтийн залуу хөвгүүд гэх мэт энгийн ажилчин ангийнханд санаа тавьдаг болжээ. Хятад улс барууны орнуудын туйлширсан нийгмээс зайлсхийхийг эрмэлзэж байна” гэжээ.
Гэхдээ олон жилийн турш Бээжинг ажигласан шинжээчдийн үзэж байгаагаар хэрвээ үнэхээр социализмыг Хятадын онцлог шинж болгон бусад оронд өөр өнцгөөс таниулах нь гол зорилго юм бол нийтлэг хөгжил цэцэглэлт зөв бодлого биш гэнэ.
Оксфордын их сургуулийн Хятад судлалын төвийн ажилтан Жорж Магнус "Энэ бол дорно дахины нэгэн үеийн хяналтыг улам чангалж байгаагаар Ши Жиньпиний хүч чадлыг элтгэж буй үйл явдал. Түүний шинэ бодлого Европ маягийн нийгмийн халамжийн загварыг хуулбарлахаас эрс ондоо зүйл. Харин ч намын зорилгыг биелүүлэх далд явуулгын шинжтэй байж болзошгүй. Хэт өндөр бөгөөд үндэслэл хомс орлогод татвар ногдуулж, намын захиалгат пүүсүүдийн эдийн засгийн зорилтыг биелүүлэхийн тулд дарамталж хандив цуглуулах нь тэдэнд илүү ашигтай" гэж тайлбарлалаа.
“УТОПИ” ХЯТАД
Нийтлэг хөгжил цэцэглэлтийн бодлого Ши Жиньпиний удирдлага дор Хятадын төр, нийгмийг хэрхэн нэгтгэн базаж, хялбар зохион байгуулах гол арга хэрэгсэл болох нь тодорхой байна.
Үүнийг биелүүлж, цаашлаад илүү тэгш эрхтэй нийгэм, илүү олон чинээлэг дундаж давхаргынхан, мөн авахаас төрдөө өгдөг компаниудтай болохын төлөө намын удирдлагууд олон сайхан амлалт өгчээ.
Түүнчлэн Коммунист нам үүгээрээ барууныхны амладаг нийгмийн үлгэр жишээг бүтээж нийтэд харуулан бишрүүлэх, нэг үгээр “утопи” Хятад болох найдлага тээсэн үйлдэл аж.
Гэхдээ хариуд нь илүү их хяналт, эрх мэдэл намын гарт очих болно. Хятад бол гадаадын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулах хамгийн хэцүү орчнуудын нэг байсаар ирсэн. Харин нийтлэг хөгжил цэцэглэлтийн бодлого хэрэгжсэнээр дэлхийн хоёр дахь том эдийн засаг улам хатуу чанга болно гэсэн үг юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ