Азид эрчим хүчний хомсдолоос болж эдийн засаг нь хямарч байгаа улс ганц Хятад биш бололтой. Түүнээс ч дутахааргүй том эдийн засаг бүхий Энэтхэгт цахилгаан станцуудын нүүрсний нөөц тун бага болсон учир ирэх саруудад цахилгааны хомсдол үүсэх нь гарцаагүй болжээ.
Азийн гурав дахь хамгийн том эдийн засагтай гэгддэг Энэтхэгийн нүүрс түлдэг нийт 135 цахилгаан станцын 63-д нь ердөө хоёрхон өдрийн нүүрсний нөөц үлдсэн байна. Түүгээр ч зогсохгүй Энэтхэгийн эрчим хүчний захиргааны төвөөс мэдээлснээр 17 цахилгаан станцад аль хэдийнэ нүүрсний нөөц бүрмөсөн дууссан аж. Нийлүүлээд бодвол нийт 75 цахилгаан станц таван өдрийн дотор ажиллагаагүй болох нөхцөл байдал үүсчээ.
Эдгээр нүүрс түлдэг цахилгаан станцууд Энэтхэгийн 70 хувийг эрчим хүчээр хангадаг аж. Хэдийгээр Энэтхэгийн нүүрсний яам энэ талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа ч ирэх 5-6 сарын хугацаанд байдал дээрдэхгүй талаар сонинд ярьжээ.
Зарим албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, цар тахал болон байгалийн гамшгуудаас шалтгаалж нүүрсний олборлолт, тээвэр удааширсан нь үүний гол шалтгаан юм. Түүнчлэн нүүрс импорт нь дөнгөж сэргэж буй эдийн засагт нь ээлгүй байгаа учир импортлох бодолгүй байгаа аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ