Цагаатгагдсан Ю.Цэдэнбал

Хуучирсан мэдээ: 2021.10.07-нд нийтлэгдсэн

Цагаатгагдсан Ю.Цэдэнбал

Цагаатгагдсан Ю.Цэдэнбал

Ю.Цэдэнбал агсныг шүүхээс цагаатгажээ. Түүнээс өмнө түүний эхнэр А.И.Цэдэнбал-Филатоваг шүүх цагаатгасан юм. А.И.Цэдэнбал-Филатоваг цагаатгах гурван үндэслэлийг баримт тогтоогдоогүй гэж үзэн буцааж, харин түүнд олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгосон гэсэн үг.

Гэхдээ тэднийг шүүх биш нам нь хэлмэгдүүлсэн билээ. Ю.Цэдэнбалыг Монгол ардын хувьсгалт намын Төв хорооны 1990 оны VIII бүгд хурал түүнийг дарангуйлагч хэмээн цоллож намаас нь хөөсөн юм. Тэрхүү хуралд "Дарангуйлагчийг намаас хасаж, алдар цолыг нь хурааж, намын ариун нэрийг цэвэрлэе" гэж АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат (Анхны Ерөнхийлөгч) хэлж байсан нь “МАХН-ын ТХ-ны VIII бүгд хурал” (1990.173 дахь тал)-д тэмдэглэжээ. Монголын төрийг 44 жил удирдсан удирдагчаа буруутгах зүрх зоригтон ховор байсан ч Цэдэнбалыг 100 хувийн саналаар намаас хөөсөн тухай бүгд хурлын тогтоол гаргасан нь энэ нам асуудлыг хэрхэн шийдвэрлэж, санал хураалт гэж юу болдог байсныг гэрчлэх мэт.

Ю.Цэдэнбалын амьдралын тухай өгүүлэх  “Түүх мартахгүй” киног МАН-ын цогтой яруу найрагч, гишүүн Ж.Мөнхбат хийснийг бид үзсэн, харсан. Зураг авалт, ур чадварын хувьд өнөө цагийн киноны шүүлтүүрийг тэрхүү кино давж болох ч өнөө цагийн үнэт зүйлс, оюун санааны хувьд юу л бол. Товчхондоо социализмын үеийн тархи угаасан киноноос ялгарахгүй төдийгүй түүний хийсэн бүхнийг зөвтгөж, алдаа болгоныг өмөөрсөн нэг өнцгөөс харуулахыг зорьсон болохоос бүр ч явцуурсан нь ойлгомжтой.

Шүүхийн шийдвэрээр цагаатгагдсан учраас одоо Ю.Цэдэнбал шиг мундаг удирдагч, Монголыг бүтээгч, бүтээн байгуулалтыг түүчээлэгч гэж нам нь тоглолт хийх нь ойлгомжтой. Гэтэл хуучны түүх, бичлэгт бодит үнэнийг хэтэрхий гуйвуулж, өмч, үзэл санаа, амь бие, гэр бүлээрээ хэлмэгдэж зовсон хүмүүсийг, тэдний үр хойчийг яах юм бэ?

Энхрий хайрт намаа худал магтсан, долоосон, бусдыг нь харлуулсан, хавчсан хэрэггүй түүхийн бичлэгээ үргэлжлүүлэх үү?

Уг нь өнөө цагийн өнгөн дээр МАН өөрсдийн санаачлагаар түүхээ бодитоор нь бичиж, уучлалт гуйж, 100 жилээрээ эх орончдын сүнсийг амирлуулах ажил хиймээр. Хоосон хийрхэл хэнд хэрэгтэй юм бэ? Ю.Цэдэнбал, Х.Чойбалсанг хүний хайлан, амилсан бурхан мэтээр аягласаар байх юм уу? Гэтэл тэд чинь нэг нь Орост дагаар орох өргөдөл бичиг, нөгөө нь гуч, дөчин мянгаар нь монголчуудыг хядах ажлыг гардан удирдсан байдаг. Үүнийг нь кино хийж, “Өөр сонголт байгаагүй” гэж доромжилсоор байх уу? Бид хэзээ түүхээсээ сургамж авч, түүнийг давтахгүй, тойрч гарахын төлөө учиртай улс төр хийх бол….

МАХН-ын Төв Хорооны 1984 оны VIII бүгд хурал Ю.Цэдэнбалыг амаа олохгүй магтаж байснаа зургаахан жилийн дараа дарангуйлагч гэж үзсэн шиг явдал одоо ч давтагдсаар л байдаг.

Ю.Цэрэнбалыг намаасаа хөөсөн, өмч, хөрөнгийг нь хураан авсан зэргийг цагаатгаж болох ч гэлээ түүхийн тавцанд ял, гавьяаг нь ялгаж салгах боломжийг олгох л хэрэгтэй. Зорсон юм шиг тархитай залуусаас өөрөөр сэтгэдэг нь бурууддаг нийгмийг хүсээгүй бол шүү дээ.

Нам нь шарилыг нь хүртэл авахгүй гэж байхад “Төр нь иргэнээ авахгүй юм бол арми нь маршалаа авна” гэж хэлсэн Ш.Жадамба генералаас ч ичих хэрэгтэй. Ю.Цэдэнбалыг цагаатгах нэг хэрэг. Харин хэн юу гэж бодох нь өөр хэрэг.

МАН матрын нулимс унагахаа зогсоогоогүй цагт хэлмэгдүүлэлт үргэлжилсээр л байна гэдгийг Ерөнхий сайдуудаа хорьж, хүчээр ял тулгасан ойрын жилүүдийн түүх ч харуулаад байх шиг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж