Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллав

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллав

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр МХЕГ-т ажиллалаа. Цар тахлын энэ үед мэргэжлийн хяналтын байгууллага Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хяналт шалгалтын 90 хувийг чиглүүлж, төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог эрс цөөрүүлэн ажиллаж байна.

Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагын энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 25 зорилт 185 арга хэмжээний биелэлт 47.8%-тай, төлөвлөгөөт хяналт шалгалт 11.1%-тай, зөвлөн туслах үйлчилгээ 14.2%-тай хэрэгжиж байна. Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөний биелэлт бага байгаа хэдий ч төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан объектуудын хууль сахин мөрдөлтийн түвшин 70%, эрсдэл үүсэх магадлал 30.9%-тай байгаа нь өмнөх оноос сайжирсан үзүүлэлт юм.

МХЕГ-ын дарга Т.Гантулга болон хяналтын газрын дарга нар ойрын үед хийж хэрэгжүүлж, шийдвэрлэж буй ажил, тулгамдсан асуудлуудаа энэ үеэр Шадар сайдад танилцуулж, мэдээлэл өглөө.

“Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д мэргэжлийн хяналтын салбарын гол хууль болох Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулах ажил тусгагдсан бөгөөд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр тус хуулийн 70-с доошгүй хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлага байна гэж үзжээ. Иймд МХЕГ-аас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн Шинэчилсэн найруулгыг “хяналт шалгалтын тогтолцоо, төрөл, хяналт шалгалт хийх нийтлэг журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалах, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд тавих хяналт, мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн эрх зүйн байдал, түүнтэй холбогдсон харилцааг боловсронгуй болгох” чиглэлээр Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран хийж байна.

МХЕГ-аас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлдэг төрийн үйлчилгээг хялбар, ил тод, иргэний хяналттай, цахим болгох үүднээс “Монгол Улсын Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим засаглалыг хэрэгжүүлэх үндэсний хэмжээний цогц бодлогын E-MONGOLIA хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэрэглэгч төвтэй хяналт шалгалтыг бий болгох зорилгоор “Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд www.igov.mn цахим системийг ашиглалтад оруулаад байна.

Мөн Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах” төслийн хүрээнд Монгол Улсын хилийн Замын-Үүд, Алтанбулаг боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албад, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилга, Алтанбулаг боомтод хилийн хорио цээрийн байгууламжийг барих ажил хийгдэж байна. Барилга байгууламжийг 2022 онд багтаан ашиглалтад оруулна.

Шадар сайд С.Амарсайхан цар тахлын хүнд цаг үед улсын хилээр халдвар зөөвөрлөгдөхөөс урьдчилан сэргийлэхээс эхлээд худалдаа, үйлчилгээний салбарт халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, халдваргүйжүүлэлтийг чанартай гүйцэтгүүлэх зэргээр өндөр ачаалалтай, оролцоо ихтэй ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархал илэрхийлээд дараах үүрэг чиглэлийг өглөө.

  • Дижитал шилжилтийг бодитой хэрэгжүүлэхэд үлгэрлэн манлайлж, хүний оролцоог бууруулсан, ил тод, нээлттэй, цахим системийн хэрэглээг хэвшүүлэх, хөгжүүлэлтийг хийх, хоорондын уялдаа холбоог сайжруулах
  • Цар тахлын энэ цаг үед хувийн хэвшил, аж ахуйн нэгжид зөвлөн туслаж дэмжих, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд анхаарч үйл ажиллагааг нь хэвийн, нээлттэй явуулан цар тахлыг хамтдаа даван туулах, удаа дараа зөрчил гаргасан, алдаа дутагдлаа засаж сайжруулаагүй тохиолдолд холбогдох арга хэмжээг авах,
  • Болзошгүй гамшиг, эрсдэлийг тооцоолох, бууруулахтай холбоотой ажлуудыг хийх, Тухайлбал, аливаа бүтээгдэхүүнийг улсын хилээр орж ирэхээс өмнө чанар стандартыг хангуулах,
  • Улсын байцаагчид хэрэгжилтийг хангуулж буй хууль, дүрэм журмаа иргэд, аж ахуйн нэгжид зөв тайлбарлах, мэдээлэл өгөх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах
  • Дэлхий нийтээр коронавируст халдвартай дасан зохицож амьдрах цаг үе рүү орж байгаа тул ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, оновчтой, цомхон, илүү үр дүнтэй ажиллах бэлтгэлийг хангах
  • Аймгийн МХГ, хилийн Мэргэжлийн хяналтын албад, ялангуяа томоохон боомтууд дахь хяналтын албад салбар хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, үйл ажиллагаагаа оновчтой болгож, ажлаа үр дүнтэй, илүү бүтээлчээр ажиллахад анхаарах зэрэг үүрэг чиглэл өгөв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж