Зөвлөн туслах үйлчилгээ, түр журмын хэрэгжилт:
Орон нутгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 2045 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, түр журмын хэрэгжилтэд хяналт тавьсан. Шалгалтаар 4302 зөрчил илрүүлэн 47.3 хувийг нь газар дээр нь арилгуулав. Орон нутгийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудад ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, QR код байршуулж бүртгээгүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ, хаалт байрлуулаагүй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийгээгүй зөрчил нийтлэг илэрч байна.
Нийслэлийн хэмжээнд 2498 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн шалгалтад хамрагдаж, 11 хуулийн этгээд, 21 иргэнд 14.1 сая төгрөгийн торгууль ногдуулж, 10 газарт хугацаатай албан шаардлага өгчээ. Мөн хадгалалтын горим алдагдсан, хаяг шошгын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулж устгуулсан байна.
Вакцинжуулалт:
Орон нутгийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд нэг чигийн урсгалгүй, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх бодисоор хангагдаагүй, нүүрний хаалтны нөөцгүй зэрэг дутагдал илэрчээ. Түүнчлэн тарилгын явцад судас таарсан, тариур шаардлага хангаагүй зэрэг шалтгаанаар дөрвөн аймагт 10 хүн/тун Вероцелл вакцин устгагдсан байна.
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 21 цэгт хяналт шалгалт хийж найман зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Шалгалтаар иргэдийн халууныг хэмжээгүй, нэг удаагийн халад шаардлага хангахгүй, гар халдваргүйжүүлэх уусмал хүрэлцээгүй, хог хаягдлын сав байхгүй, цэгийн урсгал хөдөлгөөнийг буруу зохион байгуулсан, хүлээлгийн болон ажиглалтын хэсэг нэг дор зохион байгуулсан, хүн хоорондын зай бариулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Татан авалт: Тавдугаар сарын 27-нд 100620 хүн/тун Файзер вакцин, уусгагчын хамт импортлох үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас тээвэрлэлт, хадгалалтын явцад хяналт тавин ажилласан бөгөөд вакцины хүйтэн хэлхээний горим, аюулгүй байдал алдагдаагүй байв. Орон нутаг руу тээвэрлэж буй вакцины хүйтэн хэлхээний горим, тээвэрлэлт, хадгалалтад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавин ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс хойш орон нутаг руу 1.9 сая хүн/тун Вероцелл вакцин, 5538 хүн/тун Спутник V вакцин, 4690 хүн/тун АстраЗенека вакцин, 810 хүн/тун Файзер вакцин тээвэрлэжээ.
Халдваргүйжүүлэлт:
Улсын хэмжээнд нийт 1195 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 619.721 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 439 объектын 165.489 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.
Хилийн хяналт шалгалт:
Улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд 05.24-29-ний өдрийг дуустал хугацаанд улсын хилээр орсон 5899 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 6547 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, 1103 зорчигчийг ажиглалт, тусгаарлалтад шилжүүлэв.
Мөн улсын хилээр гарсан 5389 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 5961 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн.