Эрийн гурван наадмын холбоод хамтарч ажиллана | News.MN

Эрийн гурван наадмын холбоод хамтарч ажиллана

Эрийн гурван наадмын холбоод хамтарч ажиллана

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Үндэсний харваачдын холбоод хамтран ажиллана


Намрын адаг сарын шинийн 1-ний билэгтэй сайн энэ өдөр Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоод харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв.

Дэлхийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэгдсэн “Монгол Наадам”, түүний биет бус соёлын өвийг унаган төрхөөр нь хадгалах, хамгаалах, хойч үедээ тээн өвлүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлах, ёс жудгийг эрхэмлэх, харилцан хүндэтгэлтэй хандах, гажуудсан зөрчлийг арилгах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилготой уг санамж бичигт Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, Монголын үндэсний харваачдын холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван нар гарын үсэг зурсан юм.

Монголын ард түмний Үндэсний их баяр наадам бол Монгол Улс, Монгол үндэстэн, монгол хүний хувьд төрт ёс, тусгаар тогтнол, түүх соёл, эв нэгдэл, мандан бадрахын бэлгэдэл, Монгол үндэстний оюун санааны дархлаа, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламжлал бөгөөд үеийн үед мөнхлөн тэмдэглэж байх ёстой үнэт зүйл юм. Гэвч энэ жил тулгаp төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн үндэсний баяр наадмыг дэлхий нийтэд түгээд буй Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг энх тунх сайн цаг ирэхэд тэмдэглэхээр хойшлуулсан.

1990 оноос хойш анх удаагаа Монголын морин уралдаан, уяачдын холбооноос Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоотой хамтарч ажиллах санал санаачлага гаргаж, өнөөдөр ийнхүү ажил хэрэг болж, үйл хэргээ нэгтгэлээ. Тус холбоод Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн Газар, УИХ-ын гишүүдэд хандаж уриалга гаргах, хамтарсан хүсэлт шаардлага хүргүүлэх, монгол наадам соёлын өвтэй холбоотой Засгийн газрын чиг үүргийг үндэсний холбоодоор гүйцэтгүүлэх, баяр наадмыг тасалдуулах байх, ард иргэдийнхээ наадах эрх, оролцох оролцоог хангах зорилгын хүрээнд хамтран ажиллана.

Үндэсний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, нүүдэлчин түмний өв соёл болсон эрийн гурван наадмыг тойрсон, олны хэл ам дагуулсан допинг, цолны маргаан, бөхийн найраа, эрлийз, монгол морьдыг хольж уралдуулж буй байдлаа шийдэж чадахгүй өдийг хүрсэн. Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдан гарснаас долоон удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч зөвхөн цол гуншин олгох асуудлаас бусдаар дорвитой өөрчлөлт ороогүй юм. Энэ нь үндсэндээ хэлбэр төдий зүйл болж, өнөөдөр цол гуншин хавтгайрах эхлэл болсон гэхэд нэг их хилсдэхгүй.

УИХ-ын 2021 оны намрын чуулганаар “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх юм. Энэхүү хуулийн төслийг Шадар сайд болон ХЗДХЯ-аас санаачлан Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо зэрэг үндэсний холбоод, судлаачдын саналыг авч нэгтгэн уг хуулийн төсөлд тусгажээ.

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс үндэсний морин уралдаантай холбоотой саналыг энэхүү шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулжээ. Тодруулбал, монгол адууг геномын өвөрмөц дарааллаар нь генетик фондыг тогтоож, улмаар уралдах морьдыг генетикийн түвшинд ил тод  цахим бүртгэлжүүлэх, баяр наадмаар монгол зургаан насны ангиллаар монгол үүлдрийн адуугаар уралдах, унаач хүүхдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах заалтуудыг боловсруулж, санал өгөн тус шинэчилсэн найруулгад тусгуулсан байна.

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалтад Монгол Наадам соёлын биет бус өвийг 2010 онд бүртгүүлэхдээ “Эсгий туургатны нийгэм төрийн их баяр. Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Энэхүү баяр наадам нь нэн эрт үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байсан. Улмаар эрийн гурван наадам нь улс нийгмийн чанартай төрийн их баяр ёслол болсон бөгөөд хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг уралдуулдаг” гэж бүртгэсэн.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гээд “Монголын түүх, хэл соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авах…… биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлэх….” зэрэг нь соёл иргэншлийн аюулгүй байдлаа хамгаалах үндэс болохыг заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-07 202.126.89.18

Ядаргаа.

Avatar

Зочин 2021-10-07 45.151.167.10

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Huduu giin uyach 2021-10-07 192.82.91.50

Mongoliin Morin Sport Uyachdiin Holboo 26 jiliin tur sh Mongoliin hurdan morinii uraldaa nii hugjliin bodlogiig todorhoilj, idevhtei vil ajillagaa yavuulj baigaa ner hvndtei holboo baisaar atal 2019 onoos uursdiigee zarlan tunhaglasan negeehen ch uraldaan zohion baiguulj vzeegvi heden nuhud l sandal suudal bulaatsaldaj baigaa yum bna doo ! Kh kh kh

Avatar

Зочин 2021-10-07 202.126.89.212

Сурын холбоо хэл ам багатай, арай гайгүй нь байсан юм, одоо нөгөө 2-оо дагаад нохойн замаар орох нь дээ

Avatar

Зочин 2021-10-07 103.80.210.183

зүгээр тарж зайлж үз. ла й тай малууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж