Халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийг шалгав

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийг шалгав

Улсын Онцгой комиссын даргын тушаал, удирдамжийн хүрээнд яамдын сайд нараар ахлуулсан Шуурхай зохицуулалтын хэсгүүд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй худалдаа, үйлдвэр, үйлчилгээний байгууллага, бизнес эрхлэгчидтэй уулзаж халдвар хамгааллын дэглэм, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгуулан зөвлөмж, чиглэл өгч, нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Шуурхай зохицуулалтын хэсгүүд найман чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, кафед 03.27-04.02-ны өдрүүдэд хяналт тавьж ажиллалаа. Энэ хугацаанд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 58 аж ахуйн нэгжийн баар, ресторан, кафед хяналт шалгалт хийж, яриа таниулга, зөвлөгөө санамж өгөн мэдээллээр хангав.

Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж, ажилчдын биеийн халууныг тогтмол үзэж хэвшсэн, бүртгэл хөтлөлттэй, ажилчдыг халдвар хамгааллын хэрэгслээр бүрэн хангасан, кассын дэргэд тунгалаг хаалт байршуулсан, халдваргүйжүүлэх уусмалыг шаардлагатай бүх цэгт байршуулж, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах түр өрөөг бэлтгэсэн, анхны тусламжийн иж бүрдэл, хамгаалах хувцас хэрэгслийг бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд цөөнгүй байв. Тухайлбал, ХУД-т үйл ажиллагаа явуулж буй Лондон паб, Астра плэйс лоунж бар, СБД-т үйл ажиллагаа явуулж буй Цэ баар, Дабл шот кафе зэрэг.

Хяналт шалгалтаар халдвар хамгааллын дэглэм болон согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой 215 зөрчил илрүүлж 105 зөрчлийг газар дээр нь арилгуулан, эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Илэрч буй зөрчлүүдийг дурдвал:

  • QR код уншуулдаггүй, бүртгэл хөтөлдөггүй,

  • Ажиллагсад халдвар хамгааллын хэрэгслийг бүрэн хэрэглэж хэвшээгүй, бээлий, нүүрний хаалтгүй,

  • Үйлчлүүлэгчид ширээ болон хүн хоорондын зай барих боломжгүй,

  • Хэрэглэсэн аяга тавгыг зааврын дагуу угааж, халдваргүйжүүлдэггүй,

  • Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй, халдваргүйжүүлэх, хамгаалах хэрэгслийн нөөцгүй,

  • Халдвараас сэргийлэх заавар, зөвлөмжийг шаардлагатай хэсгүүдэд байршуулаагүй зөрчил нийтлэг илэрчээ.

Мөн стандартын төрөл, ангилалд нийцэхгүй, гадна хаяг болон дотоод тохижилт нь баарны зориулалттай, тухайн дүүргийн холбогдох байгууллагуудаас олгосон зөвшөөрлийн үйл ажиллагааны төрөл нь баарны ангилалтай байхад Улаанбаатар хотын ЗАА-наас рестораны тусгай зөвшөөрөл олгожээ.

Зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуйн нэгжид 59 заалт бүхий албан шаардлага өгч, гурван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 13 аж ахуйн нэгжид холбогдох хуулийн дагуу шийтгэвэр ногдууллаа.

Хяналт шалгалтаар баар, цэнгээний газруудад коронавируст халдвар /ковид-19/-аас сэргийлэх түр журмын биелэлт хангалтгүй байгаа тул аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, ажилтнуудыг мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, улмаар удаа дараа зөрчил гаргасан, зөрчлөө арилгаагүй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх боломжгүй аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагааг хориглох нь халдвар тархах эрсдэлийг бууруулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж