АНУ-ын Засгийн газраас Covid-19-ийн эсрэг 899730 тун Пфайзер вакцин хүлээлгэн өгөх арга хэмжээг өнөөдөр Эрүүл мэндийн яам дээр зохион байгууллаа. Тус улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй тусламжийн хүрээнд 899730 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан, 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр хүлээн авснаар нийт 1.1 сая тун Пфайзер вакциныг АНУ-ын Засгийн газраас хүлээн авав.
Дээрх арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон ЭМЯ, АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо. Энэхүү тусламжийг хүлээн авах үеэрээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд Covid-19 цар тахлын эхэн үеэс АНУ-ын Засгийн газар Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх, сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Тэрээр Covid-19-ийн эсрэг 899730 тун Пфайзер вакцин хандивлаж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгаа бөгөөд эдгээр нь хүн амыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэн нийт хүн амыг Covid-19-ийн хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлон тэмдэглэлээ.
Элчин сайд Майкл Клечески хэлсэн үгэндээ Covid-19-ийн цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод АНУ-ын Засгийн газраас гуравдагч хөрш, дотны анд нөхрийн хувьд цаашид ч Монгол Улсын Covid-19-ийн цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ЭМЯ
Холбоотой мэдээ