Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгээс монгол хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байгаа талаар өнөөдөр (2021.10.07) мэдээллээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Эрх мэдэлтнүүдийн эсрэг жагсахдаа өөрсдөөс нь зөвшөөрөл авдаг тогтолцоо Монгол Улсад бүрдэж байна. Хүний эрх, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх эрхийг бүдүүлгээр зөрчиж байгааг эсэргүүцэж байна.
Өнөөдөр улсыг удирдаж байгаа хүмүүс ямар ч бодлогогүй, чадваргүй байгааг харж байна. МАН засаглаж эхэлсэн цагаас эдийн засаг тогтворгүй болж, нийгэмд эмх замбараагүй байдал бий болж байна. Засгийн газар УИХ-ын дээр мордлоо. Эрүүгийн хуулиар хүмүүсийг барьж, хорьж, цагддаг жишиг тогтоод байна. Цагдаа МАН-ын дарангуйллын зэвсэг боллоо. Тиймээс нэн даруй Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг шинэчлэх шаардлагатай байна. Дурын хүнээ дарамталдаг, хорьдог байх тогтолцоог үгүй хийх хэрэгтэй. Троллуудыг хөлслөж, иргэдийг айлгаж байна. Иргэнээ дарамталдаг засаглалтай улс хөгжихгүй. АН эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийн төлөө тууштай явах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
АН-ын дарга М.ТУЛГАТ:
-Засгийн газрыг огцруулах шаардлагыг цаашид тууштай дэмжинэ. Монгол Улсад хүний эрхийг уландаа гишгэж болдог гэдгийг МАН-ынхан харуулж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг боомилж, ардчилсан бус зарчмаар олонх болж, хүч түрэмгийлж буй нь хууль бус юм. Улс орныг засаглах ямар ч чадамжгүй хүмүүс төрд байна. Сөрөг хүчний хувьд цаашид энэхүү дарангуйллын системийг тэвчихгүйгээ хэлье. Цагдаа бол дарангуйлах хүч, хэрэгсэл биш. Монголын цагдааг эрх баригчид удирдаж байна. Ард иргэд рүүгээ дайрдаг төр засаг байх ёсгүй. Тиймээс Засгийн газар огцрох ёстой. Covid-19-ийг далимдуулж дарангуйллыг бүр хүчтэй болголоо. Үүнийг эсэргүүцсэн хэнд ч ял оноож, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцож байна. Цаашид ийм жишиг байх ёсгүй. Үүнтэй эвлэрч болохгүй.