"Н.Уртнасан сайд аа, хушны самар бэлтгэх зөвшөөрөл бүү олгооч"

Хуучирсан мэдээ: 2021.10.07-нд нийтлэгдсэн

"Н.Уртнасан сайд аа, хушны самар бэлтгэх зөвшөөрөл бүү олгооч"

"Н.Уртнасан сайд аа, хушны самар бэлтгэх зөвшөөрөл бүү олгооч"

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ жил дөрвөн аймгийн есөн сумаас бусад аймаг сумдад үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгохгүйгээ мэдэгдсэн. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдад "Ойн судалгаа хөгжлийн төв"-өөс хийсэн судалгаанд үндэслэн, нийт 14 мянган тонн самар түүх зөвшөөрөл олгосон. Тус яамны гадна өнөөдөр (2021.10.07) салбарын сайд Н.Уртнасан хууль бусаар самрын компаниудад зөвшөөрөл олгож, байгаль орчин сүйтгэж байгааг эсэргүүцсэн залуус мэдээлэл хийлээ. 


"Тэнгэрлэг Монголын газар шороо" төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Өнөрхуяг:

-Бид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад өчигдөр (2021.10.06) шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад гурван асуудал тавьсан. Нэгдүгээрт, 2021 онд нэмж хуш модноос самар бэлтгэх зөвшөөрөл битгий олгооч ээ. Хоёрдугаарт, өмнө нь самар бэлтгэх зөвшөөрөл олгосон бол цуцлах хэрэгтэй. Гуравт, самар бэлтгэхтэй холбоотой зөвлөмжүүд нь амьдрал дээр огт хэрэгжих боломжгүй байдаг. Тиймээс энэ зөвлөмжийг амьдралд нийцүүлж гаргах шаардлагатай гэсэн. Салбар яамнаас 2021 онд самар бэлтгэх зөвшөөрөл олгох юм бол бид суулт зарлаж, эсэргүүцлээ илэрхийлэхэд бэлэн байна. Салбарын сайд дөрвөн аймгийн есөн суманд самар бэлтгэх зөвшөөрөл олгоно гэх мэдээлэл авсан. Хэрэв сайд нь энэ зөвшөөрлөө цуцлахгүй бол хуш мод сүйдэж дууслаа гэдгийг сануулах гэсэн юм.

ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.БЯМБА-ОЧИР:

-Дэлхийн хуш модны 1.8 хувь нь Монгол оронд ургадаг. Тиймээс бид хуш модоо хайрлан хамгаалах хэрэгтэй. Хятад иргэд хуш модны самрыг өндөр үнэ хэлж худалдан авч, монголчууд нь өөрсдөө хуш модоо сүйтгэж байгаа нь харамсалтай. Хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл нэрээр модыг насжилтгүй болгож байна. 50 жил насалсан нэг мод маш их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулж, усыг эргэлтэд оруулдаг. Төрийн тэргүүн У.Хүрэлсүх санаачлан тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ маш их сайшаалтай. Хэсэг бүлэг залуус нэгдэн, 2017 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны "Өндөр ширээтийн рашаан" гэдэг газарт 20 сая төгрөгөөр 3000 мод тарьсан. Бид 3000 модыг тарьсныхаа дараа тогтмол усалж, арчилж, малаас хамгаалж, хашаа татсан. Гэтэл ойд байгаа энэ сайхан хуш модоо сүйтгэж, устгаж байгаад харамсч байна. Бид ийм ажил хийлээ гэж сурталчлаад байдаггүй. Өөрсдөө хийсэн ажилтай, нийгэмд олон ажлыг санаачлан зохион байгуулсан.

Гэрэл зургийг Д.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж