“Осло-2021” ДАШТ-ий чөлөөт бөхийн сүүлийн өдөр буюу өнөөдөр (2021.10.07) дагах барилдаан хийсэн манай гурван бүсгүй бүгд ялалт байгуулснаар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Даваачимэг дагах барилдаандаа залуучуудын дэлхийн аварга Казахстаны 19 настай Нилуфар Раймоваг оноогоор цэвэр (10:0) яллаа. Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн Европын аваргын мөнгөн медальт Украины Соломиа Винниктэй хүч үзнэ.
Мөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тэрбээр дагах барилдаандаа Казахстаны Диана Кайюмоваг ялснаар сүүлийн дөрвөн дэлхийн аваргад дараалан медалийн төлөө барилдахаар болов. Б.Шоовдор дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртэх эсэхээ шийдэх барилдаанд АНУ-ын Майя Нильсонтой хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Э.Даваанасан дагах барилдаанд Азийн хошой аварга Энэтхэгийн Дивья Какраныг 6:2-оор яллаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө Германы Анна Шеллтэй барилдана.
Холбоотой мэдээ