ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак Германы эрх баригчид "Хойд урсгал 2" хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулснаар Европт үүсээд буй хийн үнийн хөөрөгдлийг шийдвэрлэх боломжтой гэж мэдэгдлээ. ОХУ-ын төрийн албан хаагч болон эрчим хүчний компаниудын дарга нарын уулзалтын үеэр энэхүү мэдэгдлийг хийсэн байна.
Цар тахлын нөхцөл байдлаас эргэн сэргэж буй Азийн улс орнуудад хийн эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нөөцийн хэмжээ багасч, улмаар үнийн хөөрөгдөл үүсээд байгаа билээ. Тухайлбал, хийн үнэ он гарснаас хойш бараг найм дахин өсч, Лхагва гаригт нэг мегаватт тутам нь 150 евро хүрсэн нь түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болжээ.
Новак уулзалтын үеэр "Одоогийн нөхцөл байдлыг нааштайгаар эргүүлэх хоёр үндсэн арга байгаа нь юуны өмнө Европын тал байгууламжийн ажил нь дууссан “Хойд урсгал 2”-т хий дамжуулах зөвшөөрөл яаралтай олгох" гэсэн юм. Гэвч энэхүү хоолой нь Европын эрчим хүчний салбарт Оросын нөлөөг нэмэгдүүлнэ гэж үзсэн АНУ-ын эсэргүүцэлтэй тулгараад буй.
Үүнээс гадна "Газпром"-ын цахим борлуулалтын платформ дахь хийн борлуулалтыг нэмэгдүүлснээр хийн үнийг бууруулах боломжтой гэж үзсэн байна. "Газпром" компани 2018 онд Европт хий худалдах зорилгоор уг платформыг байгуулсан ч наймдугаар сарын сүүлээс үйл ажиллагаагаа зогсоожээ.
Уулзалтыг даргалсан Ерөнхийлөгч Владимир Путин дээрх саналыг хүлээн зөвшөөрсөн ч Орос улс юуны өмнө дотоодын хийн хэрэгцээгээ хангах хэрэгтэй гэжээ. Газрын тосны аварга "Роснефть" компанийн тэргүүн Игорь Сечин уулзалтаар байгалийн хий экспортлох эрх хүссэн ч Путин ямар хариулт өгсөн нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: REUTERS