Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн худалдааны хэлтсийн дарга Жон Чен, Улс төрийн хэлтсийн дарга Кейли Басби нартай цахимаар уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг даргын зүгээс дүүрэгт тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг байгуулахаар ажиллаж байгаагаа онцлоод дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар танилцуулсан юм.
Талууд төрийн үйлчилгээг цахимжуулах шинэ технологийг нэвтрүүлэх асуудлаар харилцан санал солилцов.
Түүнчлэн дүүргийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Олон үндэсний хэв шинжийг агуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл дээр ЭСЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгааг уламжлав.
АНУ-ын ЭСЯ-аас Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр ундны усны эх үүсвэрийг хамгаалах 350 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж байгаа талаар дурдаад Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Мөн Баянзүрх дүүрэгт төрийн үйлчилгээг иргэдэд нэг цонхоор чирэгдэлгүй, түргэн шуурхай цахимаар хүргэх нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөлд хамтран ажиллах боломжтой гэдгээ онцолсон юм.
Цаашид хоёр тал нийгэм, эдийн засаг, соёлын харилцаа, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрт идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.
Эх суравалж: БЗД
Холбоотой мэдээ