"Цагдааг дарангуйллын хэрэгсэл болгож болохгүй"

Хуучирсан мэдээ: 2021.10.07-нд нийтлэгдсэн

"Цагдааг дарангуйллын хэрэгсэл болгож болохгүй"

"Цагдааг дарангуйллын хэрэгсэл болгож болохгүй"

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна өчигдөр (2021.10.06) “Nodoublestandart” хөдөлгөөнийг дэмжигч иргэд суулт хийсэн. Учир нь тус хөдөлгөөнийг санаачлагч Д.Монголхүү болон түүний өмгөөлөгчийг цагдан хорьсныг иргэд эсэргүүцсэн билээ. Гэвч тус суулт зарлаж байсан иргэдийг цагдаа нар хүч хэрэглэн баривчилсан. Үүнийг иргэд төр иргэдээ дарангуйлсан, үг хэлэх эрх чөлөөнд нь халдсан явдал боллоо гэж дүгнэж байна. Бид тус суултын үеэр иргэдэд халдсан үйлдлийн талаар хүмүүс ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

ШОРОНЖСОН СИСТЕМТЭЙ ЭРҮҮГИЙН БОДЛОГЫГ ЦААШИД ХАЛАХ ЁСТОЙ

АРДЧИЛСАН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР: 

-Монгол Улсын Үндсэн хуулиар хүн үзэл бодолтой байх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй. Энэ эрх чөлөөг бусад хууль, дүрэм журам, албан тушаалтны гаргасан шийдвэрээр хязгаарлах үндэслэл байхгүй. Учир нь Үндсэн хууль бол ардчилсан нийгмийн юутай ч харьцуулшгүй хамгийн дээд үнэт зүйл байдаг. Тэгэхлээр энэ эрхийг хангах боломж олгох ёстой. Хоёрдугаарт, хүмүүст эрх чөлөөгөө хамгаалж, үзэл бодлоо илэрхийлсэн, итгэл үнэмшилтэй байсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглосон байдаг. Шоронжуулдаг системтэй эрүүгийн бодлогыг Монгол Улс цаашид халах, өөрчлөх ёстой. Эрх баригчид гарч ирснээр Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг шинэчилсэн. Тэдгээр хууль болохгүй байгаагийн тод жишээ нь суулт дээр байсан иргэдийг албадан баривчилсан явдал. Эрх баригчид цагдааг дарангуйллын хэрэгсэл болгож болохгүй.

ЦАГДАА ИРГЭДИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛДАГГҮЙН ТОД ЖИШЭЭ

Иргэн О.Магнай:

-Хүний эрх, эрх чөлөө Монгол Улсад үгүй болоход ойрхон болсон байна. Бид Үндсэн хуулиар баталгаажсан эрхийнхээ хүрээнд суулт хийж байна. Цагдаа нар ч мөн хуулийн дагуу ажиллах ёстой. Гэтэл цагдаа нар хууль ярихгүйгээр дарга дотогш оруулахгүй гэсэн шаардлага тавьж байгаа нь утгагүй байна. Цагдаа нар эрх мэдэлтнүүдийн талд үйлчлээд ирэхээр л хууль замхарч байна. Дээд албан тушаалтан нь мэдлэг боловсролгүй, хуулиа мэдэхгүй учраас цагдаагийн байгууллагыг хүч түрэмгийлэн ашиглаж байна. Монголын төр ичих ёстой. Цагдаа иргэдийн эрх чөлөөг хамгаалах гэж ажилладаг байтал өнөөдөр эсрэгээрээ байна. Эрх мэдэлтнүүдийн энэ мэт увайгүй үйлдлийг таслан зогсоохын тулд бид "nodoublestandart"-ыг дэмжиж байна. Ерөнхий сайд, өндөр дээд тушаалтнууд нь “Digital nation” гэх мэт өчнөөн олон мянган хүн цуглуулсан арга хэмжээ зохион байгуулаад, нэг ч удаа хариуцлага хүлээгээгүй. Гэтэл өнөөдөр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг хүч түрэмгийлэн баривчиллаа. Ардчиллын хамгийн гол үнэт зүйл нь хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Гэтэл өнөөдөр дарга нарын дураараа аашлахад гаргадаг зэвсэг нь цагдаа болсон байна. Засгийн газар цар тахлаар далимдуулан иргэдийн үндсэн эрх чөлөө буюу жагсах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө рүү халдаж байна. Энд зогсож байгаа хүмүүс Үндсэн хуулиа хамгаалж байна. Цагдаагийн нэг хурандаа ирээд, Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж болохгүй. Би хэдэн өдөр харж суулаа. Гэтэл олон олон залуусыг баривчилж эхэлсэн учраас гарч ирлээ. Өнөөдөр л бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалахгүй юм бол дараа нь цусаар уйлаад ч олж авч чадахгүй шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.

ИРГЭН, ДАРГАД ЭРХ ТЭГШ БУС ҮЙЛЧИЛДЭГ ЦАГДАА НАРЫГ БУРУУТГАХ АРГАГҮЙ

ИРГЭН С.ЭРДЭНЭБОЛД:

-Төрийн институцыг парламентын засаглалтай байхаар  тогтоосон. Ингэснээр хамгийн чухал зүйл нь засаглалын тэнцвэртэй байдлыг хангах юм. Өнөөдөр Монголд гүйцэтгэх засаглал иргэний эрх чөлөөг хамгаалж, хууль хүн бүрд тэгш үйлчлэх хэрэгжилтийг хангах ёстой. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд цагдаагийн алба хаагчид иргэн, даргад ижил тэгш бус үйлчилдэг болсон. Тиймээс бид “Nodoublestandart” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Давхар стандартыг эсэргүүцсэн, оролцсон хүмүүсийг өчигдрөөс эхэлж баривчилж, хүний эрхэд ноцтой халдаж байгаад бухимдаж байна. Эдийн засаг хүнд байгаа, халдварын тархалт өндөр байгаа ч хүний заяамал эрхийг зөрчиж байна. Импорт зогссон, экспорт гацаанд орсон байхад төр удирдаж байгаа хүмүүс хангалттай ажиллаж чадахгүй байгааг иргэд эсэргүүцэж байна. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг барьж, хорьж, иргэний эрхийг нь ноцтой зөрчиж, хүч хэрэглэж байгааг эсэргүүцэж байна. Иргэд төрөөс гаргаж байгаа зарчмын шаардлагуудыг биелүүлсээр ирсэн. Харин төрд зүй ёсны шаардлага тавихад тэд хүлээж авахгүй, хүч хэрэглэж байгаа юм. Би Д.Монголхүү, н.Ган-Очир гэдэг хүмүүсийг танихгүй. Эрхийнхээ төлөө энэ суултыг дэмжиж байна. Төр коммунист үйлдэл гаргаж болохгүй. Хүмүүс маш их айдастай байна. Монголын цагдааг буруутгах гэхээс илүүтэй үүрэг өгч байгаа албан тушаалтнуудыг эсэргүүцэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар яагаад иргэдийнхээ үзэл бодол, шаардлагыг сонсч, хүлээж авч чадахгүй байна вэ? Мэдээж Хууль зүй, дотоод хэргийн яам гүйцэтгэх засаглалд шууд оролцох боломжгүй. Гэхдээ иргэдийнхээ үзэл бодлыг хүлээж авах ёстой. Энэ сайдын хувьд ч тэр, улстөрч хүний хувьд ч ялгаагүй үйлчлэх ёстой. Иргэдийнхээ эрх чөлөөг бүдүүлгээр зөрчихөө болихыг шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж